Засгийн газраас зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гарган борлуулснаа уржигдар мэдээллээ. Түүнчлэн энэ онд төлөх 5.1 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд барагдуулах 8.6 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг эргүүлэн худалдан авах өрийн зохицуулалт хийжээ. Түүнчлэн “Сен чири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч татан төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 3.2 дахин өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харуулсан аж. Үүнээс гадна Засгийн газраас өрийн зохицуулалт хийн, 2028 онд төлөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулсан байна. Ингэснээр 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөг хэмнэн, төсөв болон төлбөрийн тэнцэлд учрах гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, валютын ханшийг тогтвортой барих боломж бүрдэж буйг Сангийн яамнаас мэдээлэв. Харин өрийг өрөөр дарж, түр хугацаанд “гал унтраах” хэлбэрээр бонд гаргах нь хүүгийн төлбөрт “унах”, улмаар ДНБ-д эзлэх өрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн тооцдог. Үүний улмаас зээлжих зэрэглэл буурах, төсвийн тодорхой хувийг хүү төлөхөд зарцуулсаар байх, эдийн засгийн өсөлтийг сааруулах, бондыг ам.доллароор гаргадаг учраас валютын ханш “чангарах” зэрэг сөрөг үр дагавартай гэдэг.
Ташрамд дурдахад, манай улс 2026-2028 онд барагдуулах “Номад”, “Сенчири”, “Хүннү” бондын үндсэн төлбөр нь 1.65 тэрбум ам.доллар бол хүү нь 104.5 сая “ногоон” аж.
С.Дулам