Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг өчигдөр танилцууллаа. Тус тайланд 2026 онд Монгол Улсын ДНБ таван хувиар өсөхийг дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 6.8 хувийн өсөлтөөс буурах үзүүлэлт боловч эдийн засаг харьцангуй тогтвортой байх гэнэ.
2025 онд Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт огцом нэмэгдсэн бол энэ жил буурч, өсөлт нь саарах төлөвтэй гэнэ. Түнчлэн хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх ч өнгөрсөн оных шиг өндөр байхгүй, эдийн засагт харьцангуй бага хэмжээний дэмжлэг болох юм байна. Харин барилгын салбар идэвхжин үүнээс үүдэн импортын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт сайжрах төлөвтэй аж. Мөн энэ жил өрхийн хэрэглээ их байх ч инфляцын түвшин өндөр байж бодит худалдан авах чадварыг бууруулах магадлал үүсжээ.
Нэрлэсэн цалингийн өсөлт саарч, хэрэглээний зээлийг хумих бодлогын нөлөөгөөр банкны салбар дахь зээлийн өсөлт буурч, өрхийн хэрэглээ танагдах гэнэ. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого, санхүүжилт буурч, хэрэглээ хумигдах эрсдэл үүссэнийг онцоллоо. Тэгвэл хувийн хэвшлийнхний хувьд банкууд бизнесийг дэмжих зээл түлхүү олгож байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалт нь нэмэгдэх ч шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэлийн зардал ахин, бизнес эрхлэгчдэд дарамт болохыг дээрх тайланд тэмдэглэжээ.
С.Дулам