Манай улсын нүүрсний геологийн нөөц 173, баталгаажсан нь 37.3 тэрбум тонн. Нүүрсний батлагдсан нөөцөөр тэргүүлдэг хамгийн том бүс нь Тавантолгойн бүлэг орд. Эл бүлэг ордын нөөц нь 5.7 орчим тэрбум тонн. Энэ нь өдгөө мэдэгдэж буй нийт баталгаат нөөцийн зургааны нэгтэй дүйцэхүйц дүн. Ийм их нөөцтэй бүсэд бараг монгол хүн бүр хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) компани үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, тус компанийн нийт 12 тэрбум ширхэг хувьцааны 73.5 хувь нь Засгийн газар буюу “Эрдэнэс Монгол” компанид, 0.1 хувь нь аж ахуйн нэгжүүдэд, 26.4 хувь нь иргэдэд бий. Өөрөөр хэлбэл, нийт 3.1 тэрбум гаруй ширхэг хувьцаа, 3.4 сая гаруй хүнд байгаа хэрэг. Хүмүүс ч анх 1072 ширхэг хувьцаатай болж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжтой боллоо хэмээн баярлаж байснаас хойш даруй 14 жил өнгөрлөө. Уг нь хувьцаа гэдэг бол бодит хөрөнгө. Зарж, худалдан авч, ногдол ашиг олж, өгөөжийг нь хүртэж байх учиртай. Гэтэл ямар ч “хөдөлгөөн алга”.
Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газраас 1072 хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг нас барсан хувьцаа эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг зургаадугаар сараас нь хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн. Гэтэл эл шийдвэрийг хэрэгжүүлэхэд ч хүндрэлтэй байна. Энэ талаар иргэн Г.Очир “Өнгөрсөн зургаадугаар сараас 1072 хувьцааг эзэмшиж байгаад нас барсан иргэний хууль ёсны өвлөгч нь өвлөн, ногдол ашгийг нь авах эрхтэй боллоо гэж ойлгосон. Гэтэл нас барсан хүүхдийнхээ хувьцааг өвлөж болох ч, эцэг, эхийнхийг бүртгэж өгөхгүй байна. Аав, ээж хоёр минь 2021-2023 онд өөд болсон. Би нэг эрэгтэй дүүтэй, гадаадад амьдардаг. Би аав, ээж хоёрынхоо өв залгамжлагч болж 1072 хувьцааг нь авахаар хандтал бүтсэнгүй. Нэг нотариатч ааваар чинь хоёр л хүүхэд овоглодог гэдгийг, нэг нь өв залгамжлах эрхээсээ татгалзсаныг нотолбол баталж өгье гэсэн. Дүү маань өв залгамжлах эрхээсээ татгалзана гэдгээ итгэмжлэх байдлаар ирүүлчхэж болно. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас аав, ээжийг маань хоёр л хүүхэдтэй байсан гэсэн лавлагаа гаргаж өгөхгүй, тийм лавлагаа байхгүй гэсэн. Өв залгамжлах эрх шилжүүлэх шийдвэр нь Монгол Улсын иргэний хуультай зөрчилдөж байгаа юм билээ. Тиймээс Засгийн газрын шийдвэр гарснаас багадаа нэг жилийн дараа буюу ирэх зургаадугаар сарын 1-нээс хойш өв залгамжлал шилжүүлэх, эсэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ч Нотариачдын танхимд Иргэний хуулийн агуулгаа барих нь зөв гэсэн албан бичиг хүргүүлсэн гэсэн. Тиймээс наанадаж 2027 оны зургаадугаар сарыг хүлээх нь” гэв. Үүнийг лавлаж харвал Иргэний хуулийн 531.2 болон Нотариатын үйл хийх зааврын 8.3-т өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн байгаа юм. Гэхдээ өөр өв залгамжлагч байхгүй нь баримтаар нотлогдвол дээрх хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохоор заажээ. Хэрэв тухайн нотариатч өв залгамжлах өөр хүн байхгүй гэдгийг нотолж ойлговол эрхийн гэрчилгээг нь цаг алдуулахгүй бичиж өгнө, үгүй бол нэг жил хүлээнэ гэсэн үг.
Үүнээс гадна 1072 хувьцааны нэгжийн үнэ 933 төгрөг байгаа нь бодит бус үнэлгээ гэх хүн олон байна. Эл ханшийг 2014 онд ЭТТ-н үнэлгээг 14 их наяд төгрөг хэмээн тооцож, захиргааны аргаар гаргасан дүнгээс үндэслэсэн аж. Энэ талаар Эдийн засагч, судлаач Б.Батпүрэв “Зүй нь тухайн компанийн хувьцааны ханшийг зах зээлийнх нь үнэлгээтэй уялдуулж тооцдог. Гэтэл ЭТТ компанийн хувьд 2014 оноос хойш үнэлгээгээ шинэчилж гаргаагүй байгаа бөгөөд нүүрсний үнэ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, компанийн ашигт ажиллагаа сайжирч буй дүр зураг бий. Нөгөө талаас нээлттэй хувьцаат компани болгоход хувьцааных нь үнэ одоогийнхоос багасвал яах вэ. Засгийн газраас нэгж хувьцааны үнийн зөрүүг өгөх үү, өөрсдөө худалдаж авах уу гээд асуудал үүснэ. Сүүлд ирэх оны төсвийн төслийг дагуулж 1072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг нээнэ, чөлөөтэй арилждаг болгоно гэсэн шийдэл оруулж ирсэн байсан. Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл ч явж байна лээ. Эдгээрийн нэг сайн тал нь хувьцаагаа амь оруулж, зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Гэхдээ худалдах доод үнэ, үнийн баталгаа, өвлүүлэх, гадаадын иргэдэд борлуулах, эсэх тухай асуудлыг орхигдуулсан. Үүнээс гадна хамгийн чухал нь хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээс өмнө компанийн IPO-г хийсэн байх учиртай. Үүнд хэрхэн бэлтгэж, юу хийж байгаа нь тодорхойгүй байхад л хувьцаа өвлүүлэхээр боллоо гэж яриад байх юм. IPO хийх бэлтгэлд багадаа гурван жил зарцуулна” гэв. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгох, иргэд хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж болох эсэх, асуудлаар юу хийж байгааг нь тодрууллаа. Тус газрын мэргэжилтэн “Төрийн өмчит компаниудыг нэгтгэх, хувьчлах, олон нийтэд санал болгохоор цөөнгүй ажил хийж байна. Үүний хүрээнд ЭТТ-г эхний ээлжид дотоодын хөрөнгийн зах зээлд гарган, хувьцааг нь биржээр борлуулахаар зорьж буй. Эл ажлын бэлтгэлийг ирэх оны эхний хагас жилд эхлүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор нэгж хувьцааны үнэ, хувьцаа эзэмшигчдийн саналын эрх ямар байх талаар шийд гараагүй” гэсэн товч мэдээлэл өгөв. Тэгвэл “Төрийн өмчит компанийн IPO бодлогын зөвлөмж” судалгааг танилцуулсан судлаач, доктор Я.Буддаян-Оч “ЭТТ-н IPO-г хийхийн өмнө бэлтгэл ажил маш их бий. Ер нь төрийн өмчит компанийн IPO-г хийхийн тулд 12 үе шат бүхий ажил хийх ёстой гэж болно. Стратегийн шинэчлэлээс эхлүүлэн IPO-гийн дараах хяналт хүртэл багц ажлуудыг хийх учиртай. Ингэхэд таван жил зарцуулна. Бид 2027 онд ЭТТ-той холбоотой ажлыг эхлүүллээ гэхэд 2032 хүрнэ гэсэн үг. Мөн олонх иргэн 1072 хувьцаатай гэвэл үүнээс 1000-ыг “түгжин”, 72-ыг нь борлуулах боломж олговол зүйтэй санагдсан. 1000 нь баялгийн санд ямар нэгэн хэлбэрээр байршин хөрөнгө оруулалт хэлбэрээр өгөөжөө өгч байвал зүгээр. Хэрэв хүмүүс хувьцаагаа борлуулаад эхэлбэл цөөн хүн, аж ахуйн нэгжид төвлөрөх магадлалтай учраас байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэнэ гэсэн бодлого алдагдана. Бас хувьцаагаа гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдэд зарж болох, эсэхийг нарийн шийдэх хэрэгтэй. Түүнчлэн нас барсан иргэний хувьцааг өвлүүлэх зорилгын хүрээнд нэг удаагийн ногдол ашиг олгоод, шинэ төрж буй хүүхдүүдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэх маягаар бүх хүнд хүртээмжтэай байдлаар шийдэж болно. Одоо бол 2024 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй, нас барсан 130 000 орчим хүний хувьцааг өвлүүлнэ гээд байгаа. Асуудал ч их, хийх ажил ч их байна” гэв.
Үүнээс гадна 1072-оос бага хувьцаатай, бүр хувьцаагүй иргэд ч бий бөгөөд тэд гомдолтой байдаг аж. Тодруулбал, өндөр настан Ч.Ариунсэлэнгэ “Ахмадууд Засгийн газарт хувьцаагаа зарж нэг сая төгрөг авсан, орлого ашиг муутай учраас л тэр шүү дээ. Ингээд бид одоо ямар ч хувьцаа байхгүй. Мэдээлэл хомс, ойлголт бага байхад л хувьцаагаа борлуулах нь ашигтай гээд л авчихсан. Гэтэл одоо бол үе дамжуулан, насаараа хувьцааныхаа өгөөжийг хүртэж болно гэх юм. Тиймээс бидэнд төрөөс буцааж хувьцаа зарах, эсвэл нэг удаа нөхөж олгох талаар анхаарч өгөөсэй” гэв. Бас иргэн Ч.Эрдэнэгарав “Эхнэр бид хоёр хоёулаа хувьцаагаа зарж, оюутны сургалтын төлбөрөө төлсөн. Одоо нэг ч хувьцаагүй, ногдол ашиг авдаггүй. Үүнийг шийдвэрлэж, ахиад хувьцаатай болоход анхаарч өгвөл сайн сан” гэлээ.
Эндээс харахад иргэд 1072 хувьцааныхаа талаар мэдлэг муу, төрөөс ч уг үнэт цаасыг амилуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар шуурхай ажиллахгүй байна. Нас барсан иргэдийн хувьцааг өвлөн авч болно гэсэн ч зарим нь 2027 оны зургаадугаар сар хүртэл хүлээх нөхцөл байдал үүсжээ. Түүнчлэн нүүрсний нөөцөөр манай орон дэлхийд эхний 30-д эрэмблэгддэг. Энэ утгаараа ЭТТ-н хувьцаа эзэмшигч иргэн боломжийн хөрөнгөтэйд тооцогдоно. Хөрөнгөө арвижуулж, борлуулж, худалдан авч, зах зээлийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх сэн. Иргэд хоорондоо хувьцаагаа арилжиж эхэллээ гэхэд мөнгөтэй цөөн хүн нь олноор нь худалдан авах, гадаадын иргэд оролцох магадлал ч өндөр. Тиймээс ул суурьтай ажиллан, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүр, тэгш хүртэнэ гэсэн зарчмыг алдагдуулахгүйгээр хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх хэрэгтэй.
С.Дулам