Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Танилц

МИАТ зарим чиглэлийн нислэгтээ хүүхдийн болон хаврын урамшуулал зарлав

МИАТ ТӨХК Хонконг, Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгтээ хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа. Эдгээр чиглэлд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих 0-11 насны нэг хүүхэд ирэх сарын 31-нийг дуустал зөвхөн үйлчилгээний такс, нисэх буудлын хураамжаа төлөөд явах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, тийзийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн пани Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгтээ хаврын урамшуулал зарлаад буй гэнэ. Ингэснээр иргэд ирэх сарын 30 хүртэл Өмнөговь руу нэг талдаа 198 050, хоёр талдаа 381 150 төгрөгөөр зорчих боломж бүрджээ.
2024-04-11

“Чингис хаан” нисэх буудлын дэргэд шуудан ялган боловсруулах төв нээлээ

Тус компани саяхныг хүртэл төв салбартаа олон улсын шуудан хүлээн авч, үүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол өчигдрөөс ийнхүү дэлхий нийтийн жишгээр албан ёсны төвд, нисэх буудалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг эл компанийн Улс хоорондын шуудангийн газрын мэргэжилтэн хэллээ. Ялган боловсруулах төв нь жилд дунджаар гурван сая орчим шуудан, илгээмжийг экспортолж, импортлох хүчин чадалтай аж. 
2024-02-07

Таван шард дулаан автобусны буудал байрлуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Таван шарын автобусны зогсоолд тохилог, дулаан буудлыг байршуулсан байна. Уг автобусны буудал нь дулаан өрөө, зам, талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн хяналтын камераар гадаад, дотоод орчныг хорооны Засаг дарга, цагдаагийн албан хаагчид хянах боломжийг бүрдүүлсэн аж. Дүүргийн төсвийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэсэн гэнэ. 
2024-01-17

“Ид шидийн уут”-ын тухай өгүүлэх үзэсгэлэн нээнэ 

“Лантуун дохио” ТББ-аас уламжлал болгон зохион байгуулдаг“Ид шидийн уут” аяны хүрээнд “Болохсон” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн гэнэ сарын 10-14-нд олон нийтэд сонирхуулах нь. Уг үзэсгэлэнг “Лантуун дохио” ТББ болон гэрэл зургийн “Гудам фото”, “Тусгал” клуб, “Батзориг” сан, “Amygdala film” хамтран зохион байгуулах гэнэ. “Ид шидийн уут” аян нь нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүрч, тэдэнд аз жаргал бэлэглэхийн зэрэгцээ судалгаа хийж, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Өнгөрсөн сарын 17-24-ний амралтын өдрүүдэд уг аяныг өрнүүлсэн юм. 
2024-01-09

 Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах иргэд урт дараалал үүсгэв 

 Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах гэсэн жолооч нар техникийн хяналтын үзлэг, оношилгооны төвүүдэд өчигдрөөс урт дараалал үүсгэж эхэллээ. Тэд цахим орчинд “Оношилгооны төвд дөрвөн цаг дугаарлаж, ажлаа алдлаа”, “Холбогдох мэргэжилтнүүд нь зохион байгуулалт муутай байна”, “Иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн. Иргэд ийнхүү дугаарласан шалтгаан нь цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэнтэй холбоотой аж. Мөн энэ сарын 8-наас гэрчилгээг төлбөртэй олгоно гэснээс ч шалтгаалсныг дугаарласан жолооч нарын төлөөлөл хэлж байлаа. 
2024-01-05

Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг түр хязгаарлалаа 

Өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасан байв. Үүний дагуу оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог байсан юм. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын сарын 7-нд батлахдаа дээрх заалтыг хасжээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүйд хүрсэн гэж “Улаанбаатар смарт карт” компанийнхан тайлбарласан юм. 
2024-01-05

 Бригадын генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүсийн командлагчаар шалгарав

 Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар Монгол Улсын зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг шалгаруулан томилсноо тус олон улсын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор зарлажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа ийм өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байна. Өмнө нь тэрбээр Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаад ирсэн юм.
2024-01-04

“Маргааш”, “Цаасан онгоц”-ыг өсвөр насныханд толилуулна 

Уг хөтөлбөр нь театрын урлагийг хүүхэд, залуучуудад сурталчлах, уран бүтээлчдийг чадавхжуулах зорилготой гэнэ. Оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг, сурсан зүйлээ тайзны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд тайлагнадгаараа онцлог аж. Ташрамд дурдахад, “Next generation Mongo­lia” хөтөлбөрт залуучуудыг төлөөлөн хамрагдсан Б.Дэлгэрмаа, О.Золжаргал нар ирэх оны хавар Дани улсад болох театрын фестивальд эх орноо төлөөлөн оролцох эрх авчээ. 
2023-12-28

“Улаанбаатарын мөнгөн шөнө” эхэллээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Соёл урлагийн газрынхан өчигдрөөс “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээг төв талбайд зохион байгуулж эхэллээ. Үүний хүрээнд “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар өчигдөр үдэш уран бүтээлээ толилуулсан юм. Нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглан, шинэ жилийн дурсамж бүтээх боломж бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг санаачилсан гэнэ. “Улаанбаатарын мөнгөн шөнө” энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 18.00 цагаас үргэлжлэх аж. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр жааз хөгжмийн тоглолттой юм байна.  Ташрамд дурдахад, Д.Сүхбаатарын талбайд цуглаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө”-ийг үзэж буй иргэд, жуулчдад зориулж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газрынхан шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг энэ сарын 24-нөөс эхлэн төв талбайд зохион байгуулж байна. 
2023-12-26

Токио, Сөүл, Бээжин рүү 12 хүртэлх насныхныг үнэгүй тээвэрлэх нь 

МИАТ, “Хүннү эйр” зэрэг агаарын тээврийн компани өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөвсгөл, Казахстан, Бээжин зэрэг олон улс, дотоодын нислэгийн зарим чиглэлд бага насны хүүхдийг үнэ төлбөргүй тээвэрлэх урамшуулалт хөтөлбөр зарласан. Тэгвэл “Аэро Монголиа” авиа компани Токио, Сөүл, Хөх хот чиглэлд 12 хүртэлх насны хүүхдийг үнэгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт угтсан энэ хүү урамшууллаа тус компани ирэх оны хоёрдугаар сар дуустал үргэлжлүүлэх гэнэ. Эл урамшуулалд хамрагдсан хүүхдүүдийг тийзийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөх бөгөөд зөвхөн нислэгийн такс (онгоцны буудлын хураамж зэрэг багтдаг)-ыг нь төлүүлэх аж. 
2023-12-06

Шар хадны эцэст автобусны дулаан буудалтай боллоо 

Шар хадны эцэст автобусны дулаан буудалтай болжээ. Ингэснээр иргэд автобус хүлээхдээ өвлийн хүйтэнд даарахгүй байх боломж бүрдэв. Дулаан буудал нь гар утас, “U-mon­ey” карт цэнэглэх хэсэгтэй. Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй “Дэмжье” аяны хүрээнд уг дулаан байрыг тохижуулжээ. Жишиг тохижилтыг цаашид 14, 20, 23 дугаар хороонд хийх гэнэ. Автобусны буудлыг тохижуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Улсын комисс энэ сарын 2-нд уг дулаан зогсоолыг хүлээн авсан байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд анх удаа автобусны дулаан буудалтай болсон нь энэ гэнэ. 
2023-12-04

“Өөхөө тушаая” аяныг Баянзүрх дүүрэгт зохион байгуулна 

Аяныг санаачлагч Р.Батнасан “Бид энэ аяныг хоёр дахь жилдээ өрнүүлж буй. Нэг кг хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож авдаг. Манай улс 70 сая малтай. Үүнээс 15 сая мал нядлахад 20 мянган тонн өөх хаягдах тооцоолол бий. Цаашид үүнийг үндэсний аян болгон зарлах, орон нутгийн бүх хоршоогоор дамжуулж цуглуулах төлөвлөгөөтэй. Манайх 30 кг-аас дээш өөхийг дуудлагын дагуу хаягаар авдаг. Дэнжийн мянгад малын өөх буюу өөхөн тосыг хэрэгцээт бараагаар солилцох болон худалдаж авдаг цэгтэй” гэв. 
2023-12-01

НӨАТ: Супер азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол дөнгөж сая боллоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,553,405 баримтыг оролцуулсан юм.
2023-11-22

Хөвсгөлд “Ид шидийн орон” байгуулав

Энд хүүхдүүд дуртай анимейшнээ үзсэний дараа техник, технологийн хөгжлөөс бие даан суралцах боломжтой аж. Тэд нэгдүгээр давхарт ном уншингаа зэргэлдээ байрлах “Маgic cafе”-д тухлан, хүссэн амттанаа ч идэх боломж бүрдүүлжээ. Түүнчлэн гаднаа сагсан бөмбөг, волейболын талбайтайгаараа бусад төвөөсөө онцлогтой гэнэ. Энэ нь дөрөв дэх “Ид шидийн орон” бөгөөд санаачлагчид болон орон нутгийн иргэдийн хандив дэмжлэг, “Шидэт урц” ТББ-ынхны зохион байгуулсан үе шаттай арга хэмжээний хүрээнд нийт 872 824 193 төгрөгийн санхүүжилтээр бүтээн босгожээ. Үүнээс өмнөх “Ид шидийн орон”-ыг Дундговь аймагт барьсан билээ. 
2023-11-13

Бельги улсад “Хурдан” цэг нээв

Төрийн цахим үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд өчигдөр нээлээ. Ингэснээр Бельгийн улсад амьдарч буй 3000 гаруй монгол иргэн төрийн үйлчилгээ саадгүй авах боломж бүрджээ. Энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан иргэдэд хүргэхээр төлөвлөөд байгаа. Үүнээс гадна дипломат төлөөлөгчийн 40 гаруй газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад амьдарч буй иргэддээ ойртуулахаар төлөвлөснийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “Хурдан” 126 цэг нээжээ. Тэгвэл хилийн чанадын 12 дахь улсын 16 дахь цэг нь Бельгийнх боллоо.
2023-11-10

Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгт урамшуулал зарлажээ

Хөвсгөл аймгийн ЗДТГ, МИАТ ТӨХК орон нутгийн аялал жуулчлалыг дэмжиж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх сувдын орноор аялах сар” урамшууллын хөтөлбөр зарлажээ. Үүний хүрээнд МИАТ ТӨХК Монгол орны хоймор нутаг руу энэ сард зорчих иргэдэд хоёр төрлийн урамшуулал санал болгож буйаж. Найз нөхөд, хамт олноороо явж буй хүмүүсийг “3+1” хөтөлбөрт хамруулж, дөрвөн хүн тутмын нэгийг нь тийзийн үнээс чөлөөлөх гэнэ. Мөн насанд хүрсэн хоёр хүнтэй хамт зорчих 1-2 хүүхдийг үнэгүй явуулахаар болжээ. Урамшуулалд хамрагдсан хүмүүс зөвхөн үйлчилгээний такс буюу нисэх буудлын хураамж төлөх нь. Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээр нэг талдаа зорчих үнэ өдгөө 194 000 төгрөг буй бол хоёр талынх нь 381 500 байна. 
2023-11-09

Иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас лавлагаа авах гэж цаг алдахгүй нь 

Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lav­lagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongo­lia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ. 
2023-11-09

Эрсдэлийн үндэсний форум” болох нь 

Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэн, шийдлийг эрэлхийлдэг эл форумд төр, иргэний нийгмийн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох нь. Энэ удаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буй, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн жилүүдэд уг форумыг “Мандал санхүүгийн нэгдэл” зохион байгуулж иржээ. 
2023-11-08