УИХ-ын дарга нь гишүүдээсээ илүү эрхтэй байх хууль үйлчилж ирснийг шүүмжилж, эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ үүнийг засаж залруулах ёстойг хэлж, анхааруулсан ч хэвээр үлдээжээ. Хавар, намрын гэх тодотголтойгоор жилдээ хоёр удаа зарладаг ээлжит бус чуулганы чөлөө, завсарт үүссэн анхаарал татсан, олон нийтийн эрх ашигтай холбоотой, хойшлуулшгүй асуудлыг шийдэх гэж УИХ-ын гишүүд ээлжит бусаар чуулдаг. Ямар ч шалтгаантай бай, хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгээс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарлах уу, үгүй юү гэдэг нь том эрх мэдэл юм. Энэ сиймхийг ашиглан элдэв хор хутгаж, хуйвалдаан зохион байгуулсан түүх нэгээр тогтохгүй л болов уу. Ээлжит бус чуулган зарлах, эсэхийг шийдэх эл эрхийг УИХ-ын дарга эдэлдэг.
Харин ч УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг парламентынхтай уялдуулах бүрэн эрхийг спикерт нэмээд олгочихож. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард ийн шинэчлэхдээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг ч өөрчилсөн бөгөөд парламентын хяналт шалгалтын долоон арга хэрэгслийн нэг болох “түр хороо байгуулах” заалтыг “хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах” хэмээн тодотгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хяналт шалгалтын бүрэн эрхийг илүү өргөтгөж, хүчтэй болгосон гэсэн үг.
Хүчингүй болгосон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд “УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл болон холбогдох хараат бус хянан шалгах чиг үүрэгтэй бусад байгууллагад түшиглэн явуулна” гэж заасныг “Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл болон төрийн бусад байгууллага холбогдох байнгын хорооны даалгаснаар хяналт шалгалт явуулж болно” хэмээн хүч оруулан томьёолсон байх жишээтэй. Энэ хэрээр УИХ-ын даргын бүрэн эрх нэмэгдэж буй хэрэг. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан, УИХ-ын тогтоолоор хянан шалгах түр хороо байгуулах ёстой. Өмнө нь ч дээрх босго үйлчилж байв. Гэхдээ гишүүдийн тоо нэмэгдсэн тул одоо 19 биш, 32 гишүүн нэгдэн төслөө өргөн барьж, хамгийн гол нь УИХ-ын даргын “зөвшөөрөл”-өөр хянан шалгах түр хороог байгуулна. Учир нь өмнөх хуульд уг хороог байгуулах тухай саналаа 19-өөс доошгүй гишүүн уламжилбал заавал байгуулахаар хатуу зааж байсан бол одоо ердөө л “байгуулна” гээд заачихсан. Хэдийгээр нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь санал тавилаач байгуулахгүй байж болно гэсэн үг. Өнгөрсөн намар “ногоон автобус”-ны дуулиан дэгдэж, улмаар тэдгээрийг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулах санаачилгыг сөрөг хүчин АН-аас гаргаж, эрх баригч намын гишүүд ч дэмжин нэгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өргөн барьсан ч өнөөх нь хойш тавьж, хав дарсаар хэдэн сарын нүүр үзсэн юм даг. Арга ядсан АН-ынхан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэл болгон төслөө өргөн барьчхаад байхад дараалал харгалзахгүй, нэн даруй хэлэлцэн батлах хуулийн зохицуулалтыг биелүүлэхгүй байна гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэж эхэлснийг санаж буй биз ээ. Үнэхээр ч тус түр хороог “заавал байгуулна” гэсэн сүрдэм заалт хуульд байсан учраас эрх баригчид сая нэг юм хөдөлж, “ногоон автобус”-ны түр хороог байгуулсан түүхтэй.
13 ДУГААР ЗҮЙЛ. УИХ-ЫН ДАРГЫН БҮРЭН ЭРХ
13.1. УИХ-ын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. УИХ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2. ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах;
13.1.3. энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;
13.1.4. Ерөнхийлөгч, Засгийн газартай
УИХ-ыг төлөөлөн харилцах;
13.1.5. УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг УИХ-ын хяналт шалгалтын ажилтай уялдуулах;
13.1.6. УИХ-ыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх;
13.1.7. УИХ-ын гадаад харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах;
13.1.8. гишүүнийг төрийн дээд шагналд тодорхойлох;
13.1.9. гишүүд болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад дотоод, гадаад томилолт олгох, түүний журмыг баталж мөрдүүлэх;
13.1.10. Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах;
13.1.11. хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.12. холбогдох байнгын хорооны саналаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;
13.1.13. хуульд заасан үндэслэлээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.14. шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах;
13.1.15. хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх;
13.1.16. Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
13.1.17. чуулганыг түр завсарлуулах болон хаах асуудлыг энэ хуулийн 13.3-т заасан Зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирамж гаргаж шийдвэрлэх;
13.1.18. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;
13.1.19. УИХ-ын даргын зөвлөхийг томилох, чөлөөлөх;
13.1.20. УИХ-ын төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
13.1.21. УИХ-ын шагналын журмыг батлах;
13.1.22. хуульд заасан бусад бүрэн эрх.УИХ-ын тухай хуулиас
Мөн шаардлагатай гэж үзвэл парламентад өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах эрхийг УИХ-ын даргад олгож. Цаашлаад зөвлөхөө томилох, чөлөөлөх эрхийг нь УИХ-ын тухай хуулийн 13.1.19-д заасан байна. Уг нь зөвлөх гэх албан тушаал “моод”-нд орсноос хойш УИХ-ын үе үеийн дарга нар зөвлөхөө өөрсдөө томилж, чөлөөлж ирсэн ч энэ удаа ингэж нарийвчлан хуульчилсан нь сүртэй гэж.
Түүнчлэн спикер нь Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эрхтэй боллоо. Манай хууль тогтоох үйл ажиллагаанд шинэ “үзэгдэл” биш. Ялангуяа сүүлийн үед, өнгөрсөн парламентад ийм явдал газар авсан. Тухайн үед “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор” хэмээн тодотгож, Засгийн газрын тэргүүний гаргасан хүсэлтийг үндэслэн баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргадаг байсан бол одоо Ерөнхий сайд хүсэлтээ уламжлах төдийд л асуудлыг нь “ногоон гэрэл”-ээр хэлэлцэх нь. Дээр дурдсан тодотгол бүхий хууль үйлчилж байхад ч бүх зүйлийг “нэн яаралтай ангилал”-д хамааруулан хэлэлцчихдэг байсан тэдэнд тавих хяналт өдгөө юу юунаас илүү хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Цахим орчинд хяналт тавих тухай зэрэг олон дарга хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцсэн болоод баталсан шүү дээ. Нөгөө талаас өмнөх хуульд байсан “Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ-ын шийдвэрийн дагуу тавих хяналтыг зохион байгуулах” бүрэн эрх нь УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад алга, аваад хаячихаж. Гэтэл одоо хамгийн олон сайдтай Засгийн газрын танхимын бүх гишүүн нь “УИХ-ын гишүүн” хэмээх “давхар дээл” нөмөрчхөөд буй шүү дээ.
Үнэндээ төрийн эрх барих дээд байгууллагаар хэлэлцэх асуудлын дарааллыг “дайруулах” төдийгүй үүнийг тогтоож буй нь том, бүр хэтийдсэн эрх мэдэл билээ. Шуудхан хэлэхэд УИХ-аар юуг хэлэлцүүлэх, эсэхийг спикер шийдэж ирсэн. Ингэхдээ ихэвчлэн сөрөг хүчин, цөөнхөөс өргөн барьсан төслийг хэлэлцүүлэх нь битгий хэл, дараалалд ч оруулахгүй байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан нь бишгүй. Мэдээж сөрөг хүчний гишүүдээс санаачилсан төслийг хойшлуулахынсацуу өөрсдийнхөө “автор”-ыг тавих хууль тогтоомжийг түргэн гэгч нь хэлэлцүүлж баталдаг жишиг тогтчихсон. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан эл дарааллыг тогтоох зохицуулалт холбогдох хуульд нь бий ч үүнийг хэрэгжүүлдэг, эсэх нь эргэлзээтэй. Хамгийн хачирхалтай нь, УИХ-ын дарга, дэд дарга, нам, эвслийн бүлгийн болон байнгын хороодын дарга, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалтнуудыг багтаасан дээрх зөвлөлийн ажиллах журмыг спикер баталдаг. Тиймээс ч УИХ-ын дарга илт давуу эрхтэй, бусад нь сонсохмаягтай хуралдаж ирснийг судлаачид хэлдэг билээ.
Ямартай ч УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн хуралдааныг даргалах гэх мэтээс хальж, бусад 125 гишүүнд байхгүй эрхийг дарга нь болсон ганц хүн дангаар эдэлдэг үйл явц ирэх дөрвөн жилд үргэлжлэх нь. Энэ хэрээр манай парламентын ардчиллын дархлаа муудаж, УИХ-ын дарга хэмээх дийлдэшгүй эрх мэдэлтэнтэй болно. Уг нь тэр парламентын хуралдааны зохион байгуулалтад л анхаарч, дэг сахиулах үүрэгтэй хүн шүү дээ.