Манай улсад хүүхдийн байгууллага үүссэний түүхт 100 жилийн ой өчигдөр тохиов. Эл ойг тохиолдуулан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан тус байгууллагын 100 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олны хүртээл болголоо. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Түүхт ойн хүрээнд шинэчлэн байгуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, дөрвөн улирлын зуслангуудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан байгуулахаар болжээ. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хэмээх аян өрнүүлэх гэнэ. Ингэхдээ дотуур байрны хүүхдүүдийн орчин нөхцөл, хамгааллыг сайжруулах зорилгоор камержуулах, цахим орчинд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж, хүүдийн зуслангуудыг өмч хувьчлалаар авч, амралтын газар болгосон компаниудад хариуцлага тооцохоор болсноо онцоллоо.
У.Сүрэн