Бид дөрвөн жилд нэг удаа УИХ-ын болон орон нутгийн сонгууль зо¬хион байгуулдаг. Ерөнхийлөгчийн сонгууль парламентынхаас нэг жилийн дараа болдог байв. Харин Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн тэргүүнийг нэг удаа, зургаан жилээр сонгодог болоод буй. Тиймээс 2027 он хүртэл энэ төрлийн дуулиан, сунгаанаас холуур явна гэж үзэж байлаа. Тэгвэл бид л анзаардаггүй болохоос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль жил бүр тодорхой газруудад болсоор байдаг юм. ИТХ-ын шат шатны төлөө¬лөгчид олноороо солигддог, “ороо, гараа” их байдаг аж. Ялангуяа сумдад ийм хөдөлгөөн цөөнгүй. Тиймээс СЕХ-ноос жил бүр орон нутгийн нөхөн сонгуулийг нэгтгэн явуулдаг юм билээ. Улмаар ирэх сарын 22-нд орон нутгийн зарим иргэн дахин санал өгөх гэж байна.
63 МАНДАТ ЭЗГҮЙРЧЭЭ
СЕХ-ныхон он гарснаас хойш нөхөн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажилдаа оржээ. Хоёр аймгийн ИТХ болон 18 аймгийн 54 сумд нийт 63 мандатад нөхөн сонгууль явуулах аж. Улмаар сонгуулийн 68 хэсгийн хороо байгуулж, эдгээрт 1176 төрийн албан хаагч ажиллаж буй юм. Тодруулбал, Баян-хонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-д тус бүр нэг төлөөлөгчийн суудалд нөхөн сонгууль зохион бай-гуулах нь. Эдгээр аймгийн ИТХ-д МАН олонх. Баянхонгорын 35 суудлын 23, Дархан-Уулын 41 төлөөлөгчийн 24 нь тус намынх. Тиймээс нөхөн сонгуулиар АН-ын хүн сонгогдоод ч хүчний хувьд нэг их ялгаа гарахгүй гэсэн үг. Мөн Архангай, Баян-Өлгий, Баянхонгороос бусад 18 айм¬гийн 54 сумд 61 мандат эзгүйрсэн юм байна. Булган аймгийн 10, Сэлэнгийн долоо, Хэнтий, Төв аймгийн тус бүр зургаан сумд нөхөн сонгууль болох гэж буй нь хамгийн олон сул суудалтай нь юм. Зарим аймгийн сумд нэг л төлөөлөгч нөхөн сонгох юм билээ. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гурван ч мандат суларчээ. Тус сумын ИТХ 29 суудалтай бөгөөд АН-ынхан 18 хүнээр олонхыг бүрдүүлсэн аж. Үлдсэн 11 нь МАН-ын төлөөлөгч. Тэгэхээр энэ хэсэгт МАНынхан нөхөн сонгуулиар ялбал төлөөлөгчдийн тооны харьцаа дөхөж мэднэ. Энэ мэтээр зарим сумын ИТХ-ын тооны харьцаанд уг сонгууль нэг их нөлөө үзүүлэхгүй бол заримыг нь хөдөлгөөнд оруулж магадгүй байгаа юм. Нөгөө талаар ИТХ ирц бүрэн байж үйл ажиллагаагаа явуулах ёстой учраас ийнхүү жил бүр нөхөн сонгууль зохион байгуулдаг юм билээ. Гэхдээ төлөөлөгчийн бүрэн эрх нь жилийн дараа дуусах нөхцөлд сонгууль хийх шаардлагагүй гэж үздэг
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд ИТХ-ын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, мөн тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албанд томилогдсон, ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн нөхцөлд бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусаж, нөхөн сонгууль зохион байгуулна хэмээн заасан байдаг. Нөхөн сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга ор - шин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг ханга - сан иргэн нэр дэвших эрхтэй. Үүний дагуу МАН, АН, ХҮН намынхан нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. МАН-аас 54, АН-аас 41, ХҮН намаас долоон хүн нэр дэвшүүлэх юм билээ.
ЖИЖИГ НАМУУД ХААЧИВ
2024 оны аравдугаар сард болсон ээлжит орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17 278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байв. Гуравдагч хүчний намууд голдуу нийслэлийн болон дүүргийн ИТХ-ыг сонгож нэр дэвшүүлдэг. Орон нутагт тэдний оролцоо тун бага, идэвх, сонирхол муу байдаг нь нууц биш. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар Иргэний хө - дөлгөөний намынхан Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-ын 21 суудлаас 12-ыг авч, олонх болсон нь түүхэнд анхны тохиолдол байлаа. Тус намаас орон нутгийн сонгуульд нийт 297 хүн нэр дэвшүүлсэн юм. Гэвч жижиг намууд бүгд ийм амжилттай, идэвхтэй байдаггүй. Сумын ИТХын түвшинд ИХН-аас гадна Үнэн ба зөв нам, Үндэсний эвсэл, ИЗНН тус тус 1-4 төлөөлөлтэй болсон. Тэгвэл 2023 оны орон нутгийн нөхөн сонгуульд дээрх гурван намаас гадна ИЗНН, Иргэдийн оролцооны намаас тус бүр нэг хүн оролцож байжээ. Гэхдээ тухайн үед 17 аймаг, 30 сум болон нийслэлийн нэг дүүрэгт нөхөн сонгууль болсон. Тиймээс гуравдагч хүчний жижиг намууд нийслэлийн нэг мандатад өрсөлдсөн биз ээ.
Уг нь “хүрд эргүүлж” чадаагүй жижиг намуудад жил бүр л энэ мэтээр боломж олддог байх нь. Гэвч нөхөн сонгуулийг тэд төдийлөн сонирхохгүй байна. Энэ онд 18 аймгийн 54 сумын ИТХ-д 63 сул суудал гарсан атал уг сонгуульд гуравдагч хүчнээс ганцхан ХҮН нам л оролцо¬Нөхөн сонгууль намуудын эрх мэдэлд нөлөөлөх үү хоор бүртгүүлсэн байх юм. Тус нам албан ёсны сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн ИТХ-д тус бүр нэг, мөн зарим сумд цөөн төлөөлөлтэй болсон. Тиймээс нөхөн сонгуулиар төлөөллөө ахиулахаар төлөвлөжээ. Энэ нь ч зөв. Оролцох хүсэлтэй нам, эвслүүдийг хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны дотор тухайн шатны сонгуулийн хороод нь бүртгэсэн. Тэр үед уг нь ИЗНН-ынхан хүсэлтээ илгээсэн аж. Гэвч шалгуур хангаагүй юу, бүртгээгүй байна.
ИРГЭДИЙН ИДЭВХИЙГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ
Шат шатны ИТХ нь эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах үүрэгтэй үндсэн нэгж юм. Тиймээс тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д хэнийг төлөөллөө болгон сонгохоос бидний өдөр тутмын амьдрал, орчны чанар шууд хамааралтай. Гэвч энэ талаар иргэд төдийлөн ойлголт, мэдээлэлгүй хэвээр байгаа нь дөрвөн жил тутамд болдог сонгуулийн ирц, оролцооноос харагддаг. 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХын сонгуульд 2 246 164 сонгогч бүртгэгдсэн ч ирц улсын хэмжээнд 53.1, нийслэлд ердөө 43 хувь байсан билээ. Ирц сонгуулиас сонгуулийн хооронд буурсаар байгаа тул хуулиас босгыг нь хасаж, оролцсон сонгогчдын олонхын саналаар ялагчийг тодруулдаг болсон.
Ийнхүү албан ёсны сонгуульдаа ач холбогдол бага өгдөг сонгогчид нөхөн сонгуулийг тоох уу. Хэдийгээр ирцийн босго байхгүй ч тухайн аймаг, сумын нийт сонгогчийн 20-30 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгчийг сонговол хэцүү. Төлөөлөл гэж үзэх боломжгүй. Тэгвэл СЕХ иргэдэд сум, аймгийн ИТХ-ын ач холбогдлыг таниулах, ойлголт өгөх зорилгоор “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн сар болж буй гэнэ. Нэг аймагт 2-4 сургагч багш ажиллаж, иргэдэд мэдлэг, ойлголт өгч байгаа аж. Мөн энэ удаа залуу сонгогчид руу түлхүү хандаж, сургалтаа явуулж байгаа юм билээ.
Юутай ч нөхөн сонгууль болох аймаг, сумын иргэд ирэх гурван жилд тав тухтай орчинд, татварын дарамт багатай амьдрахыг хүсэж байгаа бол саналаа идэвхтэй өгч, улс төрийн сонгох эрхээ эдлэх учиртай юм. Нөхөн сонгууль гээд үл тоож болохгүй. Нэг л зөв хүний нөлөө шийдвэр гаргалтад эерэг өөрчлөлт авчирч болно.