УИХ-ын хаврын чуулганыг энэ лхагва гарагт завсарлуулахаар болжээ. Уг чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17нд нээж, гурван сар гаруйн турш хуралдсан юм. Тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сарын эхний хагас хүртэл УИХ-ын үндсэн үйл ажиллагаа нэлээд “доголдолтой” байсан гэхэд буруудахгүй. Учир нь 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүйн улмаас огцрох нь бараг тодорхой болоод байлаа. Тэрбээр тэсэж үлдэхээр хор найруулсан бол сайд нар нь албан тушаалаа хадгалах гэж, нэг хэсэг нь хоёрдугаар ээлжид “хоолонд орох”оор хөөцөлдөн, нойр хулжиж байсан хэрэг. Тиймээс байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц тааруу байв. Улмаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцээд “Дэмжихгүй” гэсэн шийдвэр гарган, түүнийг огцруулсан.
Тэгмэгц шинэ Ерөнхий сайдын суудал болон түүний танхимд багтахын төлөөх марафон үргэлжлэв. Ямар сайндаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон сонгогдсон гишүүд хаашаа алга болоод байна” хэмээн эрж хайхад хүрэх вэ дээ. Зургаадугаар сарын 10-нд Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсны дараа залуу, шинэ сонгогдсон гишүүд “Хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцэж байна” гэсэн агуулгатай шаардлага өгч, Төрийн ордонд үндсэн ажлаа хийх хүн ховорхон л байлаа. Тэгэхээр хаврын чуулганы үр дүн ер нь ямар гарах бол.
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ 30 ОРЧИМ ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЖЭЭ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ парламент сүүлийн нэг жилд бие даасан ганцхан хууль л баталлаа. Тэр нь гишүүн О.Амгаланбаатарын өргөн барьсан Амьтны тухай хууль” гэсэн билээ. Түүний яриа оргүй байсангүй. Эл чуулганаар нийт 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, заримыг нь баталсан. Ихэнхийг нь хэлэлцэхээр дэмжсэн, бусад нь анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд явна. Хууль тогтоомжийн, Зөвшөөрлийн, Зээлийн мэдээллийн, УИХ-ын сонгуулийн, УИХ-ын, Шүүхийн, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн, Хот, тосгоны эрх зүйн байдлын, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд эл жагсаалт хөвөрч байна.
Хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах гурван ч тусдаа төслийг гишүүдийн зүгээс өргөн барьсан юм. Гишүүн Х.Тэмүүжин гуравдугаар сард эл хуулийн бас нэг төслийг өргөн барьсан нь хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны ажилтай холбоотой байв. Тэгэхээр нэг хуульд өөрчлөлт хийх дөрвөн өөр төсөлтэй болсон гэсэн үг. Х.Тэмүүжин гишүүн сүүлд өргөн барьсан төсөлдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, эсэх асуудал сөхөгдөх үеэс л ярьснаа ажил болгохоор тусгажээ. Энэ нь Ерөнхий сайд буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн чуулганы танхимд УИХ-ын гишүүдийн дээд талд суудгийг болиулж, засаглалын хямрал нүүрлэснийг цэгцлэх зорилготой хуулийн төсөл аж. Тэгвэл байнгын хорооны тоог 13-аас найм болгож цөөлөхтэй холбоотой гишүүн А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ тэргүүтний хоёр ч тусдаа төсөл байна. Эдгээрийн хэлэлцэх, эсэхийг шийдсэн. Цаашдаа агуулга ойролцоог нь нэгтгэх биз ээ.
Өнөөдөр баталсан хуульдаа маргааш нь нэмэлт, өөрчлөлт оруулдаг, хэтэрхий хэнэггүй, эсвэл, мэргэжлийн бус хандлага манай парламентад хэзээнээс л байсаар ирсэн билээ. Анхны 126 гишүүн ч энэ “уламжлал”-ыг үргэлжлүүлж, жижиг “засвар” хийж байна.
Гэхдээ заримыг нь үнэхээр хэрэгтэй өөрчлөлт гэдгийг үгүйсгэж болохгүй. Эрх мэдэл, засаглалын хямралыг цэгцлэх нь зүйн хэрэг. Мөн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу тэргүүтэй 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг хурдан батлаасай гэж иргэд хүлээж байна. Ажил гүй цэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон хоол, унаа, орон сууц ашиглалтын төлбөр, нийтийн халаалтгүй орон сууц, түлш худалдан авахад зориулан олгодог хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалын шимтгэл авдгийг зогсоохоор уг төсөлд тусгасан юм. Мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгоё гэсэн аж. Уг хуулийг баталбал татварын дарамтыг бодитоор бууруулахад тустай хэмээн хүлээж буй.
ГЯЛТАЙХ ГАНЦ АЖИЛ БА ШИНЭЧИЛСЭН ТӨСЛҮҮД
УИХ-ын хаврын чуулганаар ГашуунсухайтГанцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийг гараас гаргасан. Олон жил гацсан ажлыг бодит болгоход уг хууль тустай байлаа. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хийсэн гялтайх ганц чухал ажил гэж үзэж болно.
Тэгвэл “засвар” хийхээс өөр ямар ажлыг тэд амжуулав. Засгийн газрын зүгээс Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний, Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний, Нийтийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж өргөн барьсан байна. Эдгээрээс эхний төсөл нь олон нийтийн анхаарлыг багагүй татаж буй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ иргэдийн жагсаж, цуглах эрхийг хүндэтгэх гэхээс илүү өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийн эсрэг хамгаалах жагсаал хийх зохицуулалтыг л уг төсөлд тусгасан тухай бид өмнө нь бичиж байв. Одоо мөрдөж буй хуульд давхар, эсрэг агуулгатай жагсаал хийхийг хориглодог.
Мөн гишүүн Х.Тэмүүжин тэргүүтнээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилж найруулсан төслийг өргөн барьсан. Зөвхөн сэтгүүлчдийн бус, иргэн бүрийн мэдэх эрхтэй холбоотой хууль учраас манай салбарынхан ихэд анхаарал хандуулж буй. Гэвч дутуу, дулимаг зүйл цөөнгүй бийг шүүмжилж байна. Шинэчилж найруулснаас гадна “нөхөөс”-ний биш 2-3 хуулийн төслийг эрхбиш хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлын жагсаалтад багтаажээ.
Энэ бүхнээс гадна хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой, цаг хугацааны асуудлууд бий. Үүний дагуу Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулиудыг хэлэлцэн баталсан.
ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ХААЛТАА ХИЙНЭ
126 гишүүнтэй парламент байгуулагдсан жилийн хугацаанд төсөв тойрсон сэдвээс салсангүй. Өмнөх УИХ-ын дуусгаж амжаагүй 2023 оны төсвийн гүйцэтгэлийг ч тэд хэлэлцсэн. Удаа ч үгүй 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ. Эргэж буцсаар энэ төсвийг хоёронтоо давтан хэлэлцсэнийг уншигчид санаж байгаа. Тэгвэл одоо УИХ-аар 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд дуусаж буй юм. Мөн шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа бүрдүүлснийхээ дараа хамгийн түрүүнд энэ оны төсвийг тодотгох ажилд шамдсан. Төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болсон, гадаад, дотоод эдийн засгийн олон хүчин зүйлээс хамааран үүнийг хийх учиртай байв. Тэгэхээр сүүлийн хоёр долоо хоног УИХ-ын гишүүд төсвийн гүйцэтгэл, тодотгол хоёрыг хэлэлцэн, шөнөөр цаг сунган хуралдаж байгаа аж. Төсвийн орлогоос 3.2, зарлагаас 1.8 их наяд төгрөг бууруулж, улмаар орлогыг 30.2, зарлагыг нь 31.7 их наяд, алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх төслийг Засгийн газраас боловсруулсан юм. Энэ долоо хоногийн лхагва гарагт төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийснээр хаврын чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.
Нийт хугацааныхаа гуравны нэгийг Ерөнхий сайдыг огцруулах, дараагийн Засгийн газрыг байгуулахад зарцуулсан, гишүүдийн анхаарал үндсэн ажлаасаа илүүтэй эрх мэдэл, албан тушаал руу хазайсан байдалтайгаар нэгэн чуулган ийнхүү өндөрлөж байна. УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг байгуулсан нь барилдахаасаа таахалзахын жишээ болсныг гишүүн Б.Энхбаяр шүүмжилнэ лээ. Парламентын ажил мэргэжлийн байнгын хороодоор дамжин өрнөдөг ч наана нь ажлын хэсэг хэмээх нэг шат нэмж, нөгөөх нь Засгийн газрын ч, УИХ-ын ч ажилтай хутгалдаад гараас нь юм гарахгүй байгааг тэрбээр шүүмжилсэн юм. Аль ч парламентын үед хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Гэхдээ нийт ажлынхаа 70 орчим хувьд зөвхөн “засвар” хийгээд байж таарахгүй. Иргэдийн амьдралд хэрэгтэй, шаардлагатай ямар асуудал байгааг судалж, хууль, бодлого болгон оруулж ирэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг. Үүнийгээ манай 126 гишүүн тааруухан гүйцэтгэжээ.