Малайзын Кучинг хотод Азийн таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн чуулганд Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцлоо. Тус хурлаар ирэх жилийн олимпын наадмын оноо олгох насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олголоо. Эрх олгох өрсөлдөөнд манайх Катар улстай өрсөлдөж давуу эрхийг авчээ. Энэ нь Монголын таеквондогийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлөөр эх орондоо зохион байгуулах анхны тэмцээн болох юм. Ташрамд дуулгахад, тус улсын дээрх хотод өнөөдөр эхлэх өсвөр үе, залуучуудын пүмсэ төрлийн Азийн АШТ-д манай улсын тамирчид оролцоно. Мөн ОУХМ Г.Батжаргалын нэрэмжит олимпын таеквондогийн 3Х3 багийн тулааны УАШТ Булган аймагт ирэх сарын 18-20-нд болох юм.