“Хамтдаа алхацгаая” клубээс зохион байгуулдаг уулын гүйлтийн “Хан трэйл” тэмцээн ирэх сарын 16-нд гурав дахь удаагаа болох гэж байна. Тэмцээнийг 10, 30, 55 км гэсэн гурван үндсэн төрөлд Богдхан ууланд зохион явуулах бөгөөд мэргэжлийн тамирчдаас эхлээд өөрийгөө ялан дийлэх, ууланд гүйх хүсэл сонирхолтой хэн бүхэн оролцох боломжтой гэнэ.
Skyrunning буюу уулын гүйлт нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй спортын төрөлд тооцогддог. Энэ төрлийн тэмцээнийг өгсүүр, бартаа саад ихтэй байгалийн замд зохион байгуулдаг тул илүү эрсдэлтэй, экстрим гэж үздэг байна.
“Хамтдаа алхацгаая” клубийнхэн уулын гүйлтийг сурталчлан таниулах, сонирхогчид, мэргэжлийн тамирчдыг дэмжих зорилгоор “Хан трэйл”-ийг санаачилжээ. Өнөө жилийн тэмцээнийг Монголын уулчдын үндэсний холбоо болон Скайраннингийн холбоо хамтран зохион байгуулж, “La sportive” брэнд ивээн тэтгэнэ.
Н.Буян