Нэг нам үнэмлэхүй олонхоор хэдэн сонгууль дараалан ялж, төрийн эрх барихын сөрөг талыг бид хэдийн мэдрээд явж буй. Эдгээрийн нэг нь улс төрд дарангуйлагч, эрх мэдэл бүхий “мангасууд” бий болгох явц юм. Хууль, эрх зүйн орчныг тэд өөрсдөдөө нийцүүлэн дураар өөрчилж, нэг албан тушаалд “мөнхрөх”, хэмжээлшгүй эрх мэдэлд хүрэх боломжоо бүрдүүлдэг. УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурвын босго тавьдаг Үндсэн хуульд хүртэл МАН-ынхан өнгөрсөн хугацаанд хоёронтоо өөрчлөлт оруулжээ. Үүгээр гүйцэтгэх засаглалын тэргүүнд өмнө нь байгаагүй их эрх мэдэл олгосон юм. Одоо Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шийддэг, сайд нараа томилж, чөлөөлдөг. Энэ тухайгаа УИХ-д зөвхөн танилцуулна. Парламент нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чадахаа ч больж, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан. Ингэж л хариуцлага тооцож, огцруулахад хэцүү Ерөнхий сайд, засаг бүрд улирч үлддэг, ажил хийж гийгүүлдэггүй ч эрх мэдэл ихтэй “мангасууд” үүссэн байна.
МӨНХИЙН” САЙД НАР
Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа өмнөх танхимаас найман сайдыг улираасан. Ингэснээр С.Амарсайхан Шадар, Б.Батцэцэг Гадаад харилцааны, Б.Чойжилсүрэн Эрчим хүчний, Б.Жавхлан Сангийн сайдаар 2022 оноос хойш гурав дахь Засгийн газартаа улиран ажиллаж байна. Тэднээс чадварлаг, өөр боловсон хүчин МАН-д байхгүй бололтой юм. Гурав улирснаараа Н.Учрал ч тэдэнтэй ижил. Гэхдээ тэрбээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаас ХЭГ-ын дарга, эдүгээ Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон албан тушаал ахисан. С.Бямбацогт мөн л 2022 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн, Батлан хамгаалахын, эдүгээ ХЭГ-ын дарга болжээ. Б.Дэлгэрсайхан 2023 оноос “түгжрэлийн” сайдаар нэг жил ажиллаад, 2024 оноос Зам, тээврийн сайд хийж байна.
Засгийн газар солигдоход заавал ямар нэг эрх мэдэлтэй “зууралдаж” үлддэг ийм хүмүүст МАН өртэй байх гэж олон нийт хэлэлцдэг. Үнэндээ тэд мөнгөтэй, намдаа хандив буюу санхүүжилт сайн өгдөг учраас ажлаа сайн, үр дүнтэй хийж буй, эсэхийг үл харгалзан улираадаг нь нууц биш. Эрчим хүчний салбарт маш хангалтгүй ажиллаж буй Б.Чойжилсүрэнг огцруулах талаар сүүлийн үед эрчимтэй ярьж байна. Увсаас тасралтгүй таван удаа УИХ-д сонгогдсон, сүүлийн хэдэн жил Засгийн газар бүрд сайдаар улиран ажиллаж буй энэ хүн аймгийнхаа 100 жилийн ойд төсвийн мөнгөнөөс “харамгүй” зарцуулснаа өөрөө илчилж, ингэхдээ “Миний багцаас гаргасан” хэмээн ярьж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Гэтэл “Намайг огцруулах юм бол намд өгсөн мөнгөө буцааж авна” хэмээн айлгасан сурагтай.
Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдэд УИХ-ын зүгээс хариуцлага тооцож чадахаа байсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөрөө МАН-ынхан зөвхөн Ерөнхий сайд танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ томилж, чөлөөлдөг эрх мэдлийг олгосон юм. Эл өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнэ жинхэнэ утгаар нь мэдэрсэн, эрх ямба эдэлсэн. Тэрбээр 2021-2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, хоёр ч Засгийн газрыг байгуулжээ. Дунджаар 1.5 жил ажиллаад огцордог байдлыг халж, Засгийн газар тогтвортой байх боломж бүрдүүлэх Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг буруу тийш ашиглаж, “залуу дарангуйлагч” болж хувирсан. Түүнийг огцруулах гэж УИХ-ын нэр бүхий гишүүд үзээд дийлээгүй. Учир нь 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсны дараа л хариуцлага тооцох, эсэхийг чуулганаар хэлэлцэх боломжтой. Улмаар олонхын саналаар шийднэ. Гэвч УИХ нь Засгийн газартаа хяналт тавих уг эрхийг тэрбээр гишүүдэд эдлүүлэхгүйгээр “халаасандаа” хийж, туйлсан. Эцэст нь хүүгийнхээ тансаглалын эх үүсвэрийг нотолж чадахгүй, олон нийт сар орчим жагсаж, Төрийн тэргүүн хүч хавсарч байж сая нэг огцорсон билээ. Энэ мэтээр албан тушаалд “наалдчихаад” салдаггүй, “мөнхийн” сайд, эрх ямбатан байх хүсэлтэй хүмүүс сүүлийн 10 жилд буюу МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан цаг үед гаарав.
УЛИРАХ НЬ “УЛИГ БОЛСОН” ЯВДАЛ БАЙЖ
Тэгвэл хэдэн Засгийн газар дамжин нэг л албан тушаалаа хадгалж, эсвэл өгсүүлдэг эл жишиг улс төрд шинэ үү. Ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос хойш манай улс 17 Ерөнхий сайд сольж, ийм тооны Засгийн газар байгуулсан байна. АН, МАН ээлжлэн, эсвэл хамтран Засгийн газар байгуулж ирсэн түүхээс үнэндээ хэдхэн хүн л сайдын суудалд “эргэлдээд” байгааг харж болно. Бас тэнд эрх мэдлийн үе солигддог. Гэхдээ Засгийн газар дараалан 2-3 удаа улирдаг, сайд болоод төрчихсөн бил үү гэж эндүүрмээр улс төрчид анхнаасаа л байжээ. Улирч сонгогдох нь манай улсад “улиг болчихсон” явдал аж. Ялгаатай нь тэр үед Засгийн газрыг хамтран байгуулсан намуудаас сайд нарыг тодруулж, УИХ-аар хэлэлцэн баталдаг байсан юм. Харин одоо зөвхөн Ерөнхий сайд хэнийг хэдэн удаа улираахыг шийддэг болсон нь эрх мэдэлд “хадагдсан” хүмүүсийн тоог улам нэмэх болов.
Гурван танхим дараалан сайдаар ажилласан нь дээрх 7-8 хүн биш юм байна. МҮАН, МСДН, МНН-аас бүрдсэн Ардчилсан холбоо эвсэл 1996- 2000 онд төрийн эрх барьсан. Энэ хугацаанд тэд дөрвөн Засгийн газар сольж, төрийн тогтворгүй байдлын муу жишээг хангалттай харуулсан байдаг. Тэгвэл М.Энхсайханы танхимд ХЭГ-ын дарга байсан Т.Лхагваа гурван Засгийн газар дамжин улирч ажилласан анхны “төрсөн” сайд байж. С.Амарсайхан Шадар сайдын албыг гурван Засгийн газар дараалан хашсан анхны хүн байх “цол”-оос ийнхүү мултарч байна.
Улирч ажилладаг жишиг 1990 оноос л эхэлжээ. Бүр 80-86 хувийн бүрэлдэхүүнээрээ дахин сайд хийсэн тохиолдол хоёр ч удаа гарсан байх юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа боловсруулж, батлах хүртэл буюу 1990-1992 онд ажилласан Засгийн газрыг Д.Бямбасүрэн тэргүүлж, АН-аас хоёр ч сайд багтсан юм билээ. Түүний танхим 11 яам, 14 сайдтай байв. Анхны парламентын сонгуульд МАХН ялж, П.Жасрай Ерөнхий сайдаар томилогдоход өмнөх Засгийн газарт ажиллаж байсан таван ч сайд улирчээ.
Ардчилсан холбоо эвсэл засагласан он жилүүдэд дөрвөн танхим бүрд багадаа нэг, ихдээ найман сайд улирч томилогдсон байна. М.Энхсайханы Засгийн газарт Д.Бямбасүрэнгийн үед Шадар сайд байсан Д.Дорлигжав Батлан хамгаалахын сайдын хувиар үргэлжлүүлэн ажилласан аж. Ц.Элбэгдорж, Ж.Наранцацрал¬тын танхимд дээр дурдсан эрхэм ХЭГ-ын даргаар гурав дамжин ажилласан.
Ардчилсан холбоо эвслийн сүүлийн Засгийн газрын тэргүүн Р.Амаржаргалын багт өмнөх Ерөнхий сайдын 10 “цэрэг”-ээс найм нь улирч, зөвхөн Хууль зүйн сайд болон ХЭГ-ын дарга нь л солигдсон байх юм.
Гэхдээ зөвхөн АН-ынхан л ийм будилаантай биш. МАХН буюу одоогийн МАН-ынхан ч дотроо байнга албан тушаал, эрх мэдлийн төлөө зөрчил үүсгэдэг. Харин Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан 2000-2004 онд л цорын ганц удаа бүрэн эрхээ эхнээс нь дуустал бүтэн эдэлсэн юм. Бусад үед нь дандаа хоёр Ерөнхий сайд сольжээ. Эдгээрээс М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар л өмнөхөөсөө хүн улираасангүй, “шинэ” хүмүүс томилсон нь одоогоор анхных. Бусад нь багадаа л нэг сайдыг улирааж байжээ. Мөн С.Баярын дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын Засгийн газарт хоёроос бусад хуучин сайд нь үргэлжлүүлэн ажилласан юм.
БОССООС “БООЛ” БОЛСОН НЬ
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улирч томилогдсон эхний хүн биш байжээ. Түүний өмнө С.Баяр, дараа нь У.Хүрэлсүх энэ замыг туулсан юм. МАН-ынхан М.Энхболдын Засгийн газраа 10 сарын дараа огцруулахад С.Баярыг оронд нь томилсон, удалгүй 2008 оны сонгуулиар тэр дахин улирсан юм. Гэхдээ 2009 оны аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний орыг Гадаад харилцааных нь сайд байсан С.Батболд залгав.
Монголын улс төрд олон жил тасралтгүй өндөр албан тушаал хашсан, хашиж байгаа хэдхэн хүн бий. Нэг үе Монгол Улс Н.Энхбаяр гэдэг “хаан”-тай байлаа. 1992 оноос эхлэн дараалан дөрвөн удаа УИХ-д сонгогдсон тэрбээр П.Жасрайн Засгийн газарт Соёлын сайд байв. 1997- 2005 онд МАХН-ын дарга, 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2004-2005 онд УИХ-ын дарга болсон. Улмаар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Төрийн тэргүүнээр сонгогдсон түүхтэй. 2009 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан. Ингээд 2012 онд түүнийг авлига, албан тушаалын хэргээр баривчлагдан, ял сонссоноор улс төрд уруудах үе нь эхэлсэн билээ.
Удаах нь Ц.Элбэгдорж. Тэрбээр 1998 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт есөн сар, 2004- 2006 онд тус тус Ерөнхий сайд байв. Мөн 2009- 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Аль аль албан тушаалдаа харьцангуй нэр хүнд сайтай ажилласан, багагүй зүйл хийсэн хэмээн түүнийг үнэлдэг. Гэвч өнөөдөр тэр “нийгмийн дайсан” болчхоод байна. Шүүх тогтолцооны шинэчлэлийг хийсэн ч эсрэгээрээ “хонгилын шүүгчид”-ийг бий болгосон гэж одоо зарим хүн түүнийг буруутгадаг.
М.Энхболд 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, үүнээс хойш дараалан хоёр ч Засгийн газарт Шадар сайд хийжээ. Мөн 2012- 2019 онд УИХ-ын даргаар ажилласан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “шударга тав” гарч ирснээр түүнийг тасралтгүй өгссөн өндөр албан тушаалаас нь буулгасан түүхтэй.
2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш тасралтгүй өгссөөр 2017-2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга ч эл жагсаалтад зүй ёсоор багтана. Төрийн тэргүүн байсан хүмүүсээс тэр ганцаар УИХ-ын гишүүнээр дахин ажиллаж байна. Олон удаа төрийн сайд хийхдээ багагүй хор хутгасан, цагдаа шүүхээр шалгуулж явсан нэгэн. Одоо тэрбээр улс төр дэх “нууц ноёнтон” болсон гэдэг.
У.Хүрэлсүх 2000 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Тэрбээр 2013 онд эхнэрээ эмчлүүлэх хэрэгтэй болсон учраас УИХ-ын гишүүнээс хүсэлтээрээ татгалзаж байв. Гэхдээ 2014-2017 онд мөн л хоёр Засгийн газар дараалан Шадар сайд, 2017-2021 онд Ерөнхий сайдаар ажилласан. Тасралтгүй, улирч ажилласаар ийнхүү өссөн гэсэн үг. Ингээд углааштай ээжийг өвлийн хүйтнээр зөөсөн “хэрэг”-ээр өөрөө огцорч, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн, тэгээд ялсан. Бас Төрийн тэргүүнээр зургаан жил ажиллаж буй анхны улс төрч. МАН-ынхны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн давуу талыг эдэлж байгаа бас нэг хүн бол яах аргагүй тэр. 2027 онд улирч сонгогдох боломж түүнд одоогоор байхгүй ч “Б” төлөвлөгөөгөө хэдийн бодсон биз ээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн жишээ хамгийн сүүлийнх нь болж байна.
Тэдний түүхээс харахад өндөр албан тушаалд удсан, тогтвортой ажилласан нь үр дүнг дүгнэх шалгуур биш аж. Эсрэгээрээ удах тусам тэд ямар нэг хор найруулж, хууль, эрх зүйг өөрсдийн талд өөрчилж, буруу тогтолцоог бэхжүүлдэг байх нь. Мөн эхний бүрэн эрхийн хугацаандаа тэд нэлээд шаргуу ажилладаг. Гэвч удах тусам хурд нь ч, хүсэл нь саарч, эсрэгээрээ эрх мэдэлдээ удаан үлдэхийн тулд чадах бүхнээ хийж эхэлдэг. УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөс эхлээд улс төрийн өндөр албан тушаалд ажиллах цаг хугацааны хэмжээ, хязгаар зайлшгүй шаардлагатайг энэ бүхэн харуулж буй юм. Парламентад тасралтгүй долоон удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын “рекорд”-ыг эвдэхээр улс төрчид араас нь жагсаж байна. Тэд энэ олон жилд эх орон, ард түмний төлөө яг ямар чухал хууль, бодлого батлуулж, хэр зэрэг үр дүнтэй ажилласан бол. Тиймээс тодорхой хязгаар, тоо тогтоож, дараагийн залуу үед нь боломж олгох учиртай. Г.Занданшатарын танхим бүрдэх үед анх удаа сонгогдсон залуу гишүүд хуучин сайд нарыг улираахыг эсэргүүцсэн нь нэг талаар зөв. Ах нар нь эрх мэдэлдээ шигдэх боломжийг хууль, эрх зүйгээрээ дамжуулан өөртөө бий болгочхоод “ховхорч” өгөхгүй байсаар залуу үеийн зориг, хүслийг мохоох явдал байгаа.
Байж болох төрийн хамаг өндөр албан тушаалыг хашсан, хашиж яваа дээрх эрхмүүдийн цаг үе, “ноёрхол” дуусахаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, хоригдож, босс байснаа “боол” болж буй нь тогтолцоо, зарчим буруу байгаагийн баталгаа биш гэж үү. Үүнийг засахгүй, буруу сэтгэл өвөрлөсөн хүмүүсийг улс төрд “мөнхлөөд” байвал “мангас” төрүүлэх үйл явц тасрахгүй нь.