Олон улсын дугуйн холбооноос улсуудын чансааг шинэчилснээ танилцуулахад Монгол Улсын эрэгтэйчүүдийн элит баг 921.82 оноогоор дэлхийд 37 дугаар байрт бичигдэв. Азийн орнуудын багуудаас Казахстаны тамирчид хамгийн дээд буюу 1323.99 оноогоор 31-т жагссан бол Япон Улс 1104.99 оноогоор 34-т эрэмбэлэгдэж, өнгөрсөн сарын 22-нд гарсан чансаанд бичигдсэн байраа тус бүр хоёроор ахиуллаа. Харин манайх хоёр улсын дараа тивдээ эхний гуравт жагссан хэвээр үлдсэн. Манай улсын багийн ард Тайланд 856 оноотой 39, Узбекистан 799.99 оноотой 42, БНХАУ 776 оноотой 43 дугаар байрт явна. Дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй. Бельги (17707.72), Словени (16951), Испани (14649.95) тэргүүлж байна. Өмнөх чансаанд 21.000 оноотой байсан Бельги 17 000 оноотой болж, Словенээс 800 хүрэхгүй онооны давуутай болсон байна. “Тур де франс-2025”-д словени¬чүүд одтой байж, Тадей Погачар дөрөв дэх түрүүгээ хүртэн, Примож Роглич наймд орсон бол Бельгиэс Ксандро Мёрисс 22 дугаарт жагс¬сан юм. Энэ сарын 23-нд эхлэх “Вуэльта”-д түүх давтагдвал Словени дэлхийн чансааг тэргүүлж эхэлнэ. Олон улсын дугуйн холбоо олимп, ДАШТ-д өрсөлдөх эрхийг улсын чансааг харгалзаж олгодог. Эхний 50 байрт багтсан улс байраасаа шалтгаалан 1-4 тамирчнаа уралдуулах эрхтэй. Үүний дагуу Монгол Улс ДАШТ, олимпын наадмын бөөн гараатай уралдаанд нэг тамирчнаа өрсөлдүүлэх эрхийг хадгалж буй.