Парламент нэг тийм сул дорой, “бэлгэдлийн” байгууллага болж хувирчээ. Гурван шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоосон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэггүй, УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын компаниас хандив авсан хүнээ буцааж дийлдэггүй. Ёс зүйгүй, “гудамжны” хандлагатай зарим эмэгтэй гишүүнээ ч “хүмүүжүүлж” хүчирдэггүй. Эсрэгээрээ Ёс зүй, дэгийн байнгын хороогоо татан буулгачихсан, амар. Гэхдээ уг байнгын хороог татан буулгах агуулга бүхий хуулийн төслийг эгүүлэн татуулах болзлоо хангасан нэгэн гишүүн манлайлсан нь бүр ч хоржоонтой.
Нэмээд Ерөнхий сайдад хариуцлага тооцож чаддаггүй, сайд нарыг огцруулах ч эрхгүй. Учир нь Засгийн газрын тэргүүн л тэднийг томилж, чөлөөлж болно. УИХ-ын хэдэн гишүүн нь хий хоосон шүүмжлэхээс хэтрэхгүй. Тэдний шаардлага, шүүмжлэл “хад мөргөөд” л мартагдаж буй юм.
МАРТАГДСАН ХАРИУЦЛАГА
Энэ УИХ-д эгүүлэн татах ёстой хэд хэдэн гишүүн бий. Юуны өмнө “Хөгжлийн банкны хэрэг”-ээр гурван шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасах ял оноосон гишүүн Дав.Цогтбаатар байна. Өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр энэ тухай тогтоолоо хүлээн авсан ч “Би гишүүн болсныхоо дараа гэмт хэрэг хийгээгүй” гэсэн сонин тайлбар тавьсаар өдий хүрэв. Үндсэн хуулийн 29.3 дахь заалтад “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг эгүүлэн татна” гэж заасан. Гэвч гишүүн болохын өмнө, эсвэл хойно гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг тодорхой тусгаагүй. Тиймээс хуулийн эл “цоорхой”-г хамгаалалт болгон ашиглахаар хаа хаанаа шийджээ. АН-ын дарга Л.Гантөмөр “Би шүүхээс ял аваагүй хүмүүсийг л нэр дэвшүүлсэн. Тэгчхээд дараа нь татна гэдэг утгагүй. Тэр шийдвэрээ өмнө нь гаргахгүй яасан юм. Шүүх залуу хүмүүсээр ингэж хамаагүй оролддог нь буруу” гэсэн тайлбар өгч байв.
УИХ-ын тухай хуульд ямар нөхцөлд гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар бол¬гохыг зохицуулсан. Тухайлбал, 9.1.5-д “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” бол эгүүлэн татахаар заажээ. Ийнхүү хангайн бүсээс УИХ-д сонгогдсон дээрх гишүүнийг эгүүлэн татаж, нөхөн сонгууль явуулах хууль, эрх зүйн нөхцөл хэдийн бүрдсэн атал Төрийн байгуулалтын байнгын хороо нь ч, УИХын дарга нь ч таг чиг.
Удаах нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн хоёрдугаар бүсэд МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүн Э.Болормаа. Түүнийг нэр дэвшиж байх үедээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн ба нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорэйшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэж буй. Тэрбээр өөрөө уг хандивыг буцаасан гэж байгаа ч энэ нь тогтоогдоогүй. Хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гээд л чимээгүй болсон. Хэрэв дээрх хуулийг зөрчсөн нь тогтоогдвол түүнийг эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэх юм.
Тэдэн дээр С.Ганбаатар нэмэгдээд байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ ашиглан тус холбооны эзэмшлийн газарт “МДТоф” ХХК-иар барилга бариулж, тэндээс хамаатан садандаа байр авсан хэрэгт түүнийг буруутган, яллагдагчаар татаад буй. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцвол Дав.Цогтбаатартай ижил нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, “Гишүүн болохоос өмнөх явдал шүү дээ” гээд л бүрэн эрхийнхээ ард нуугдаж мэдэх нь.
Сүүлийн хоёр гишүүний гэм бурууг эцэслэн тогтоогоогүй ч эхнийх нь тодорхой болчихсон. Гэвч нам үл харгалзан хамгаалсаар, хариуцлага тооцохыг мартав.
ПАРЛАМЕНТЫН НЭРИЙГ ГУТААГЧИД
Хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-ын нэр хүндийг гутаагчдын жагсаалтыг тэргүүлж буй билээ. Тэднээс гадна харилцаа хандлага, ёс зүйн асуудалтай хоёр ч эмэгтэй гишүүн бий. Гишүүн М.Нарантуяа-Нара бүдүүлгээрээ зартай нэгэн боллоо. Өчигдөржин л нийгмийн сүлжээгээр түүний хувийн амьдрал, харилцаа хандлагыг шүүн хэлэлцэв. Сэтгэгдэл бүрд хариу бичиж, хэл амаа билүүдэхийг нь яана. Ер нь иргэдийг элдвээр доромжлон гутаах нь түүний хувьд ердийн зүйл болсон. ИЗНН-аас жагсаалтаар гишүүн болсон түүнийг шударга шулуун хэмээн өмгөөлдөг ч үнэндээ УИХын нэр хүндийг шавхайд хутгаж, доош татаж буй хүнийг нэг яалт ч үгүй мөн. Тэр нийгмийн сүлжээнд хүссэнээ бичиж, доромжлонгоо лайв хийж, бараа зардаг “сул” иргэн биш болсон. Монгол Улсын хууль тогтоох байгууллагын гишүүн, нийт ард түмнийг төлөөлөн ажиллах үүрэгтэй хүн гэдгээ огт ойлгохгүй байна. Үнэндээ байхгүй зүйлийг нь бид түүнээс нэхээд байх шиг. Шүүмжилсэн хүмүүст “Би хэдэн тэрбум төгрөгөөр нь хулгай хийсэн биш, тэр Хөгжлийн банк, нүүрсний хулгайч нартаа үгээ хэл” гэж ам тагладаг болсон. Уг нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо түүний асуудлыг хэлэлцэж, хоёр ч удаа сануулга өгсөн юм. Гэвч засарсангүй, дийлдсэнгүй. Одоо уг байнгын хороо татан буугдаж, Төрийн байгуулалтын харьяанд очсон. Нарагаас ёс зүй өөрөө айдаг болчхож хэмээн иргэд шоглож байна. Ёс зүй, дэгийн тэргүүтэй гурван байнгын хороог татан буулгаж, 13-аас найм болгох төслийг гишүүн Э.Болормаа санаачилж батлуулсан юм шүү дээ. УИХ-д ёс зүйтэй гишүүн цөөн тул тусгайлан байнгын хороо байлгах шаардлагагүй гэж олонх нь үзэн, дэмжсэн бололтой юм. Эмгэнэлтэй биш гэж үү.
Наратай гишүүн Ц.Мөнхтуяа “дугуй холбоно”. Хэдэн багшаа “атгачихсан”, өнчин хүүхдүүдийн нэрээр хандив авч хувьдаа завшдаг, мөн л өөрийг нь шүүмжилбэл “ална” хэмээн нийгмийн сүлжээгээр ил тод заналхийлдэг, “гудамжны” харилцаатай нэгэн. Иймэрхүү хүмүүс парламентын нэр хүндийг үнэхээр унагаж, босгыг нь намсгасан. “Ийм хүмүүс биднийг төлөөлөн хууль баталдаг, бодлого боловсруулдаг болчих гэж дээ” гэсэн харуусал төрүүлж буй нь нууц биш.
“САГАСАН” САЙД НАР
Эрчим хүчний сайдаар гурав дахь Засгийн газартаа улирсан Б.Чойжилсүрэнг огцруулахыг иргэд нэлээд эрчимтэй шаардах болсон. Увс аймгийн 100 жилийн наадмыг “өөрийнхөө багц”- аас санхүүжүүлсэн хэмээн ярьж суугаа, “ДЦС3”-т удаа дараа дэлбэрэлт болоход тоймтой арга хэмжээ ч аваагүй, энэ өвөл биднийг хөлдөөж “алах” гэж буй сайд. Гэвч тэр намынхаа “хэтэвч” нь тул огцруулах тухай яривал өгсөн хандиваа буцааж авна хэмээн сүрдүүлж яваа сурагтай
Удаах нь Боловсролын сайд П.Наранбаяр. ХҮН намын тойргоос сонгогдсон хоёр гишүүний нэг тэрбээр сайдын “давхар дээл” өмссөнөөсөө хойш тайлахыг хүсэхгүй байгаа. Оюунлаг, мундаг хүн, Боловсролын сайд болоод энэ салбарыг өөрчилж, хөгжүүлэх байх гэж олон нийт итгэл хүлээлгэсэн ч жил болоход таг л байна. Харин намынхаа Б.Найдалаад зодууллаа л гэнэ, үүсгэн байгуулсан “Шинэ Монгол” сургууль руугаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тендер олголоо л гэнэ. Уг асуудалтай нь холбогдуулан П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нарын гишүүн өнгөрсөн зургаадугаар сард түүнийг огцруулах шаардлага хүргүүлсэн юм. Эдүгээ тэрбээр Боловсролын яаманд нэг тэрбум төгрөгөөр хурлын заал тохи - жуулж, тансагласан хэмээх шүүмжлэлд өртөв. 2025 оны төсөвт тусгасны дагуу тоног төхөөрөмж шинэчлэхэд тэрбум биш, 969.7 сая төгрөг зарцуулсан гэнэ. Олон улсын чанартай хурал зохион байгуулахад хэрэгтэй баахан л тоног төхөөрөмж авсан юм байх.
Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийн ч, УИХ-ын гишүүдийн ч зүгээс тавьсан дээрх хоёр сайдыг огцруулах шаардлагыг хүлээж авах уу, эсвэл үл тоон хамгаалах уу. Гэвч тэр дан¬гаараа бүхнийг шийдэж чадахгүй. Учир нь МАН-ын дарга ч биш, УИХ-ын гишүүн ч бус. Ирэх сард намрын чуулган эхэлнэ. АН, МАНынхан Их хурлаа ч хийнэ. Их улс төр өрнөнө. Дав.Цогтбаатарыг эгүүлэн татах, эсэх талаар хоёр намын “томчууд” хэлэлцэж буй байх. Тийм гэвэл Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас бүрдэх нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль явуулж, МАН-аас Г.Занданшатар өрсөлдөх нь мэдээж. Сонгох, эсэхийг нь иргэд шийдэх ч тэднийг “уяраах” арга хэмжээг МАН-ынхан авч чадна. Нөгөө талаар Ерөнхий сайдыгаа намын дарга болгон албажуулах учиртай. Мөн Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарыг хэрхэхээ шийднэ. ХҮН намын сайдыг солихыг үгүйсгэхгүй. Харин “хэтэвч”-ээ яахыг харж байя.
Мөн нийгмийн сүлжээнд хэрүүл хийж, цахим сүлжээгээр хүн доромжиллоо гээд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломжгүй. Тиймээс хууль тогтоох байгууллагын нэр хүндийг доош унагаж буй Нара гишүүнд түүнийг жагсаалтаар гаргаж ирсэн ИЗНН өөрөө арга хэмжээ авах ёстой. Гэтэл тус намын дарга Б.Батбаатар Нарадаа загнуулаад явж байдаг “аядуу зөөлөн” хүн. Нөгөөх нь ч үүнийгээ мэдээд улам давилуун байгаа билээ. Энэ мэтээр УИХ-д мэддэг юм ч алга, улс төрийн намуудын амыг хардаг л байгууллага болжээ.