Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Omni erdenet miners” багийнхан шинэ улирлын өмнөх солилцоо наймааны ээлжит томоохон дуулианыг зарласан нь Гавьяат тамирчин Т.Санчирыг ахин эгнээндээ нэгтгэсэн явдал болов.
Т.Санчирын тухайд дээд лигт дөрвөнтөө түрүүлсэн төдийгүй “Бүх оддын тоглолт”-д 16 удаа сонгогдож, тэргүүн тоглогчоор тав, “Бүх оддын шилдэг”-ээр хоёр удаа тодорсон Монголын шилдэг сагсчин билээ. Өдгөө 36 настай тэрбээр 2021-2023 оны хооронд “Майнерс”-ийн төлөө хүчин зүтгэж байв. Улмаар 2023 оны арванхоёрдугаар сард “Майнерс”-аас “Налайх бизон” баг руу буурь сэлгэсэн юм.
Сонирхуулахад, “Майнерс”-ийн гол тоглогч Г.Болор-Эрдэнэ гэрээгээ дахин хоёр жилээр сунгасан байна. Тэгэхээр ирэх улиралд бид Т.Санчир, Г.Болор-Эрдэнэ гэсэн довтолгооны хослолыг талбайд харах нь. “Майнерс” багийнхан өнгөрсөн улирлын дээд лигийн тэмцээнийг зургаадугаар байраар өндөрлүүлж, плэйоффын эхний шатнаа “SG apes” багт ялагдсан юм.
Г.Сансар