Манай улсын түүхэнд анх удаа парламентын гишүүдийн 25 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийг холимог системээр зохион байгуулан, тойрогт нэр дэвших 78 хүний 30-аас багагүй хувь нь бүсгүйчүүд байх квот тогтоосон билээ. Мөн намын жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсийг заавал хүйсээр сөөлжүүлэхээр тусгасан. Хүйсийн тэгш эрхийг хангах талаар хууль, эрх зүйн орчиндоо ийм дэвшилт өөрчлөлт оруулсны үр дүнд өнөөдөр УИХ-д 32 эмэгтэй сууж байна. Тэдний 24 нь намын жагсаалтаар буюу автоматаар, үлдсэн найм нь тойрогт өрсөлдөн, иргэдийн шууд саналаар УИХ-ын гишүүн болсон юм.
2015 онд баталсан НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2030 он гэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэсэн. Үүнд манай улс нэгдсэн юм. Энэ амлалтаа 2023 онд л ийнхүү дөхүүлсэн хэрэг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд тавьсан хүйсийн квот 2028 оноос 40 хувь болж өснө. Гэвч парламентад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь зүйн хэрэг ч тоо дагаж чанар ярих хэрэгтэйг зарим улс төрчдийн үг, үйлдэл батлах болов.
НАМЫН ЖАГСААЛТЫН АРД ГЭЭГДСЭН ЁС ЗҮЙ
Энэ парламентад ёс зүйн асуудалтай, нэмээд харилцааны доголдолтой хэдэн эмэгтэй гишүүн бий. Тэд бол Ёс зүй, дэгийн хэмээх бие даасан байнгын хороотой байхдаа ч асуудлыг нь авч хэлэлцэж, зөвлөмж өгөөд бараа¬гүй М.Нарантуяа-Нара, багш нарын эрх ашгийн төлөөх “тэмцэгч”-ийн явуургүй дүртэй Ц.Мөнхтуяа нар. Үүн дээр баруун бүсэд нэр дэвшихдээ л УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан гэгдэж буй гишүүн Э.Болормаа нэмэгдэнэ. УИХ-аас эгүүлэн татахыг олон нийтээс ч, тус тусын намын гишүүдээс нь ч шаардаж буй тэд эмэгтэй улс төрчдийн нэр хүндийг доош татахаас өөр зүйл хийсэнгүй. Харьцангуй нэр цэвэр, авлигаас хол, хууль бус зүйлтэй орооцолддоггүй гэх имижийг эвдэхэд л хувь нэмрээ оруулж байна.
М.Нарантуяа-Нара ИЗНН-аас жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болсон. Гэвч хүний хүмүүжил, төлөвшлийг төрийн өндөр албан тушаал ч өөрчлөхгүйн тод жишээ нь тэр болж байна. “Би ИЗНН-ын биш, ИЗНН миний хүчээр парламентад дөрвөн суудал ав¬сан” гэж тэр ярьдаг, өөрөө итгэдэг.
Нийгмийн сүлжээнд байнга хэл ам таталж, иргэдийг доромжилдгоо тэрбээр “хүний эрх” хэмээн эндүүрнэ. Уг нь эгэл хүн биш, хууль тогтоогч болчихсон учраас харилцаа, хандлага, үг, үйлдлээ хянах үүрэгтэй юм. Өөрийг нь шүүмжилсэн, эсрэг сэтгэгдэл бичсэн хүн бүрд хариулж хэрэлдэнэ. Үнэхээр завтай. Ямар ч хамаагүй аргаар олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсдэг нэг төрлийн “эмгэгтэй” мэт. Өөрийг нь шүүмжилсэн хүмүүст тэрбээр “УИХ-ын гишүүн болоод ганцхан жил болж байхад надаас битгий элдэв юм нэх. Нүүрсний, “Хөгжлийн банкны хэрэг”-т холбогдсон хулгайч, луйварчдадаа хэл” гэдэг. Баас бага байсан ч өмхий, их байсан ч өмхий. Ёс зүйгүй үйлдэл гаргасан бол иргэд түүнийг шүүмжлэх эрхтэй. Мөн ёс зүйтэй байхыг, шударга үйлдэл хийхийг шаардах ёстой. Тэр ийм л албан тушаалд оччихсон юм. Мөн нэг жил гэдэг бол хийх хүнд асар урт хугацаа. Сайхан ярьдаг шигээ хуулийн төсөл санаачлаад, батлуулж хангалттай амжина. Гэтэл Нара хүн доромжилж, хэрүүл хийхээс өөр юу амжуулав. Ээлжит нэгэн шуугианыхаа дараа тэр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хуулийг батлуулаад л бууя, ирэх жилүүдэд миний автор болох ажил тэр л байг” гэсэн. Тийм хууль батлуулбал хамгийн түрүүнд эгүүлэн татагдах хүн нь тэр өөрөө байх болно. Нөхрөөсөө салснаа нийтэд тунхаглаж, алдааг бусдаас хайж байснаа “Намрын чуулган эхлэхэд энэ УИХ-ын гишүүний ажлыг чинь буцаагаад өгчихнө” гэв.
Ц.Мөнхтуяа гишүүн ч үе үе шуугиан тарьдаг. Мөн л нийгмийн сүлжээний “хэнээрхэл”, харилцааны асуудалтай. Хүмүүсийг заналхийлнэ, доромжилно. Тэр бол багш нарын нэр барьсан бүдүүлэг эмэгтэй. Хууль санаачлах бүрэн эрхтэй хүн болсон ч багш нарынхаа амьдралыг сайжруулахын төлөө ямар төсөл боловсруулав. Юу хийв. Хариулт байхгүй. Гагцхүү Боловсролын сайдыг “амлан авч” шүүмжлэхээс хэтэрсэнгүй. Өнчин хүүхдүүдийн төлөө босгосон хандиваас өөртөө завшсанаас эхлээд л түүний үнэн дүр төрхийг олон нийт мэддэг болсон. АН-ынхан ээлжит удаагаа эл гишүүнийг эгүүлэн татахыг шаардаж байна. Тэр ч бас “Би АН-ын буянаар УИХ-д сонгогдоогүй, хэдэн багш нарынхаа саналын буянаар гишүүн болсон шүү” хэмээн томроод авсан. Үнэндээ УИХ-д ийм гишүүн байдгийг дээрх ёс зүйгүй үйлдэл нь ил болсны дараа л олон нийт мэдсэн. Сураггүй нэ¬гэн яагаад ч юм АН-ын жагсаалтын 16-д жагсан ороод ирсэн. Ийм бүдүүлэг, ёс зүйгүй хүнийг яагаад жагсаалтад оруулснаа тайлбарлахыг АНын зарим гишүүн шаардаж буй.
Мөн хэдийгээр тойргоос сонгогдсон ч эхлэлээ будилаантай тавьсан гишүүн Э.Болормаа ч эмэгтэйчүүд улс төрд сонгогдоод хов жив, хэрүүлээс хэтэрдэггүй, тоймтой ажил хийдэггүй гэсэн буруу ойлголтыг нийгэмд түгээхэд дээрх хоёр гишүүнтэй хамтран хүч нэмж байгаа юм.
Ийм л хүмүүс намын нэр, түүнд өгсөн иргэдийн саналын хүчээр хууль тогтоох байгууллагын босгыг давсан байна. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмж, нийгмийн бүлгүүдийн төлөөл¬лийг УИХ-д оруулахаас эхлээд давуу тал олон ч намын жагсаалтын ард ёс зүйгүй, бүдүүлэг, “гудамжны” хүмүүс ямар ч шалгуургүйгээр гишүүн болдог том сул тал холимог тогтолцоонд байдаг аж. Юу нь буруу, зөв, хэзээ, хаана юу ярихаа мэддэг, хянадаг наад захын чадваргүй хүмүүсийг уг жагсаалтын ард “нуун” гишүүн болгосны гайг өнөөдөр бид нийтээр шүүн хэлэлцэж сууна.
НАМГҮЙ БОЛ ТЭД ХЭН Ч БИШ
АН, ИЗНН-гүй байсан бол жагсаалтаар гарч ирсэн дээрх хоёр эмэгтэй ийм өндөрт “дүүлэхгүй”. Тийм боломж, чадвар тэдэнд үгүй. Ц.Мөнхтуяа гишүүнийг дээр дурдсанчлан хэдэн багшаас нь өөр хүн танихгүй байв. Нара хэдийгээр олны танил ч өмнө нь Баянгол дүүрэгт хоёр ч удаа бие даан сонгуульд өрсөлдөөд барахгүй гэдгээ ойлгосон хүн. Ийм байхад тэд намын хүчээр гишүүн болоогүй гэж “даналзаад” байдаг.
Тэгвэл намд өгсөн санал тэднийг яаж ги¬шүүн болгосон бэ. 2024 оны сонгуульд нийт 1.4 сая сонгогч оролцож, саналаа өгсөн. Тэднээс МАН 500 123, АН 429 456, ХҮН нам 146 665, Үндэсний эвсэл 73 575, Иргэний зориг ногоон нам 71 766 санал авчээ. Үлдсэнийг бусад нам, эвсэл хуваасан байна. Улмаар эдгээр санал МАН-д жагсаалтаар 18, АН-д 16, ИЗНН болон Үндэсний эвсэлд тус бүр дөрөв, ХҮН намд зургаан суудал авчирсан юм.
2016 оноос хойших хоёр сонгуульд АН ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. Тэр найман жилд сөрөг хүчингүйн зовлонг монголчууд нийтээр амссан билээ. Нэг намын тогтолцоо “залуу дарангуйлагч”-ийг төрүүлж, ардчиллын үнэт зүйлс бага багаар алсарч эхэлсэн. Тиймээс л ардчилсан тогтолцоогоо аврахын тулд 420 гаруй мянган иргэн АН-д итгэж, саналаа өгсөн хэрэг. Тэдний хүчээр энэ намаас жагсаалтаар 16 хүн сонгогдож, Ц.Мөнхтуяа дунд нь багтсан. Түүнээс тэр тойрогт өрсөлдсөн бол сонгогдож чадахгүй гэдэгт итгэлтэй байна.
ИЗНН-ын хувьд 2000-2016 онд парламентад төлөөлөлтэй явсан цорын ганц гуравдагч хүчин. Угаас нэр цэвэр нам. Хэдийгээр сүүлийн хэдэн жилд “унтаа” байгаад Нарагийн нөлөөгөөр “сэрсэн” байж болох ч тэд харилцан бие биедээ тусалсан юм. Намгүй бол Нара өнөөдөр иргэдийг дээрээс загнаад суухгүй л байсан. Тэгвэл эдгээр гишүүнийг эгүүлэн татах хууль, эрх зүйн боломж бий юү.
Аливаа намаас шийдвэр гарган УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль, эрх зүйн орчин үгүй. УИХ-ын гишүүнийг хугацаанаас өмнө эгүүлэн татах үндэслэлийг УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд тусгасан юм. Уг хуулийн 9.3 дахь “Тухайн гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт Цэц гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах, эсэх асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалтыг ашиглах боломж намуудад бий. Жагсаалтад багтаад “дээш залсан” гишүүнээ буцааж татахын тулд ийм л ярвигтай үйл явцыг туулах нь. Мөн 9.1.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” гэсэн заалт бий. Нарад тохирох заалт гэсэн үг. Гэвч “орж гардаг” зантай хүн тул бодлоо өөрчилснөө тэрбээр өчигдөр цахим хуудсандаа бичжээ. “Ажлаа өгч та нарыг баярлуулахгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж өгсөн хугацаандаа ажиллана” гэсэн байна. Өргөсөн тангарагт нь бусдыг дураараа доромжлон, хараах үйлдэл багтаагүй л юмсан. Ц.Мөнхтуяа, Э.Болормаа нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүмүүс биш. Арай гэж олдсон боломжоос үхтэл зууралдах нь мэдээж. УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөнийг нь холбогдох байгууллагаас шалган тогтоож, шүүх гэм буруутай гэж үзвэл Э.Болормааг УИХ-ын тухай хуулийн 9.1.5-ын дагуу эгүүлэн татах боломж бүрдэнэ. Шалгаж эхэлж буй бүү хэл гурван шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоочихсон гишүүнийг манай УИХ эгүүлэн татаж барахгүй байгаа. Тэгэхээр эмэгтэй улс төрчид, цаашлаад парламентын нэр хүндийг гутааж, иргэдийн итгэлийг дэвсэлж буй эдгээр гишүүн бүрэн эрхээ дуустал байх магадлал өндөр. Тиймээс ирэх жилүүдэд парламент эдгээр “хар сүүдэр”-ээсээ салж ч чадахгүй, дарж ч барахгүй зүдрэх нь.
Даруулгагүй гишүүдээ эгүүлэн татаж барахгүй юм бол нэр дэвшүүлэх үеэс нь л зөв шийдвэр гаргахад намууд анхаарах хэрэгтэй болж байна. Намын жагсаалтыг дарга нар нь голдуу мэдэж эрэмбэлдэг. Ингэхдээ улс төрийн бүлэглэлийн эрх ашиг, мөнгө, хандив голдуу харж хуваарилдаг билээ. Ц.Мөнхтуяа “Женко”-гийн хүн учраас л жагсаалтын дээгүүр бичигдэж чадсан гэсэн хардлага байдаг юм билээ. Бүлэглэлийн эрх ашиг, тохиролцоо, “наймаа” хийхдээ ядаж уг хүнийх нь ёс зүй, харилцаа хандлагыг тооцож, нэр дэвшүүлдэг баймаар. Үгүй бол намынхаа ч , эмэгтэй улс төрчдийн ч, цаашлаад парламентын ч нэр хүндийг энэ хэдэн “мануухай” чинь алаад дууслаа.