Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гуравдагч хүчний намууд он гарснаас эхлэн материалаа хүргүүлж буй ч олон удаа буцаагдсан. Тиймээс зарим нь “АН, МАН-ыг харзнаад байна. Тэд шийдвэрээ гаргасны дараа л дахин хандъя” гэсэн байр суурьтай байв. Тэгвэл бие биеэ тандан хүлээзнэж, хөшигний ард тохиролцоогоо хийж байсан дээрх хоёр намынхан хөдөлгөөнд орж эхэлжээ.
Хамтарсан Засгийн газраас гарсны дараа Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ огцорсон учраас дараачийн Ерөнхий сайд Г.Занданшатарт МАН-ын даргын тамгаа шилжүүлэх ёстой. Гэвч энэ нь тийм ч амархан ажил биш байж. Үндсэн дүрмээ боловсруулах нэрээр эл хоёр намынхан цаг хожиж, гол нь дараагийн даргаар хэнийг сонгох тохиролцоогоо хийсэн гэх.
О.Цогтгэрэл сонгогдох магадлал өндөр
Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдсэнээс эхлээд л тус намд даргын төлөөх марафон өрнөсөн. АН-ын олон фракц тус тусын нэр дэвшигчээ зүтгүүлж, нэг хэсэг бужигнав. УИХ-ын гишүүд дотроос горилогчид тодорсон. О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Х.Тэмүүжин гээд жагсаалт үргэлжилнэ.
Горилогчдын эл марафоныг дуусгаж, ҮБХ-оор шинэ даргаа тодруулан, Их хурлаараа батламжлахыг хүсэж буй хүн олон. Тиймээс долоодугаар сард ҮБХ-ны хурлаа хийхийг дэмжиж, 168 гишүүн нь гарын үсгээ зурсан юм байна. Гэвч монголчуудын амрах, найрлах цаг таарсан, нөгөө талаар Л.Гантөмөр наймдугаар сарын сүүлчээр ҮБХ-ны хурлыг зарлаж, ажлаа өгье гэсэн тул хойшлуулсан аж. Бүр О.Цогтгэрэлд тамгаа өгөхөөр тохиролцсон гэх.
Гэвч дунд нь Л.Гантөмөр ярьснаасаа буцаж, ажлаа өгөх, эсэхдээ эргэлзсэн гэсэн “хардлага” гарав. Тиймээс л фракцууд энд тэнд хуралдаж, энэ долоо хоногт түрүүчээсээ олон нийтэд мэдэгдэл, шаардлагаа ил болгосон юм байна. Долоодугаар сард цуглуулсан 168 хүний гарын үсэг бүхий “ҮБХ-г 14 хоногт багтаан хуралдуул” гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Б.Түвшин, Ц.Баатархүү нар тавьсан бол Г.Баярсайхан тэргүүтэй “Хийморь” фракцынхан “Нам эзгүй байна. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намыг ялагдуулсан шат шатны даргыг огцруулах ёстой” гэсэн юм. Ийнхүү фракцууд хөдөлгөөнд ороод эхэлсэн тул Л.Гантөмөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа уржигдар орой зарлаж, ҮБХ-г энэ сарын 28-нд хуралдуулахаар товложээ. Бас ажлаа өгөх хэвээр гэдгээ баталгаажуулсан байна.
ҮБХ-ны хурлаар горилогчид намын даргад нэрээ дэвшүүлнэ. Үүнээс гадна заалнаас ч хүмүүс өрсөлдөх төлөвтэй. Эмэгтэйчүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Ж.Баярмааг нэр дэвшүүлэх сураг байна. Гэхдээ эдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэдгийг эх сурвалж өгүүлэв.
Намынхаа дараагийн даргыг тодруулах улс төрийн зөвшилцөл, тохиролцоо нь 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай ч хамааралтай. Аль фракц хүнээ дарга болгоно, тэндээс Төрийн тэргүүнд нэр дэвшигчийг тодруулна. О.Цогтгэрэл дарга болбол “Мондэ” фракцаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хийморь”-оос УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх урьдчилсан тохиролцоо хийсэн гэх. Бусад фракцаас ч илүү даацтай хүнээ нэр дэвшүүлэх биз ээ.
Ямартай ч АН-ынхан ҮБХ-гоор намын дараагийн даргаа эв найртай сонгож, асуудлаа хэлэлцэж чадвал маргааш нь залгуулаад Их хурлаа хийж, баталгаажуулахаар төлөвлөж буй аж.
Г.Занданшатар намын даргын тамгаа авч чадах уу
МАН Бага хурлаа есдүгээр сард хийнэ гэж ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь мэдэгдсэн билээ. Улмаар Их хурлаа товлоно. АН хэзээ хуралдах нь тодорхой болсон тул МАН-ынхан ч товоо удахгүй зарлах биз ээ. Үүгээр үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод өөрчлөлт болон гол нь намын даргын асуудлаа шийдэх юм. Эдгээрээс Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын тамгаа авч чадах, эсэх нь илүү анхаарал татаж байна. МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан. Энэ ёсоор Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад улирч сонгогдож байв. Гэвч одоо тэр УИХ-ын гишүүний “дан дээл”-тэй болсон. Хэдий тийм ч МАН-ын даргын албаа өгөөгүй яваа. Тус нам Их хурлаасаа даргаа сонгодог дүрэмтэй. Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ыг зорьж, тэндээ амьдарч буй гэх мэдээлэл бий. Юутай ч УИХ-ын гишүүний ажлаа огт хийсэнгүй. Засгийн газрын тэргүүнээс арга буюу огцрох хүртлээ мань эр суудалдаа үлдэх гэж олон ч арга хэрэглэсэн. Мөн “Өөрийн хүндээ Ерөнхий сайдын албаа өгнө” гэж зөрсөн гэдэг. Тэр нь түүний найз, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Харин өнөөх нь спикер хэвээр үлдэхийг сонгосон юм. Энэ мэтээр өөрийгөө “хаан” мэт эндүүрч байсан учраас Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцэж байсан УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уур амьсгалыг өөрчилж, эргэлзээг тасалсныг уншигчид мартаагүй.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнээс намын даргыг нь авч, Г.Занданшатарт өгөхөд мөн л Төрийн тэргүүний оролцоо хэрэгтэй болж мэдэх нь. Учир нь экс Ерөнхий сайд нөлөөгөө алдахгүйг хичээсээр байгаа гэнэ. Элдэв уулзалт сэм хийж, “хор найруулсаар”, намын даргын тамгаа одоогийн Ерөнхий сайдад биш, УИХ-ын дарга анддаа өгнө гэсэн тухай зарим сайтад мэдээлжээ. Ингэх нь дүрмийн бус үйлдэл болно. Үүнийг У.Хүрэлсүх зүгээр хараад суухгүй. Г.Занданшатар бол түүний хүн. Тиймээс томилуулсан Ерөнхий сайддаа намын даргын тамгыг нь авч өгөхөд санаа тавихаас аргагүй.
Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн томилогдсон, сонгогдсон албан тушаалаа төрийн ч бай, намын ч бай “өмчилсөн” гэж эндүүрдэг гэмтэй. МАН-ын Их хурлын төлөөлөгчид бүлэглэлээрээ хуваагддаг ч олонх нь эрүүл сэтгэлгээтэй, дүрэм журмаа дагадаг гэж найдаж байна.
Ийнхүү намын даргын төлөө “алалцаж” буй нь мөн л удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Улс төрчид үргэлж холын эрх ашгаа харсан, давхар нүүдэл хийхийг зорьдог. Г.Занданшатар дүрэм ёсоор намын даргаа авбал У.Хүрэлсүхийн талаас 2027 оны сонгуульд нэр дэвшүүлнэ. Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдийн олонхыг “худалдаж авч”, дүрмийн бус сонголт хийлээ гэж бодвол түүний талд байдал ашигтайгээр эргэнэ.
Ирэх долоо хоногоос гол намууд ийнхүү бужигнаж, намрын их улс төр албан ёсоор эхлэх нь.