- ҮБХ-ны гишүүдийн 62.4 хувийн саналаар түүнийг АН-ын даргаар сонголоо –
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) Төрийн ордонд өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж, намын даргын сонгуулиа хийлээ. Тус намын шинэ даргыг тодруулах үйл явцыг өнгөрсөн долоо хоногийн турш улс орон даяар ажиглаж, горилогчид болон албан ёсны нэр дэвшигчдийг нийтээр шүүн хэлэлцэв. Нэг л улс төрийн намын дотоод асуудал мэт боловч энэ нь ардчилсан тогтолцоогоо хамгаалж үлдэх үү, үгүй юү гэдэгтэй хамаатай, иргэн бүрд хүртээлтэй сэдэв учраас тэр. Монгол Улсад нэг намын тогтолцоо, давуу эрх тогтоочихгүйн тулд бидэнд чадалтай сөрөг хүчин хэрэгтэй. Энэ орон зайг АН-аас өөр дүүргэх, МАН-д хяналт тавьж, хазаарлах нам үгүй. Тиймээс л АН-ын дараагийн дарга хэн байхаас улс төр, цаашлаад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хамаарах болоод буй.
Уг сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа болон ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар албан ёсоор нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн юм. Ингээд ҮБХ-ны 314 гишүүнээс О.Цогтгэрэл 62.4 хувийн саналаар АН-ын дараагийн даргаар сонгогдов.
НЭГ НЭР ДЭВШИГЧ 102 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ТӨЛЖЭЭ
АН-ын даргад нэр дэвшигчдийг тодруулах гэж нэлээд өрсөлдөөн өрнөсөн. Тус намын ҮБХны эхний хуралдаан өнгөрсөн сарын 28-нд болж, даргаа тодруулах Дотоод сонгуулийн хороог байгуулсан юм. Үүнээс өмнө Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар намын даргад горилж байв. Горилогчдын жагсаалтад хоёр ч эмэгтэй орсон нь сайн. Гэвч Л.Мөнхбаясгалангийн хувьд Х.Баттулгын “улаан хамгаалагч”. Мөн тэрбээр даргынхаа ижил эзэмшсэн боловсрол нимгэн. Гол нь үүгээрээ “гайхуулж”, давуу тал болгохыг хичээсэн уянгын халил нь иргэдийг талцуулсан юм. Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн зургаан сарын дамжаа төгсөж, сурвалжлагч болсон нэгэн. Хожим тэрбумтан сэтгүүлч болчхоод сурах боломж байсан ч ажил хэрэг болгоогүй нь үүнд ач холбогдол өгөөгүйг илтгэнэ. О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар ҮБХ хуралдахаас өмнө мэдээлэл хийхдээ “Намын хүчин төгөлдөр дүрэм ёсоор зургаан сарын өмнөөс л гишүүнчлэлтэй болсон бол бүх шатны даргын сонгуульд өрсөлдөх боломжтой” гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Дотоод сонгуулийн хороо нь “Сүүлийн 10 жилийн турш гишүүнчлэлтэй, мөн ҮБХ-нд дөрвөн жил ажилласан байх” шалгуур тавьдаг дүрмийг сануулснаар тэд хасагдсан. “Женко”-гийнхний зүгээс хоёр нэр дэвшигч нь хасагдсан тул УИХ-ын гишүүн Ө.Шижирийг нэг түлхэж үзсэн ч мөн л тэнцсэнгүй. Тэрбээр АН-ынхан даргад нэр дэвшигчдээс 200 сая төгрөгийн татаас авч байгаа тухай мэдээлсэн юм. Тэгвэл тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Ил тод, нээлттэй, шударга ажиллах зарчмыг манай хороо баримталж байна. 2023 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан журмын дагуу нэр дэвшигчдийг бүртгэсэн. Нэг нэр дэвшигчээс 200 биш, 102 сая төгрөгийн сонгуулийн зардал гаргасан. Манай намын Их хурал 1400 гишүүнтэй, орон нутгуудаас ирнэ. Сонгуулийн зардалд нийт 408 сая төгрөг зарцуулахаар тооцсон, уг мөнгийг даргад нэр дэвшигчид хувааж гаргаж буй юм. Гурван жилийн өмнө баталсан дүрмийн хүрээнд энэ ажил өрнөж байна. Намын даргад өрсөлдөх шийдвэрийг тэд нэг өглөө босоод л гаргачихдаггүй. Дүрмээ мэдэж байгаа, бид ч зардлаа босгох хугацаа олгосон” гэв.
Мөн гишүүдээ хайрцаглаж байна, мөнгө тараах нь гэх мэт хардлагын талаар С.Эрдэнэболд “ҮБХ-ны гишүүд тус тусын шатнаас сонгогддог, 20 орчим жил намын гишүүнээр ажилласан хүмүүс. Одоо хуралд оролцож буй 363 гишүүнийг бүгдийг нь худалдаж авах боломжгүй. Хэрэв санал худалдаж авах ямар нэг оролдлого гаргавал тухайн нэр дэвшигчийг шууд хасна” гэсэн юм. АН-ын зарим нэг горилогч гоморхож, 200 сая төгрөгийн босго тогтоосон тухай шуугьсан бол МАН-ыг магтан дуулдаг “нөлөөлөгч” эмэгтэй тус намын даргын сонгуульд хошуу дүрэхийг оролдов. Гэвч хэн нь хэн бэ гэдгийг иргэд ч, АН-ын гишүүд ч ялгадаг болсон учраас түүний “ажиллагаа” хол явсангүй. Тус намын энгийн гишүүдээс “Энэ удаагийн ҮБХ эв найртай болж байна. “Женко”- чдоос салахыг үнэхээр хүсэж буй нь мэдрэгдлээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ИЛ ТОД МЭТГЭЛЦЭХ СОЁЛ
АН-ын даргын сонгууль олон нийтэд нээлттэй өрнөж, дөрвөн нэр дэвшигч нь өнгөрсөн сарын 30-нд шууд мэтгэлцээнд оролцсон юм. Өмнө нь тус намын АЭХ-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигчид мөн ийнхүү шууд мэтгэлцэж байсан билээ. Юутай ч ийнхүү ил тод мэтгэлцэн, нийт найман асуултад өгсөн нэр дэвшигчдийн хариултаас хэн нь ямар үзэл бодолтойг харж болохоор байв. Олон фракцынхаа эрх ашигт ороогдож, буруудаад байдаг АН-ын эв нэгдлийг хэрхэн хангах тухайд дүрэмдээ хатуу зохицуу¬лалт хийж, түүнийгээ мөрдүүлэх, улмаар стратегийн манлайлал хэрэгтэй гэж О.Цогтгэрэл хариулсан. Б.Пүрэвдоржийн тухайд гишүүдээ сонсдог, нээлттэй нам байж, дунд шатанд эрх мэдлийг нэмж байж эв нэгдлээ хангана гэж үздэг аж. Ж.Баярмаа “Намын үзэл баримтлалаа байнга тордож, бодлогын мэтгэлцээн явуулж байх ёстой. Манай дүрэм тийм ч муу биш, үүнийгээ гуйвахгүй баримталж чадвал эв нэгдэлтэй, бат бөх нам байна” гэв. Нэр дэвшигч Б.Отгонбатын тухайд үнэт зүйлээсээ холдохгүйгээр, нээлттэй байхыг илүүд үзжээ.
Хэрэв МАН тус намыг дахин Засгийн газарт урьвал яахыг асуухад О.Цогтгэрэл гишүүн ҮБХ-ны шийдвэрийг харгалзана гэсэн бол Б.Пүрэвдорж “Нийт сонгогчийн 55 хувь нь МАН, 45 нь АН-д саналаа өгсөн. Энэ харьцааг бүх томилгоонд хэрэгжүүлнэ гэвэл хамтарч болно” гэсэн юм. Харин Б.Отгонбат, Ж.Баяр¬маа нар хамтрах биш, дангаар олонх болоод бодлогоо хэрэгжүүлэх ёстойг хэлсэн.
Юутай ч эдгээр нэр дэвшигч АН-ын гишүүнээс 10-аас дээш жил болж, анхан шатны нэгжээс нь ажилласан туршлагатай аж. Гэхдээ УИХ-д 42 гишүүнтэй нам учраас парламент дотроос дарга нь тодорвол эрх мэдлийн хувьд ч тэнцүү байж чадна. Ийм байр сууриа С.Баярцогтоос эхлээд илэрхийлнэ лээ.

ЭМЭГТЭЙ ДАРГАТАЙ БОЛОХ ХҮЛЭЭЛТ
Энэ удаа чамбай, зоримог улс төрч бүсгүй Ж.Баярмаа уг сонгуульд өрсөлдөх болсонд олон хүн талархалтай хандав. Мэтгэлцээний үеэр ч хэн нь илүү бодит, шууд хариулт өгч буйг уншигчид анзаарсан болов уу. АН түүхэндээ эмэгтэй даргатай байж үзээгүй. Тиймээс чадварлаг, туршлагатай эмэгтэйн удирдлага дор АН-ыг сэргээх, өөрчлөх боломж эдүгээ бүрдэж мэдэх нь хэмээн итгэж байсан аж. Элдэв фракцын “хор найруулга”-д автахгүй, эрх ашиг, албан тушаалаар үнэт зүйлээ арилжихгүй ажиллаж, АН-д өөрчлөлт хийх чадвар, туршлагатай хүн хэмээн иргэд, олон нийт ч түүнийг дэмжив. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос эхлээд намынх нь цөөнгүй гишүүн Ж.Баярмааг дэмжиж, найдлага тавьж байлаа.
УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жилийн хугацаанд тэрбээр ямархуу чамбай улс төрч гэдгээ хангалттай харуулсан. АН хамтарсан Засгийн газарт багтсаныхаа дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгаалагч болж хувирсан хугацаанд тэр л ганцаараа шахам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл үрэлгэн, тооцоо, судалгаагүй зардал ихтэй байгааг тэрбээр шүүмжилж, зарчмын зөрүүтэй санал гарган ажил хэрэгчээр хандсан. Улмаар олны анхаарлыг уг сэдэвт хандуулан, парламент Засгийн газарт хяналт тавих биш, дагуул нь болж хувирсныг илчилсэн юм. Хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд хийсэн ч бодит үр дүн гэхээс илүү олон чухал үзүүлэлтийг ухрааж, иргэдийн амьдралыг улам доройтуулсан түүнийг зоригтой шүүмжилдэг байв. Тиймээс ч өмнөх Засгийн газрын тэргүүний зүгээс түүнийг харлуулах олон цуврал ажиллагааг нийгмийн сүлжээгээр дамжуулан явуулсан нь нууц биш. Тухайлбал, С.Баярцогт, Ц.Элбэгдоржийн хүн хэмээн харддаг. УИХын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гишүүний асуултад “Баярцогт даргад хариулъя” хэмээн хэлээд олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Эл өдрүүдэд ч өнөөх хардлага эрчимжээд амжив. Үүнд гишүүн Ж.Баярмаа “Намайг Ц.Элбэгдорж, С.Баярцогт, эсвэл MCS группийн хүн болгож ярьсан. Миний ард ямар ч том лидер байхгүй. Харин таван жилийн өмнө АН сонгуульд ялагдсаны дараа үеийн залуустайгаа нийлээд намаа өөрч¬лөх, шинэчлэх зорилгоор “Нээлттэй ардчилал” гэдэг клубийг байгуулж байсан. Уг клубийн залуус болох журмын нөхөд минь л миний ард бий” гэсэн хариулт өгчээ. Хэрэв АН Ж.Баярмаа гэдэг даргатай болсон бол 2028 оны сонгуулиар ялах магадлал нь нэмэгдэнэ гэсэн итгэл байсан юм. Энэ талаар тэрбээр “Намынхаа нэр хүндийг 40 хувьд хүргэж байж дараагийн сонгуульд ялах боломж бүрдэнэ. Үүний тулд АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Барууны орнуудад үзэл баримтлал ойр намууд л эвсдэг. Харин МАН, АН хоёр огт өөр үзэл баримтлалтай учраас хамтрах боломжгүй. Би намын дарга болбол МАН-ын зөвийг тууштай дэмжиж, бурууг хатуу шүүмжилнэ, шийдэх гарцыг нь санал болгоно” гэсэн юм. Хэдийгээр ийм өндөр хүлээлт байсан ч нууц санал хураалтын дүнд ердөө 33 гишүүн нь түүнд саналаа өгчээ.
Удаан хугацааны дараа АН-ын ҮБХ харьцангуй эв нэгдэлтэй хуралдсан нь энэ. Эхлээд дөрвөн нэр дэвшигч тус бүр 20 минутад мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улмаар гишүүдийнхээ асуултад хариулсан байна. Ингээд санал хураахад 314 гишүүнээс О.Цогтгэрэл 196 хүний буюу 62.4 хувийн санал авч, АН-ын даргаар сонгогдох болзлоо хангав. Б.Пүрэвдорж 82, Ж.Баярмаа 33, Б.Отгобаяр гурван хүний санал авчээ. Хэрэв 10-аас дээш хувийн санал авсан хүмүүс нэрээ татахгүй бол хоёр дахь удаагаа санал хураах байв. Гэвч О.Цогтгэрэл үнэмлэхүй олонхын санал авсан тул Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсан байна. Ийнхүү АН-ын дараагийн дарга тодров.
ҮБХ-ны хурал ийм эв найртай, ил тод болсон нь сайн хэрэг ч АН-ын даргын сунгаа аль тавдугаар сараас эхэлсэн учраас найр, наадмын улиралтай зэрэгцүүлэн фракцууд аль хэдийн тохироогоо хийсний бас нэг илрэл болж буй бололтой. “Женко”-гийн багаас “битүү морь” болгон сойсон гэх Б.Отгонбаярт ердөө гурван хүн санал өгсөн байх юм. Үүний нэг нь магад тэр өөрөө биз. “Сойсон” хүндээ уг фракцаас ийм л санал өгсөн гэхээр О.Цогтгэрэлийг сонгохоор талууд тохирсон байсны баталгаа юм. Юутай ч УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хоёр дахь парламентдаа ажиллаж буй, гишүүдээ “базаад” явчихдаг учраас гайгүй дарга болно гэж найдна.
17.00 цагт АН-ын Их хурал үргэлжлүүлэн хуралдаж, намын шинэ даргаа албан ёсоор батламжиллаа.