Болгарын Софи хотод зохион байгуулсан жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголоос 20 жүдоч оролцсоноос охидын 40 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг илүүрхэж, шагналын тавцанд зогссоныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дасгалжуулагч Г.Отгонцэцэгийн удирдлагад 57 кг-д хүч сорьсон жүдочдоос “Виннер” клубийн тамирчин М.Цэндбазар алтан медалийн төлөө Японы Нонока Ямакаваг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аварга боллоо. Тус жинд мөн “Женко” клубийн Г.Энхжин ОХУ-ын тамирчин Екатерина Ждановаг цагийг нь дуусахаас таван секундын өмнө хожин хүрэл медалийн болзол хангаснаар манай улсын баг эхний гурван өдрийн байдлаар нэг алт, хоёр хүрэл медальтай VI байрт жагсаж байна. Өнгөрсөн жил Перу улсын Лима хотоос “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа 57 кг-д эх орондоо алтан медальтай ирсэн. Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн зодоглож байсан жинд өсвөр үеийнхэн жил дараалан финалдлаа.