УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын Казахстан, ОХУ-д хийсэн айлчлал өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөв. Эрх баригч МАН-ын гол томчууд ийнхүү эх орондоо цугласан тул энэ долоо хоногт Бага хурлынхаа товыг албан ёсоор зарлана гэсэн хүлээлт үүсээд байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэн нь намаа авах вэ гэсэн өрсөлдөөн тус намд өрнөж буй юм. Дүрмээ мөрддөг бол намын дарга нь Ерөнхий сайд болдог. Үүний дагуу Г.Занданшатар намын дарга болох учиртай. Гэвч Засгийн газрын тэргүүнийг манай улсын түүхэнд хамгийн удаан хашихдаа “дарангуйлагч” болж хувирсан Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгаа тийм амар өгөхгүй шинжтэй. МАН дотор 1980, 1970-аад оныхны “зодоон” үргэлжилж, бүлэглэлүүд тус тусдаа уулзан, “хор найруулсаар” удав. Гэхдээ талууд тохиролцоонд хүрсэн цагт Бага хурлаа зарлана. Энэ бол МАН-ын онцлог. Улмаар тэд тохиролцож гаргасан шийдвэрээ 100 хувь гар өргөн баталгаажуулдаг билээ. Харин шийдэл нь яаж гарах вэ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЙДАС
МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ ёсоор олонх болсон намын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон юм. Гэвч тэрбээр хүүгийнхээ тансаглалын эх үүсвэр, орлогыг нотолж чадаагүй учраас огцорч, Г.Занданшатар орыг нь аваад буй. Тиймээс шинэ Ерөнхий сайддаа намын даргын тамгыг шилжүүлэх учиртай гэсэн үг. Харин тус намын дүрэм ёсоор даргыг нь Их хурлаас томилдог. Тиймээс л Их хурал болтол хэдэн сарын турш МАН-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр өөр хүн хашихад хүрсэн байх нь.
Гэхдээ МАН-ынхан нэгэнт тодорхой болсон асуудлаа шийдэх Их хурлаа хийлгүй яагаад ингэж удав гэсэн асуулт гарна. Их хурлын товыг Бага хурлаас нь 45 хоногоос багагүй хугацааны өмнө зарлах дүрэмтэй. Харин ээлжит бус Бага хурлыг намын дарга, эсвэл Удирдах зөвлөлийн санаачилгаар хуралдуулна. Мөн Бага хурлын 369 гишүүний гуравны нэг буюу 123 хүн гарын үсэг зурж, шаардвал хуралдах боломжтой аж. Найр наадам, амралтын үеэр тус намын бүлэглэлүүд “хороо найруулж”, тохиролцоогоо хийхийг илүүд үзжээ. Тиймээс энэ сард Бага хурлаа хийнэ хэмээн генсек нь мэдэгдсэн байв. Гэвч есдүгээр сарын эхний долоо хоног хэдийн өнгөрсөн атал Бага хурлын сураг алга.
Ийнхүү цаг авах сонирхол одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэд буй. Тэрбээр намын даргын албан тушаалыг хүссэн ч, хүсээгүй ч өгнө. Гэхдээ хэнд гэдгээс их зүйл шалтгаалах нь. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан гаргасан олон шийдвэрийнхээ буруу, зөвийг тэр сул гишүүн болсныхоо дараа шүүлгэнэ. Улмаар “унах” магадлал нь илүү учраас ямар ч хамгаалалтгүй үлдэхээс айж байгаа. Тиймээс хэнд тамгаа үлдээвэл ялаас хэлтрэхээ тооцож суугаа аж. Намын даргын тамгаа атгасан хэвээр учраас түүний дагалдагчид одоохондоо үнэнч хэвээр байгаа бололтой. Улмаар дүрмээ зөрчиж, тамгаа итгэлт анд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шилжүүлэхээр оролдож буй гэх. Өмнө нь ч тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалыг түүнд өгнө хэмээн зүтгэсэн юм. Гэвч өнөөх нь өөрөө татгалзсан. Тэгвэл энэ удаа Д.Амарбаясгалан эл шийдвэрээ баталгаажуулах магадлал өндөр байна. Гэхдээ шууд “нэрээ татахгүй”. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатартай хэдэнтээ хувьчилж уулзсан сурагтай. Ингээд намын даргын тамгыг түүнтэй булаацалдахгүй, харин 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшээд явахад орыг нь залгая гэсэн тохиролцоо хийсэн гэх. Өөрийг нь хамгаална, оноох ялаас мултална хэмээн итгэж андыгаа намын дарга болгох дүрэмгүй тоглолт хийхээр хичээж буй нь бүтэлгүйтвэл Л.Оюун-Эрдэнэ “Б” төлөвлөгөөндөө орно. Тэр нь намын генсекийн албанд өөрийн хүнээ тавих. Ерөөс л удирдах албанд өөрийнхөө хүмүүсээс байлгаж байх нь түүнд аюулгүй учраас тэр.
Нөгөө талаар хилийн гадна, дотно хийж буй цуврал уулзалтуудынх нь бас нэг зорилго бол Бага хурлын гишүүдээ “худалдаж авах”. Учир нь намын дарга хойш суусан ч Бага хурлын 123 гишүүн нэгдэж, шаардлага тавьбал хуралдахаас аргагүйд хүрнэ. Тиймээс тэднийг ийм санаачилга гаргуулахгүй байх алхмыг ч хийж буй бололтой. Бага хурлын гишүүд нь харахгүй, сонсохгүй мэт царайлж буйн нэг шалтгаан энэ. Ерөнхий сайд байхдаа Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийг ч яг ингэж “атгадаг” байсан билээ. Дөрвөн нам, нэг эвслээс бүрдсэн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн амыг үдэж, хүссэн шийдвэрээ гаргуулж, дэмжүүлж байсан хүнд намын Бага хурлынхаа хэдийг “базах” хэцүү биш байх нь мэдээж. Туршлага нь хаачих билээ.
ХҮЧГҮЙ НОЁН
Г.Занданшатар Ерөнхийлөгчийн шууд “түлхээс”-ээр Ерөнхий сайд болсон. Одоо Төрийн тэргүүний дэмжлэг түүнд дахин хэрэгтэй. Үгүй бол УИХ-д ч, намдаа ч албан тушаалгүй түүний хүч дэндүү сул юм. Хамтарсан Засгийн газартаа урьсан ИЗНН-ынхан нь гомдож, танхимаас нь гарах тухай яриа гаргаад байгаа. Учир нь Ерөнхий сайд нь МАН-ынхаа дарга биш учраас Засгийн газарт хамтарсан дарга нартайгаа гэрээ ч байгуулах эрхгүй яваа юм. Гуравдагч хүчний жижиг намууддаа хүртэл ийнхүү хүчгүйгээрээ дуудуулж буй Ерөнхий сайдын суудлыг сандалтай нь бөхлөх зайлшгүй шаардлага Төрийн тэргүүнд бий.
Тэр Л.Оюун-Эрдэнийн дураар авирлахыг дуугүй хараад суухгүй. Тамгын газрын дарга Г.Занданшатараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сойх гэж л У.Хүрэлсүх Засгийн газар луу зүтгүүлсэн юм. Гэтэл түүнээс өмнө өнөөх нь суудлаасаа өнхөрчих эрсдэлтэй болсон тул бөхөлж өгөхөөр алхам хийгээд эхэлжээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар Их тэнгэрт НАМЗХ-ны ойд зориулсан уулзалт хийсэн аж. Энэ үеэр Төрийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ удаа дараа сануулгыг нь хүлээж авалгүй, том толгой гаргасны учраас Ерөнхий сайдаас огцорсныг сануулсан байна. Үүгээрээ одоо ч бас тэр хүн дүрмээ дагаж, намын даргын албан тушаалыг Ерөнхий сайдад өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бололтой.
Түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт “Ардын хүч” хэмээх ТББ-аас буюу МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн мэдээлэл хийж, Бага хурал, Их хурлаа яаралтай зарлаж, дүрмийн дагуу Г.Занданшатарт намын даргын тамгыг шилжүүлэхийг шаардсан. Тэднийг Төрийн тэргүүний талын хүн гэж буй юм. Өрсөлдөгч намынхан нь аль хэдийн шинэ даргаа сонгочихсон, эв найртай шийдчихсэн байдаг. Тиймээс хэний ч тал байсан МАН-ын гишүүдээс энэ мэтээр дуугарч, шаардлага тавих нь зүйн хэрэг.
Мөн наймдугаар сарын 31, энэ сарын 1-нд Ерөнхийлөгч БНХАУ-ын Тяньжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ажиглагчаар оролцсон. Түүний багт намын экс дарга, Ерөнхий сайд болох Сү.Батболд, М.Энхболд нар зүгээр ч нэг багтаагүй биз ээ. Тэд энэ үеэр Бага хурал, Их хурлынхаа үр дүнг ярилцсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. У.Хүрэлсүх МАН-д нэгэн цагт хамгийн хүчтэй явсан хотын фракцын экс дарга нарыг ийнхүү эгнээндээ элсүүлж, өөртөө хүч нэмжээ.
Ерөнхий сайдын суудлаас Л.Оюун-Эрдэнэ өөрийн буруугаас болж огцрох нөхцөл үүсэхэд өрнөж байсан МАН-ынхны үе хоорондын тэмцэл ийнхүү намын даргын суудалтай холбоотой эрчимжлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн байр суурь, нөлөө арай илүү. Бас намын дүрэм нь ч тэдний талд үйлчилнэ. Тиймээс хэчнээн эсэргүүцсэн ч Л.Оюун-Эрдэнэ дүрмээ дагахаас аргагүй болно. Харин өөрийгөө хамгаалж үлдэх нүх ухахаа тэр юу эс андах.
Ямартай ч энэ сард Бага хурлаа хийхээс өөр сонголт тэдэнд үгүй. Учир нь арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж дүрэм, хөтөлбөрөө өөрчлөх, шинэ даргаа ч бүртгүүлэх ёстой. Бага хурлаа энэ сард хийснээр тус намын Их хурал ирэх арваннэгдүгээр сард болох нь тодорхой болж байна.