УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ. Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатыг тав болгон нэмсэнтэй холбоотойгоор ийнхүү намрын чуулганыг хоёр долоо хоногийн өмнө эхлүүлдэг болж буй юм. Эл чуулган “халуухан” болох төлөв эхнээсээ ажиглагдаж байна. Учир нь улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн намрынхаас огт өөр, “ороо бусгаа” болсон.
Хуваарь ёсоор үүгээр Монгол Улсын ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн батална. Засгийн газраас хуулийн хугацаандаа буюу есдүгээр сарын 1-нд өргөн барьсан 2026 оны төсвийн төслийг нь 42 гишүүнтэй сөрөг хүчнийхэн хянана. Үүн дээр нэмээд намын даргын суудлаас болж дотроо талцаад буй МАН дахь “эсрэг” бүлэглэлийнхний “шүүлтүүр”-ээр оруулна. Төсөв, татварын багц хуулиас эхлээд Засгийн газраас өргөн барьсан төслүүд Г.Занданшатарыг “унагах” нэг шалтаг болж ч мэдэхээр хэмжээнд байдал эвгүйтэж эхэллээ. Ийнхүү МАН-ын даргын сонгууль хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд “гал асаах” хэмжээнд хүрч, газар авав.
“ЗАСГИЙН ГАЗАР ЧАДВАРГҮЙ БАЙНА”
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн явдал зарим зүйлийг тодорхой болгосон юм. Уг нь тэр эл өрсөлдөөнөөс нэрээ татаж, УИХ-ын даргын суудалдаа үлдэхийг илүүд үзсэн, 2027 онд Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшээд явмагц нь намаа авахаар ярилцаж байсан гэх. Гэвч түүний ойрын хүн болох МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-аас шалгаж, эхлээд 48 цагаар саатуулсан, улмаар сараар сунгасан нь бодлоо өөрчлөхөд хүргэсэн аж. Л.Оюун-Эрдэнийн багийнхан бодлоо өөрчилсөн гэсэн үг л дээ.
Дээрх мэдэгдлээ хийхийн өмнө УИХын даргын хэлсэн үг бүр Г.Занданшатарт хандсан, “Аятайхан байгаарай” гэсэн хариу сануулга мэт уншигдана лээ. Намрын чуулганаар анхаарч ажиллах таван асуудал нь бүгд л Засгийн газарт ханджээ. Социализмын үеэс уламжлагдаж ирсэн төрийн данхар бүтцийг цөөлнө, давхардсан олон үйл явцыг бууруулна, нийгмийн харилцааг зохицуулж буй 2700 гаруй журмыг хуульд шингээн цэгцэлнэ гэв. Мөн Засгийн газраас өргөн барьсан Татварын тухай багц хуулийн төсөл иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна, косметик засвар биш, реформ Монгол Улсад хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн “загнаад” авлаа. Засгийн газраас хаврын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барих гэхэд нь УИХ-ын дарга хүлээж аваагүй аж. Энэ талаараа тэрбээр “Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлага тавьж буй. Гэтэл дээрх төсөлд НДС-гийн алдагдлыг байхгүй болгоход л анхаарсан байсан. Уг төслийг хэлэлцвэл иргэдээ мэдрээгүй, нийгмийнхээ хэрэгцээг хангаагүй хууль хэлэлцэж батлах нөхцөл рүү явна” гэсэн юм. Ерөөсөө “Засгийн газар чадамжгүй байна, аятайхан байхгүй бол өргөн барьсан төслүүдийг чинь хэлэлцэхгүй” гэсэн сануулга байх нь.
Татвар бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг хасах нь иргэдийн гол хүсдэг зүйл. Өмнөх Засгийн газрын үед ч энэ шаардлагаа тавьдаг л байсан, сонсоогүй. УИХ-ын дарга ч ажил хэрэг болгох гэж хичээгээгүй. Харин одоо Г.Занданшатарыг ялах, тодруулбал, Ерөнхий сайдаас нь огцруулахын тулд “иргэдээ сонсох”-оор шийдсэн бололтой.
УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД УЧРАХ “СААД”
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хаврын чуулганаар баталсан. Үүний дагуу нийт 39 асуудал жагсаалтад оруулжээ. Эдгээрээс ирэх оны улсын төсөв, түүнтэй холбогдох хуулиуд хамгийн их анхаарал татах сэдэв болдог. Монгол Улс орлого, зарлагаа хэрхэн зөв тооцоолохоос иргэдийн амьдрал өөдлөх, эсэх хамаарах учраас тэр.
Өнгөрсөн жил парламент сөрөг хүчингүй, дөрвөн нам, нэг эвсэл бүгд Л.Оюун-Эрдэнийн “атганд” байв. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн хэт үрэлгэн, тооцоо судалгаа муутай төсвийн төслийг нэр бүхий хэдхэн гишүүнээс бусад нь хараагүй царайлсаар баталж орхисон. Гэвч Ж.Баярмаа тэргүүтэй хэдэн гишүүний эсэргүүцэл олон нийтэд хүрч чадсан юм. Улмаар Ерөнхийлөгч орол¬цон уг төсөвт бүхэлд нь хориг тавьж байж, санаачлагчид нь буцаасан. Ийнхүү 2025 оны улсын төсвийг хоёр дахь удаагаа боловсруулж, өргөн барьсан юм. Ингэхдээ үрэлгэн зард¬лаасаа танаж, орлого, зарлагаа тэнцүүлсэн. Төрийн тэргүүний тавьсан шаардлагын дагуу алдагдалгүй төсөв болгон оруулж ирж, УИХ хоёронтоо хэлэлцэн баталсан юм даг. Ерөнхийлөгч “сөрөг хүчин” хийсэн гэсэн үг. Тэгвэл одоо Г.Занданшатарын нөхцөл байдал огт өөр.
Хэдийгээр тойргоос сонгогдсон гишүүдэд тус бүрд нь таван тэрбум төгрөг хуваарилж, “ам таглах”-аар болсон ч жагсаалтын гишүүд гэж бий. Сөрөг хүчин хийж буй учраас АНынхан эрх биш өнгөрсөн жил шиг дуугүй өнгөрөхгүй. Г.Занданшатар намын даргын тамгаа авч чадвал танхимдаа сэлгээ хийнэ, АН-ынхныг ахин урина гэж буй. Тиймээс эрх мэдлээр амаа үдүүлдэг тус намын зарим гишүүн “зөөлөн” хандаж мэдэх. Гэхдээ нам нь Засгийн газарт хамтарсан ч иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх засаглалыг хянах үүргээ мартаагүй цөөн боловч гишүүн энэ намд үлдэнэ. Тэд хяналтаа тавина, олон нийт ч анхааран сонсоно. Тэгэхээр 42 гишүүнтэй АН гэхээс илүү МАН доторх эсрэг бүлэглэлээсээ л эмээх хэрэгтэй. Тус намын 1980-аад оны гишүүд энэ жилийн төсвийн төслийг анхааралтай уншина гэдэгт итгэлтэй байна. Даргынхаа өрсөлдөгчийг “намнах”-ын тулд ингэхгүй бол болохгүй. Дэгээдэх, унагах юу л байна, бүгдийг нь шүүхээр тэд бэлдэж буй биз. Ийнхүү УИХ хараа хяналтаа сайжруулж, төсвийн төслийн усыг шүүх нь улс оронд, иргэдэд хэрэгтэй. Харин Ерөнхий сайдад л халгаатай юм.
Улс төр, эдийн засгийн хувьд анхаарал татсан дээрх асуудлуудаас гадна энэ намрын чуулганаар иргэн бүрд хамаатай хоёр ч чухал хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бий. Энэ бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх, жагсах, цуглах эрхийг эдгээр төсөлд бүрэн хангасан, үгүйд иргэд өөрсдөө давхар хяналтаа тавих хэрэгтэй.
Энэ мэтээр төлөвлөгөөнд орсон хууль, тогтоолын төслөөс гадна “яаралтай горим”- оор оруулж ирэх асуудлууд гэж бий. Өмнөх Засгийн газрын үед Л.Оюун-Эрдэнэ бараг л бүх асуудлаа ийм горимоор оруулж, “ногоон гэрэл”-ээр шийдүүлдэг байлаа. Үүн дотор нь элдэв “но”-той цөөнгүй хууль багтсан тухай шүүмжлэл ч тухайн цаг үедээ гарч байсан юм. Тэгвэл одоо Г.Занданшатарын Засгийн газарт ийм боломж хомс. УИХ-ын даргатайгаа тэр эсрэг тал болчихсон. Өргөн барьсан төслийг түрүүчээс нь “голж” буцааснаа Д.Амарбаясгалан дарга өөрөө хэллээ.
МАН-ын даргын сонгуульд Г.Занданшатар ялбал танхимдаа сэлгээ хийж, АН-ынхантай хамтраад ажиллана. Харин ялагдвал УИХаар асуудлаа хэлэлцүүлэхэд ч бэрх болно. Цаашлаад Ерөнхий сайдын суудалдаа тэсэж үлдэх, эсэх тухай яриа гарах болно. Ер нь намын даргын тамгаа авч чадсан ч Л.ОюунЭрдэнийн багийнхан зүгээр хараад суухгүй. Өргөн барьсан төслүүдээс нь өө хайхаас эхлээд огцруулах, унагах боломж бүрийг ашиглах биз ээ. Тус намын дотоод сонгууль ийнхүү хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, хоёр засаглалын талцал болж томрох нь. Гэтэл тэд “Манай намын асуудал төрийнх болоогүй” хэмээн тэнэг хүн хуурч буй мэт ярьсаар сууна. Үнэндээ тэд Удирдах зөвлөл Бага хурлаа ч зарлаж чадахгүй гацаад байна. Ямартай ч намрын чуулганаар УИХ, Засгийн газар хооронд “гал ассан” маргаан өрнөх нь тодорхой болов.