Германы сагсан бөмбөгийн шигшээ баг бараг бүх тоглолтдоо ялалт байгуулсаар Европын аваргын титмийг хүртлээ. Алтан медалийн төлөөх тулаанд Туркийн баг тэдний эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж, тоглолтын турш тэргүүлсэн ч эцсийн минутад давамгайллаа алдсаныг германчууд ашигласан юм. Багтаа ялалт авчрах довтолгоог А.Шенгун хийсэн ч алдсан бол эсрэг багаас холбон тоглогч Д.Шрөдер онцгой сайн тогложээ. Ийнхүү 2023 оны ДАШТ-д түрүүлсэн Германы шигшээ баг алтан медалиа ихэрлүүллээ. Ингээд тус тэмцээнтэй холбоотой найман онцлох баримтыг сонирхуулъя.
1. Финалд И.Бонга асар сайн тоглож (20 оноо, таван самбар, гурван дамжуулалт) багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр холын зайн дөрвөн шидэлтээ оновчтой болгосноос гадна тооны харьцаа 84:83 байхад шийдвэрлэх самбараас бөмбөг авалтыг хийжээ. Тийм ч учраас “Партизан” багийн довтлогч финалын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн биз ээ.
2. Д.Шрөдер бэлгэдлийн багт орсноос гадна тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарав. Түүнтэй тэнцэхүйц тоглолтыг Ф.Вагнер үзүүлсэн ч чухал тоглолтод Денис гялалзаж чадсанаар гол шагналыг хүртлээ. Ялангуяа Д.Шрөдер аваргын төлөө тоглолтод багийнхаа сүүлийн зургаан оноог (+12 дамжуулалт) авсан юм. Хэдий тэрбээр NBA-д сайн тоглодоггүй ч Германы сагсан бөмбөгийн түүхэнд Д.Новицкитой тэнцэх хэмжээнд яригдахаар боллоо.
3. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Ф.Вагнер гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн ах Морицын майктай ирсэн юм. Ингэснээр Франц ахтайгаа хамт аварга болсноо илэрхийлсэн юм. Хэдий тэрбээр финалд сайн тоглоогүй ч (сүүлийн хагаст хоёр оноо) эхний 20 минутад эсрэг багийн лидер А.Шенгунтэй оноогоор өрсөлдөж, илүүрхсэн (16:15) билээ. Тэрбээр бусад тоглолтод ч багтаа чухал үүрэг гүйцэтгэснээр бэлгэдлийн багт орсон юм.
4. Баг нь 63:57-оор хожигдож байхад Й.Тиманн долоон оноо дараалан авч, багтаа том тус хүргэсэн. Мөн эсрэг багийн бүх хамгаалагч нарыг “будаа болгож” байсан Туркийн багийн лидер А.Шенгунийг хамгаалах аргыг олж чадсан тоглогч нь Й.Тиманн билээ.
5. Энэ удаад туршлага нь Германы багт тус боллоо. Магадгүй олимпын наадмын хагас шигшээд Францын багт харамсалтайгаар хожигдсоны хариуд хувь заяа нь тэдэнд ийм бэлэг бэлдсэн ч байж болох юм.
6. Завсарлагын дараа А.Шенгун хожлын байж болох довтолгоог хийсэн ч бөмбөг цагаригт ороогүй. Тэрбээр 28 оноо авч, шидэлттэй байсан юм. Гэхдээ шийдвэрлэх шидэлтийг Ш.Ларкин хийсэн ч болохоор байсан. Шэйн бараг амралтгүй тоглож, Д.Шрөдерийг сайн хам¬гаалж байснаас гадна ид формтой байсан юм.
7. Туркийн багийн Ч.Осман финалд 23 оноо (холын зайн есөн шидэлтийн зургааг нь оновчтой болгосон) авч онцгойров. Түүнийг хамгийн сүүлд хэзээ ийм гаргуун тоглолт үзүүлснийг сагс сонирхогчид мартсан биз ээ. Магадгүй Ч.Осман унасан карьераа уг тоглолтоороо сэргээж ч болох юм.
8. Тэмцээний бэлгэдлийн багт Д.Шрөдер, Ф.Вагнер, А.Шенгунээс гадна Я.Адетокунбо, Л.Дончич багтсан. Грек тоглогч шигшээ багийн түвшинд анхны медалиа авсан учраас сэтгэл нь их хөдөлсөн нь харагдаж байлаа. Харин Л.Дончич хувийн статистик үзүүлэлтээр (34.7 оноо, 7.1 дамжуулалт, 8.6 самбар) гялалзсан юм. Чухам Лука тэргүүтэй Словенийн баг германчуудад тун хүчтэй эсэргүүцэл үзүүлснийг мартаж болохгүй.
Э.Манлайбаатар