УИХ-ын намрын чуулганы эхний долоо хоног улирч байна. Эрх баригч намын даргын сонгуулийн дуулиан, талцалтай холбоотойгоор зарим “ховор” хүн нэгдсэн чуулгандаа их л идэвхтэй ирэх болов. Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш Төрийн ордонд харагдаагүй, УИХ-ын гишүүний ажлаа үл тоосон Л.Оюун-Эрдэнэ, таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга нар “торойтол” сууж харагдана. МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд тэд “гол дүр” учраас өөрийн биеэр Төрийн ордонд байх хэрэгтэй болсон биз ээ. Л.Оюун-Эрдэнэ бол Д.Амарбаясгаланг “сойж” буй хүн, харин гишүүн Х.Баттулга тус намын “нууц түнш”, зайны оролцогч. Ийнхүү уг асуудал зарим хүний ажилдаа ирэх идэвхийг сэргээсэн бол нөгөө талд сайд нарын “эрэлд” гараад байна.
Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудлын нэг нь ирэх оны улсын төсөв байдаг. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-аар хийж буй. Гэтэл Г.Занданшатарын танхимын сайд нар гарч гүйлдээд, “олдохгүй” байгаа юм. Төсөв, томилгоотой холбоотой юу болж өрнөж байна вэ.
АЛДАГДАЛТАЙ БАЙХ НЬ БОДЛОГО ГЭВ
Монгол Улс ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дараагийн хоёр жилийн төсвийн төсөөллийг хаврын чуулганаараа баталдаг. Үүгээр улсын төсвийн ерөнхий зургийг гаргадаг гэхэд болно. Гэтэл хаврын чуулганаар баталсан эдгээр хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, УИХ-аар эхний хэлэлцүүлгийг нь хийлээ. Хаврын чуулганаар эдгээрийг батлахдаа өнөөх л хэт өөдрөг төсөөллөөрөө хандсан учраас одоо бодит байдалд нийцүүлэн засаж буй аж. Тухайлбал, нүүрсний үнийг тонн нь 133 ам.доллар байхаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан, гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр бодит үнэ 70 ам.доллар болсон. Мөн төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсныг олон ч гишүүн шүүмжилж байна.
Энэ бүхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Экспортын бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг өмнөх жилүүдтэй харьцуулж гаргадаг. “Ковид-19”-ийн үед нүүрсний үнэ өссөн, тиймээс аргачлалын дагуу бодоход 133 ам.доллар болж буй. Уг тооцооллоос үнэ илүү гарвал тэр мөнгийг Тогтворжуулалтын санд хуримтлуулдаг. Одоо бодит үнэ 70 ам.доллар байна. Гэхдээ зэс, алт зэрэг металын дэлхийн зах зээлийн үнэ өсөж буй учраас тооцсон зөрүүнээс илүү гарсан мөнгийг дээрх санд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь валютын нөөц буурсныг илтгэнэ. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрс, төмрийн үнэ буурсантай холбоотой. Энэ оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл 284 сая ам.долларын алдагдалтай байгаа. Үүнийг бууруулахын тулд экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч буй. Урсгал тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай явна. Эдийн засгийн идэвхжил суларч, экспорт буурч буй учраас л бид мөчлөг сөрсөн бодлого баримталж байгаа юм. Ингэж эрэлтээ дэмжиж, эдийн засгийг идэвхжүүлнэ” гэсэн тайлбар өгөв. Тэгвэл ирэх оны төсвийн төсөөлөлд зэсийн үнийг 9700, алтыг 2800 ам.доллароор тооцсон юм байна. Мөн эдийн засаг 5.7 хувь хүртэл өсөж, инфляц долоон хувь байхаар тусгажээ. Алдагдалтай төсөв батлах нь мөчлөг сөрсөн бодлого, шаардлагатай учраас л ингэлээ хэмээн Сангийн сайд нь ч, Эдийн засгийн хөгжлийн сайд нь ч хэлж буй.
Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй, гагцхүү тэтгэврийг зургаан хувиар өсгөхөөр ирэх оны төсөвт тусгасан. Уг төсвийг боловсруулахдаа анх удаа 240 мянган иргэнээс санал авсан билээ. Тэдний олонх нь боловсрол, эрүүл мэндийн салбарт зардлыг нэмэх ёстой гэсэн ч тийм “боломж байгаагүй” гэнэ. Арай гэж тэтгэврийг зургаан хувиар нэмэхээр тусгасан, үүнд 378 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ Сангийн сайд хэлсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс “Иргэдийнхээ саналыг сонсоогүй” хэмээн шүүмжилж, мөн нэг ангид 70 сурагч чихэлдэж байхад шинээр сургууль барих төсөв байхгүй гэж хэлэх эрх бидэнд үгүй хэмээн сануулсан. Мөн багш нар цалинг нь нэмэхгүй бол ажил хаяна гэдгийг гишүүн Ц.Мөнхтуяа уламжилж, Боловсролын сайдыг шахамдуулж байгаа юм. П.Наранбаяр сайд “Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд 560 тэрбум төгрөг хэрэгтэй гэх тооцоо гарсан” гээд ийм боломж төсөвт байхгүйг учирлаж сууна.
Нэг талдаа иргэдээ сонссон гэх пиар хийж буй ч бодит байдалд хүссэн саналыг нь бүрэн тусгаагүй, “хэлбэрдсэн” гэсэн шүүмжлэл дагуулж байна. Энэ удаагийн төсөв 42 гишүүн бүхий сөрөг хүчин, МАН доторх “эсрэг” гишүүдийн хяналтаар орж буй тул нэлээд сайн шүүгдэх нь тодорхой байна. Гишүүн С.Ганбаатар ирэх оны төсвийн төслийг буцаан тат гэж хүртэл шаардаж байгаа юм.
САЙД НАРЫН САНАА ХААНА ЯВНА ВЭ
Өчигдрийн нэгдсэн чуулган 77 хувийн ирцтэй эхэлсэн юм. Энэ бол 97 гишүүн ажилдаа ирсэн гэсэн үг. Ч.Лодойсамбуу, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Л.Мөнхбаатар, Д.Батлут, Д.Ганмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан нар гадаадад, Х.Баасанжаргал, Д.Пүрэвдаваа нар хөдөө томилолттой яваа аж. Харин С.Одонтуяа, Л.Энхнасан нар чөлөө авсан байлаа. Тэгэхээр 17 хүн хурал тасалсан, зарим нь хоцорсон байна. Учир нь УИХ-ын Тамгын газраас өглөөний байдлаар ирцийг гаргадаг. Зарим нь хоцроод, эсвэл үдээс хойших чуулгандаа ирсэн байхыг үгүйсгэхгүй. Юутай ч ирцийн мэдээнээс харахад гадаадад томилолттой яваа Л.Мөнхбаатар, Д.Батлут нараас бусад сайд бүгд л ажилдаа иржээ. Гэхдээ ирцээ бүртгүүлчхээд гарч “алга болчихоод” байдаг гэм манай УИХын гишүүдэд бүгдэд нь бий. Уржигдрын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалингийн ээлжит сэдвээ хөндөж, ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн биеэр суусангүй хэмээн шүүмжилсэн. Өчигдрийн үдээс өмнөх хуралдаанд ч Ерөнхий сайд харагдсангүй. Тэрбээр үдээс хойш л орж иржээ. Гол нь гишүүд асуух үед Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар төлөөлсөн хариулт өгч харагдсан. Бусдынх нь үүрэг “бага” гэж боддог уу, гарч орж “зугаалах” нь элбэг. Түүнээс олонх нь Төрийн ордондоо бол байсан бололтой юм.
Нөгөө талаар МАН-ын даргын сонгууль болох гээд дотроо талцаж, Төрийн ордны булан тохойд уулзалт товлоод байна уу, хэнийг дэмжих тухай “хор найруулж” яваа юу, ухаан санаа нь төсөвт биш, арай л өөр зүгт буй бололтой. Ирцээ бүртгүүлчхээд өрөөндөө очоод суучихдаг, тэндээс телевизээ үзэж байгаад үг хэлэх цаг нь болох, сайд нарын хувьд хариулах хэрэгтэй үед буцаж ирдэг гэдэг шүүмжлэл байнга гардаг. Энэ ёсоор л төсвийн төслийн хэлэлцүүлэгт Г.Занданшатарын танхимын сайд нар хайнгадуу хандаж буй.
Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн үеэс л сайд нарыг байнга “хайдаг” уламжлал тогтсон. Төсвийн төслөө өргөн барихаас өмнө тохиролцоод, “хуваарилчихдаг” болохоор, эсвэл парламент дахь нам, эвслүүдийг хамтарсан, сөрөг хүчин гэлтгүй “баздаг” учраас уу, сайд нар нь төсвийн хэлэлцүүлгийн үед бүрэн бүрэлдэхүүнээр оролцдоггүй байв. Уг нь улсын төсөв бүх л салбарыг хамардаг. Салбар бүрийн төсвөө тайлбарлаад, гишүүдийн эргэлзсэн асуултад хариулаад, өргөн барьсан төсвөө хамгаалах нь Засгийн газрын гишүүн бүрийн үүрэг. Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайддаа хамаг ажлаа ацаглачихаад “алга болоод” байж болохгүй.
Ерөнхий сайд ч бас өмнөх Засгийн газрын тэргүүнийхээ муу жишгийг давтах гээгүй бол, бас цаг үе эгзэгтэй, өөрөө намын даргаа авах уу, эсвэл бүр огцрох уу гэсэн эргэлзээтэй нөхцөлд энэ бүхний нэг гол шалтгаан болгож ашиглах төсвийн төслөө хамгаалаад сууж байх нь зөв. Хэдийгээр улсын төсвийн хэлэлцүүлэг өмнөх жилийнхээс илүү хяналттай, магад хардлагатай өрнөж буй ч тэр хэрээр усыг нь шүүж, чамбай болох учраас бидэнд ашигтай. Юутай ч 2026 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Үүнтэй зэрэгцээд МАН-ынхан дотроо тохиролцсон, учраа олсон гэсэн мессеж тарах болов. Бас тус намынхан Удирдах зөвлөлийн хурлаа маргааш зарласан байна. Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд явахаас өмнө МАН-ын бүлэглэлүүд даргынхаа асуудлыг тохирч, Удирдах зөвлөлөө хуралдуулах нь ийнхүү тодорхой болов. Талууд тохирч чадсан бол төсвийн төслийн хэлэлцүүлэг ч “урсаад” явна гэсэн үг. Гэхдээ одоогоор сөрөг хүчин хэвээр буй АН-ын 42 гишүүн сэрэмжээ алдахгүй, бурууд нүд хурц байна гэж найдна.