Энэтхэгийн Уттараханд мужийн Халдвани хотод туялзуур сэлмийн өсвөр үеийнхний Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 17 орны 192 тамирчин хүнд, хөнгөн, илд сэлмийн төрөлд өрсөлдсөн тус тэмцээнд Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртэв. “Дуэль” клубийн дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлагад оролцсон хүнд сэлмийн охидын ганцаарчилсан төрөлд Д.Мэрси хүрэл медалийн эзэн болжээ. Хөвгүүдийн хүнд сэлмийн багийн төрөлд долоон тамирчин оролцож, мөн хүрэл медаль авсан юм. Энэудаа 10 улсын тамирчин медалийн тавцанд зогссон бол манайхан хошой хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа VIII байрт шалгарав. Ташрамд дуулгахад, дээрх тэмцээнтэй зэрэг эхэлсэн БНХАУ-ын туялзуур сэлмийн холбооны “Jinnan fencing open 2025” олон улсын тэмцээнд оролцсон тамирчдаас 10 хүртэлх насныхны ангилалд Т.Бадруун хөнгөн сэлмийн (фойл) төрөлд медалийн төлөөөрсөлдөж, тавдугаар байрт шалгарсан бол 12 хүртэлх насныхнаас охидын ангилалд Т.Нэмүүн наймдугаар байр эзэлжээ.