Дэлхийн дартсын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн цом”ын тэмцээнд Монгол Улс анх удаа шигшээ баг бүрдүүлж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж байна. БНСУ-ын Куян хотод эхэлсэн тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын тамирчдыг дасгалжуулагч Ц.Бат-Эрдэнэ ахалж буй бол өсвөр үеийнхэн багийн менежер, дасгалжуулагч, ОУХМ Б.Биндэръяагийн удирдлагад 47 орны тоглогчидтой өрсөлдөж байгаа. Эхний өдөр охидын ганцаарчилсан төрөлд манайхаас дөрвөн тамирчин ур чадвараа сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Saturn 180” клубийн Б.Энэржин багтаа хүрэл медаль авчирлаа.
Тэрбээр Англи улсад өнгөрсөн жил болсон өсвөр үеийнхний “JDC world cup-2024” ДАШТ, “Gibraltar оpen-2024” олон улсын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээнд Монголын найман шүүгч ажиллаж, тамирчдын тоглолтыг дэнсэлж байгаа аж.