- Уг байгууллагыг тэгш эрхтэй, адил нөлөөтэй олон тулгуурт баганаар бэхжүүлэхийг Монгол Улс уриалав –
АНУ-ын зүүн эрэгт байрладаг Нью-Йорк хот жил бүрийн есдүгээр сарын сүүлчээр онцгой ачаалалтай болдог. Манай улсын хамгийн бага газар нутагтай Говьсүмбэр аймгаас долоо дахин жижиг талбайд 8.5 сая хүн “чихцэлдэн” амьдарч байхад нь дэлхийн 150 орчим орны төр засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд тэргүүтэй өндөр түвшний зочид, тэдний хамгаалалтын албаны ажилтнууд, төрийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхний хамт нэмэгдэн очдог учраас тэр. Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцож, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй асуудлаар байр сууриа солилцон, шийдэл хайдаг билээ. Олон орны Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, сайдын түвшний төлөөлөгч очиж буй учраас харуул хамгаалалт өндөр түвшинд байх нь мэдээж. Тиймээс олон үндэстэн, өнгө төрх сүлэлдсэн эл завгүй хот, ялангуяа НҮБ-ын төв байр байрладаг Манхэттэн дүүрэгт энэ сарын 2224-нд түгжрэл ердийн үеэс эрс ихсэж, буутай цэргүүд ойр орчмыг хамгаалалтад аван, сонор сэрэмжээ улам өндөрсгөсөн байлаа. Энэ удаа НҮБ бусдын гэхээс илүү өөрсдийн дотоод асуудал руу өнгийж, 80 жилийн алдаа, оноогоо дүгнэн, ирээдүйд статусаа хэрхэн өөрчлөх, яаж шинэчлэгдэх, түүнтэй холбоотой санхүүжилтийн талаар хэлэлцсэнээрээ онцлог болсон юм.

“ЕРТӨНЦӨД МӨНХИЙН ҮРГЭЛЖИЛДЭГ ЦОР ГАНЦ ЮМ БОЛ ӨӨРЧЛӨЛТ”
НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойгоор тохиож буй энэ удаагийн ерөнхий санал шүүмжлэлийн хурлыг “Хамтдаа хүчтэй 80 жил: Энх тайван, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” хэмээх уриан дор зохион байгуулсан. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 20 гаруй орны төр засгийн тэргүүн үг хэлэв. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм.
Төрийн тэргүүний хэлсэн үгнээс олон улсад тулгамдаад буй асуудлаар Монгол Улс ямар байр суурь баримталж байгааг харж болно. Түү¬ ний хэлсэн үгэнд хэд хэдэн онцлох санаа байлаа. Юуны өмнө “Дэлхийн парламент”-ын 80 жилийн алдаа, оноог дүгнэж буй учраас манай Ерөнхийлөгч Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойших 64 жилийн оролцоо, байр сууриа тодотгов. Тэрбээр “Монгол Улс аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн байдлыг хүндэтгэж, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах тухай НҮБ-ын дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг тууштай баримталж, энэ чиглэлээр аливаа санаачилгыг дэмжин ажиллаж ирсэн” гэсэн юм. Үүнийг хоёр гол шийдвэр, оролцоогоор баталж болно. Цөмийн зэвсэггүй статусаа бид зарласан, мөн сүүлийн 23 жилийн турш НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд зэвсэгт хүчний 23 мянга гаруй алба хаагчаа тасралтгүй илгээснийг онцолсон юм. Улмаар энхийг сахиулах ажиллагаанд оролцдог 120 орны эхний 20-д манай улс багтаж байна. Нийт бие бүрэлдэхүүний 14 хувь нь эмэгтэйчүүд аж.
Мөн 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн хэрэгжилт дэлхийн хэмжээнд 17 хувь байгаа бол манай улсынх бүс нутагтаа 66.7 хувьд хүрч, НҮБ-ын Олон талт хамтын ажиллагааны индексээр 14 дү¬ гээр байранд орсон нь бидний олон жилийн хүчин чармайлтын үр дүн, зохих амжилт гэдгийг онцлов. Тодруулбал, Үндсэн хууль, УИХын сонгуулийн хуулиа өөрчилж, эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэх зохицуулалт хийсний үр дүнд эдүгээ парламентын 25 хувь нь бүсгүйчүүд болсноор бүс нутагтаа тэргүүлж эхэлсэн. Тэрбээр “Эх дэлхий бол хүн төрөлхтөн та, бидний цорын ганц гэр орон” хэмээн онцлоод, байгаль эхээ хайрлаж, харилцан холбоотой, үр шимийг нь хүртэн амьдарч ирсэн уламжлал, өв соёлоосоо дэлхий дахинд хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж буйгаа дуулгав. Манай улс ирэх онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж буй. “Тогтвортой хөгжлийн зорилт”-д хүрэхэд тавхан жилийн хугацаа үлдсэн учраас хаа хаанаа хичээж, хамтран ажиллахыг мөн уриалсан юм.
Монгол Улс энхийг сахисан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого баримталдгийг тодотгов. Аливаа сорилтыг олон тулгуураар даван туулна. Тиймээс цаашид улс орнууд олон туйлт биш, олон тулгуурт бодлогод суурилсан, энхийг эрхэмлэсэн зарчмаар ажиллахыг хүссэн. Найман зууны өмнө Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахдаа цогцлоосон “Монголын их амар амгалан” хэмээх үзэл санааг Ерөнхийлөгч сануулж, энэ нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс гэдгийг учирлав. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй орнуудын тулгамдсан асуудлыг ч хөндөж, түнш улсуудыг энэ чиглэлээр санаачилгыг дэмжин ажиллахыг уриалсан юм.
НҮБ-ын цаашдын ирээдүйн тухайд манай улс тус байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжиж, үргэлж өсөн хөгжиж, өөрчлөгдөн сайжруулахын талд байгаагаа эл индрээс илэрхийлэв. Уг байр сууриа тэрбээр “Ертөнцөд мөнхийн үргэлжилдэг цор ганц юм бол өөрчлөлт” гэсэн эртний Грекийн гүн ухаантан Гераклийн үгээр эш татан тодотгосон. Үүний хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээс эхлэн өрнүүлэх “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж байгаа юм.
НҮБ-ын үүрэг, хэрэгцээ ч оршсоор байгаа. Тиймээс уг байгууллагыг тэгш эрхтэй, адил нөлөөтэй олон тулгуурт ган бат баганаар бэхжүүлэн хүчирхэгжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч сануулаад, илүү хүчирхэг байгууллага болгохын төлөө хамтран зүтгэе гэлээ. Эл чуулганы гол уриа ч “Хамтдаа хүчтэй” байсан билээ.
Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Ерөнхийлөгч Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Төрийн тэргүүн Сирил Рамфоса, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нартай уулзлаа. Ирэх онд манай улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд ноён Антонио Гутеррешийг биечлэн оролцохыг урьсан.

САНХҮҮЖИЛТ БА Д.ТРАМП
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаан жилийн дараа оролцож, үг хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татсан юм. Тэрбээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш олон улсын байгууллагуудад “харшилтай” байгаа. Тиймээс НҮБ-д олгодог санхүүжилтээ танах тухай мэдэгдсэн. Төсвөө бүрэн зогсоох ч эрсдэл бий. Тус улс НҮБ-д жилд 500 сая ам.долларын санхүүжилт олгодог аж. Үүнийгээ зогсоовол НҮБ ирэх оны төсвөө тэр хэрээр танаж, орон тоогоо 20 хүртэл хувиар бууруулахаар байгаа юм. Тэд НҮБ-ын үндсэн төсвийн 22, энхийг сахиулах ажиллагааны 25, хүний нөөцийн зардлын 40 хувийг бүрдүүлдэг гэнэ. Хэдэн сарын өмнөх эл мэдэгдэл нь албажих, эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс ч НҮБ 80 дугаар чуулганыхаа үеэр санхүүжилтийн асуудлыг хөндөж, уг сорилтыг хэрхэн даван туулахаа ярилцсан юм. Тэгвэл ийм шуугиан үүсгэж, сандаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганы индэр дээрээс НҮБ-ын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа шулуухан хэлсэн юм. “Ам халсан” Ерөнхийлөгч түүнд оноосон 15 минутаа хэтрүүлж, цаг гаруй ярьснаар дараа дараагийн орнуудын Төрийн тэргүүний илтгэл тэр хэрээр сунжирсан. Ер нь Д.Трампын “хүнд суртал” үүгээр дууссангүй. Түүнийг явж байгаа учраас зам хааж, Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэрхэн “түгжрэл”-д орж, түүн лүү утас цохиж байгаа хөгжилтэй гэмээр бичлэг ч нийгмийн сүлжээнд тархсан.
Юутай ч Д.Трамп цагаачлалтай холбоотой үүссэн халдлага, үймээний буруутнаар НҮБыг нэрлэв. Цагаачлалын хөтөлбөрийг санхүү¬ жүүлснээрээ НҮБ энэ бүхнийг “өөгшүүлсэн” гэж тэрбээр үзэж байгаа аж. Тиймээс даян дэлхийд энх тайвныг сахиулж, аюулгүй байдлыг хамгаалах эл байгууллагын үндсэн зорилгод ийнхүү эргэлзэж буйгаа дуулгав. Европын орнуудын удирдагчдыг ч буруушааж, өв соёлоо аврахын тулд гадаадын иргэдийг эх орноосоо гарган, хилээ хаах ёстойг сануулсан байна. НҮБ хоосон “ярих”-аас ажил хэрэг болгодоггүй, ашигладаггүй нөөц ихтэй гэх мэтээр хатуухан шүүмжилсэн юм. Гэхдээ арай ч НҮБ-ын “амыг нь барих” бодолгүй байгаа бололтой. Мэдээж энэ нь ганц түүний шийдвэрээс хамаарахгүй. Гэхдээ “Илүү сайхан ирээдүйг цогцлоохын тулд өнгөрсөн үеийн бүтэлгүйтлээ ардаа орхих ёстой” хэмээн сануулжээ.
НҮБ ЭМЭГТЭЙ ДАРГАТАЙ БОЛОХ УУ
Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганыг Германы Гадаад харилцааны сайд асан Анналена Бэербок хэмээх эмэгтэй даргалсан юм. Тус байгууллагын 80 жилийн түүхэнд Ерөнхий ассамблейн чуулганыг даргалсан тав дахь эмэгтэй нь тэр болов. Анх 1953 онд болсон наймдугаар чуулганыг Энэтхэгийн улс төрч Вижая Лакшми даргалж байжээ. Ерөнхий ассамблейн чуулган жил бүр болдог ч 80 жилийн түүхэнд ийм тооны эмэгтэй даргатай байсан нь чамлалттай санагдана.
Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс үг хэлэхдээ тус байгууллагыг эмэгтэй даргатай болгох санаачилга дэвшүүлсэн нь шинэлэг байсан юм. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2030 он гэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэхээр зорьсон. НҮБ дотоод бүтэцдээ энэ тоог 50:50 болгон тэнцүүлэх бодлого баримталж буй. Гэвч тус байгууллагын 80 жилийн түүхэнд нэг ч эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргатай байгаагүй билээ. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа 2026 онд дуусна. Тиймээс түүний оронд эмэгтэй хүн сонгох нь НҮБ-ын өөрчлөлт, шинэчлэлттэй бүрэн нийцнэ гэж манай улс үзэж буй.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар “НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бич¬ гийн даргаар эмэгтэй хүн сонгох санаачилгыг манай улс дэвшүүлсэн. Цаашид жил бүр хүйсээр сөөлжин удирдах саналыг гаргаж байгаа юм. Монгол Улс феминист гадаад бодлого баримталдаг орны тоонд ордог. Тиймээс жендерийн тэгш байдлын хувьд 20 байраар урагшилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерештэй уулзах үеэрээ ч энэ талаар онцолсон. Манай улс эмэгтэйчүүдийн оролцооны асуудлаар олон улсад манлайлж яваа. Эх орондоо бид хэд хэдэн удаагийн эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг зохион байгууллаа. Энэ нь манай улсын олон улсын нийгэмлэгт гүйцэтгэж буй үүрэг, нэр хүндийг улам бүр өсгөж байгаа. Тиймээс биднээс энэ талаар туршлага их судалж байна. Ерөнхий ассамблейн чуулганы үеэр би 20 гаруй орны Гадаад хэргийн сайдтай хоёр талын уулзалт хийлээ. Мөн хэд хэдэн олон улсын эмэгтэйчүүдийн уулзалт, арга хэмжээнд урилгаар оролцсон” гэв.
НҮБ, түүний төрөлжсөн байгууллагад Монгол Улсаас нийт 20 гаруй эмэгтэй ажиллаж буй юм билээ. Хэдийгээр өндөр түвшний удирдах албан тушаал хашиж буй эмэгтэй байхгүй ч НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн даргаар хурандаа Н.Нямжаргал ажиллаж байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улс гишүүнээр элссэн цагаасаа оролцсоор ирсэн. Ерөнхийлөгчийн түвшинд бол 1991 оноос оролцож, байр сууриа илэрхийлж буй юм. НҮБын 80 жилийн ойг баяр хэмээн хүлээн авахаас илүү анх байгуулсан зорилгодоо хүрсэн, эсэхээ дүгнэж, ирээдүйн замаа тодорхойлсноор өндөрлөсөн юм. Чуулганд оролцсон орны төлөөлөгчдийн дотор НҮБ үүргээ гүйцэтгэсэн, одоо татан буулгах хэрэгтэй гэж үзэх хэн ч байсангүй. Учир нь дэлхий одоо ч дайнтай, зөрчилдөөнтэй байна. Орос, Украйны дайн, Газын зурвасын болон Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн үймээн зэргээс харахад НҮБ-ын өмнө зохицуулах ажил улам л их болж байгаатай улс орнууд санал нэгджээ. Тиймээс НҮБ-ыг өөрчлөх, сайжруулах, өнгөрсөн хугацааны алдааг нь засаад урагшлах ёстой гэдэг дээр оролцогчид байр сууриа нэгтгэсэн юм.