УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал орон тооны бус зөвлөхөөрөө нийгмийн идэвхтэн Б.Болороо хэмээх бүсгүйг томилсон байна. Эл эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бусдын адил хөдөлмөрлөх чадвартай, ажлын байраар хангуулах эрхтэй гэдгийг хөндсөн бичлэгийг анх 2016 онд нийгмийн сүлжээнд түгээж байсан юм. Улмаар тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд найман жил гаруйн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах, төрийн бодлогод тусгах чиглэлээр ажиллаж, нийгэмд энэ талаар зөв ойлголт өгөх сургалт хийсээр ирсэн билээ. Тэмцэж, түгээж ирсэн асуудлаа хууль тогтоомжид тусгаж байж биеллээ олох учраас тэрбээр УИХ-ын гишүүнд зөвлөн, хувь нэмрээ оруулахаар шийдсэн аж. Энэ талаар тэрбээр “Хүний эрх, хуулийн салбар гээд өргөн хүрээнд ажилладаг, үзэл баримтлал, зарчимдаа үнэнч гишүүнтэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Х.Баасанжаргал гишүүн ч мөн “Манай баг хүч нэмсэн. Хүний эрхийн төлөө эв санаа, хүч хөдөлмөрөө нэгтгэх шийдвэр гаргасан Б.Болороодоо баярлалаа” гэсэн байна.