Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргасан билээ. Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасны дагуу бүрэн эрхээ эдэлж буй нь энэ. Тэрбээр эл саналаа уржигдар Ерөнхийлөгчид, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах аж. Уг гэнэтийн шийдвэрийнх ньталаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
ДАМ.ЦОГТБААТАР: ЕРӨНХИЙ САЙДЫН ШИЙДВЭРИЙГ ХЭН Ч БУЦААХГҮЙ
-Парламентын засаглалын мөн чанарыг тодотгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Үндсэн хуулийн 39.4-т заасны дагуу сайд томилж, чөлөөлөх нь түүний бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчид эхэлж танилцуулж байж шийднэ гэж зарим хүн ярьж буй. Ерөнхий сайд өөрөө шийдвэрээ гаргана, УИХ, Ерөнхийлөгчид зөвхөн танилцуулах л юм шүү дээ. Төрийн тэргүүн дуртай байх, үгүй нь хамаагүй. Гаргасан шийдвэрийг хэн ч буцаахгүй.
С.ЭРДЭНЭБОЛД: УЛС ТӨРИЙН ӨНЦГӨӨС ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГГҮЙ

-Хэрэв Ерөнхий сайд прокурор, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагад хөндлөнгөөс үүрэг өгсөн бол хууль бус үйлдэл. Харин танхимаа хэрхэн бүрдүүлэх нь түүний бүрэн эрх. Үндсэн хуулиар ийм эрх олгосон байхад зарим хүн улс төрийн эрх ашгийн үүднээс тайлбарлажбайна. Өмнө нь ч дээрх нэмэлт, өөрчлөлтийн дагуу сайд нараа сольж байсан жишээ бий.
Н.НОМТОЙБАЯР: ЭРХ МЭДЛИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ҮЕД ЯАГААД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАВ ГЭДГИЙГ ХАРАХ ЁСТОЙ
-Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх мэдлийн дагуу бүрэлдэхүүнээ томилох, чөлөөлөх нь нээлттэй. Гэхдээ хуулийн нарийн зохицуулалт бий. Өрөөндөө сууж байгаад л тэрийг чөлөөлнө, томилно гэж болохгүй л дээ. Яагаад солих болсноо Г.Занданшатар “Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд” гэж тайлбарласан. Нэг талдаа зөв. Нөгөө талдаа улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байх үед яагаад уг асуудлыг хөндөв. Г.Занданшатар УИХ-ын дарга байхад болсон “нүүрсний хэрэг”-ийн сонсголын үеэр хураасан мэдээ, материалыг бүгдийг задалж үзэх хэрэгтэй. Надад ирсэн мэдээллээр нүүрстэй холбоотой 31 гэрээг нууцад авсан юм билээ. Бүгдийг нь ил болгож үзье. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал бол ердөө хавтас нь. Одоо доторхыг нь нээж үзэх хэрэгтэй. Мөн хэн нэгнийг хэрэгт хардаж болох ч эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Тийм шийдвэр гараагүй байхад нэгнээ харлуулах нь онцгүй. Улс төрийн өрсөлдөөн, асуудал гармагц нэгнээ “нүүрсний хулгайч” гэж цоллодог. Одоо нэг нь нүүрсний хулгайч, нөгөө нь банк дампууруулагч боллоо. Би өмнө нь “Авлигатай тэмцэнэ гэдэг бол МАН-тай тэмцэнэ гэсэн үг” гэж хэлсэн дээ.
МАН-ынхан олонхоороо шийдэж, даргаа сонгосон бол асуудлаа цэгцлээд, төрийн ажлыг хэвийн явуулмаар байна. Намын талцал төрийн ажилд нөлөөлдөг нь үнэн.
Б.ТУЛГА: БҮРЭН ЭРХ НЬ ХЭДИЙ Ч ПРОЦЕССЫГ ЗӨВ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
-Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилж, чөлөөлөх эрхтэй. Гэвч процесс нь зөв байх ёстой. Өнөөдөр иргэн А, маргааш Б-г томилоод байж болохгүй шүү дээ. Ерөнхий сайд саналаа гаргаад Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргөнө. Гэтэл өчигдөр “томиллоо” гэж мэдэгдсэн. Төрийн ажил учраас өдөр бүр нэг сайд томилоод байж болохгүй. Тиймээс л УИХ-ын өмнө тангараг өргүүлэх дэгтэй. ЗГХЭГ-ын дарга нь ч үүнийгээ мэдэхгүй байгааг харахадих л огцом, гэнэтийн шийдвэр болж гэж харсан.