МАН-ынхны талцал үргэлжилж байна. Хоёр талд хуваагдсан гишүүд Төрийн ордон дахь нэгдсэн чуулганы танхимын үүдний индрийг “элэгдтэл” л ээлжлэн мэдэгдэл хийж буй. П.Сайнзориг, Ц.Сандаг-очир нарын гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барив. Үүнд 50 гаруй хүн гарын үсэг зурсан гэнэ. МАН-ын 33 гишүүн дээр АН, Үндэсний эвсэл, ХҮН намаас “хүч нэмсэн” аж. Гэхдээ тэдгээр гишүүн ил гарахыг хүсэхгүй байгааг Ц.Сандаг-Очир ярьсан. Уг төслийг байнгын хороогоор ажлын гурав хоногт хэлэлцэх учиртай.
Нөгөө талд МАН-ын 35 гишүүнээс бүрдсэн “баг” Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаал, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргээ шалгуулах ёс зүйн шаардлагыг хүргүүллээ. Тэднээс 20 гаруй нь мэдээлэл хийсэн юм. Үүнд Засгийн газрын сайд нар багтжээ. Уг нь гишүүн Д.Энхтүвшингийн албан бланкан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл гарч байлаа. Гэвч нийт гишүүний олонх буюу 64 хүн санал гаргаж байж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн заалттай. Ийм “босго”нд хүрээгүй учраас тэд арга барилаа өөрчилж, огцруулах биш, өөрөө чөлөөлөгдөөд шалгуулах шаардлага хүргүүлэв бололтой.
Ийнхүү МАН-ын 68 гишүүн эн тэнцүүхэн хуваагдсан бөгөөд бусад нам, эвсэл, ялангуяа АН-ынхан хайна хагалах болоод байна. УИХ-ын гишүүдийн мэдэгдэл, байр сууриас хүргэе.
Д.ЭНХТҮВШИН: УИХ-ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛААС ТҮДГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХ ЁС ЗҮЙН ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА

-УИХ дахь АН-ын бүлгийнхэн ийм шаардлага гаргасан. Үүнийг бид дэмжиж байгаа. Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тө¬рийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэнэ” гэсэн байдаг. Тиймээс үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэх үүднээс Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаал, УИХ-ын гишүүний бүрэн эр¬хээ¬сээ түдгэлзэж, нэр холбогдсон авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудаа шалгуулах ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна. Гэхдээ энэ бол огцруулах шаардлага биш.
Н.АЛТАНХУЯГ: ҮНДЭСЛЭЛ, УЧИР ШАЛТГААНЫГ ЭХЛЭЭД ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ

-Би өөрөө энэ зовлон, жаргалыг туулаад гарсан хүн. Ма¬най Засгийн газрыг ч баахан гарын үсэг цуглуулаад л огцруулсан. Тэгээд Монгол Улсад ямар хэрэгтэй, ашигтай байсан бэ. Бүү огцруул гэж байгаа юм биш. Яг яагаад, ямар үндэслэлээр Засгийн газрыг огцруулах гээд байна вэ гэдгээ эхлээд ойлгох нь чухал. Ер нь нураах, огцруулах амархан. Улс орноо босгох, ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ бүхнээс МАН-ын хэн нэгэн биш, ард түмэн хожих ёстой. Тэгвэл Засгийн газрыг, эсвэл УИХ-ын даргыг огцруулбал хэн нь яаж хожих гээд байгаа юм. Надад бол мэдээлэл алга. Та нар учрыг нь асуу. Би харин нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гэрээ байгуулчихаад нууцад авсныг ил тод болгох тухай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүний санаачилгад гарын үсэг зурсан. Хэн нэгнийг огцруулъя гэж бол зурсангүй.
Л.МӨНХБААТАР: ЭРГЭЭД УУЛЗАХ НҮҮРТЭЙ АМЬДАРВАЛ ЗҮГЭЭР

-ХЗДХЯ-ны ажил хэвийн үргэлжилж байгаа. УИХ-ын ги¬шүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд миний оронд томилж буйг би тэр өдөр мэдэгдэл хийхэд нь л мэдсэн. Уг нь өглөө нь Ерөнхий сайдтай тааралдсан. Хууль зүйн байнгын хороогоор манай салбарын төсвийг хэлэлцэж, би асуудлаа танилцуулсан юм. Тэгэхэд “Сайн байна” гээд гар бариад л өнгөрсөн. Гэвч өдөр нь дээрх мэдэгдлийг хийсэн. Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэвч миний тухай шийдвэр гаргаж байгаа бол урьдчилаад надад хэлэх хэрэгтэй. Энэ бол хоёр хувь хүний биш, төрийн харилцаа. Тиймээс холбогдох хуулийн дагуу танилцуулаад, шийдэх ёстой. Ер нь эргээд уулзах нүүртэй л амьдарвал зүгээр. Хүний хувьд жаахан хударгагүй зүйл болчихлоо гэж бодож байгаа.
Миний хувьд ХЗДХ-ийн сайд болоод “Хэрэг биш, бодлого ярина, эрүүгийн хянан шалгах ажиллагаанд оролцохгүй” гэдгээ олон нийтэд ч, Ерөнхий сайдад ч хэлсэн. Зарчмын ийм хатуу байр суурь минь Ерөнхий сайдын явуулж буй улс төрийн үйл ажиллагаанд саад болсон учраас л намайг чөлөөлсөн гэж харагдаж байна. Тодорхой хэрэг шалгуулах агуул¬гатай мэдэгдэл хийсэн нь харамсалтай. Шударга ёсыг хүсэж буй бол шүүх, прокурор, цагдаагийн байгууллагыг улс төрөөс хараат ажил¬лах нөхцөлийг л бүрдүүлж, дэмжих нь зөв юм. Популизм бол шийдэл биш. Шийдэл бол хууль дээдлэх зарчим. Нүүрсний хэргийн тухайд сонсголын үеэр цуглуулсан баримт, материалын хуулбарыг ЦЕГ, ТЕГ, АТГ-т хүргүүлсэн юм билээ. Эрх хэмжээ нь ч тийм. Улмаар прокурор харьяаллыг нь тогтоогоод, АТГ-ыг асуудлыг нэгтгээд шалга гэсэн учраас цагдаагийн байгууллага буюу ХЗДХ-ийн сайдын хүрээнээс гарсан.
Б.БАЯРБААТАР: ЕРӨНХИЙ САЙД ҮТЭР ТҮРГЭН ОГЦРОХ ЁСТОЙ

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, үтэр түргэн огцрох ёстой гэж бодож байна. Монголын төр бизнесийн эрх ашигт автжээ. Эх¬лээд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан, дараагийн “бай” нь УИХын дарга болж байна. Тулхтай улс төрч гэж Г.Занданшатарыг бид Ерөнхий сайд бол¬гоод гурван сар харлаа. Эдийн засгийн нөхцөл байдал тийм мундаг байгаа юм уу. Үгүй шүү дээ. Нэг хүн индэр дээрээс бүх зүйл сайхан болж байна гэхэд л болчихдог хэрэг үү. Гараад иргэдийн амьдралыг хар. Би аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзсан. Ажил гүйцэтгэсэн мөнгөө өнгөрсөн долоо хоногт авах байсан ч хойшилсоор арай гэж хагасыг нь өгсөн гэсэн. Төрийн сан мөнгөгүйгээс болсон байна. Хэнтий рүү ярилаа, “АИ-92” алга, баруун аймгуудад ч адил. Бодит байдал ийм байхад худлаа яриад байж болохгүй. Явцуу эрх ашгийг төрийн бодлогод оруулж ирснээр эв нэгдэл алдагдсан нь үнэн. Ухаахудагаас Баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд хүртээе гэснээс л энэ бүхэн эхэлсэн.
Б.ЭНХБАЯР: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ АЖЛАА ӨГӨӨД ШАЛГУУЛ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ

-Хуулиар, улс төрийн болон ёс суртахууны хэмжээгээр асуудлыг зо¬хицуул¬даг. Тиймээс бид улс төр, ёс суртахууны шаардлага тавьж байгаа юм. УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Хараат бус гэж буй АТГ, төрийн аудитын газар нь УИХ-ын бүтцийн байгууллага. Тиймээс олон түмэнд төрж буй эргэлзээг яагаад өөрөө эхлээд тайлж болохгүй гэж. Ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаач гэж буй юм. Үгүй бол хуулийн хэлээр шаардлага тавина. Тэр нь огцруулах асуудал юм. УИХ-ын гишүүдийн тал нь ажлаа өгөөд шалгуул гээд байна шүү дээ.
Г.ЛУВСАНЖАМЦ: АХ НАР ЭМОРЧ ДУУССАНЫ ДАРАА Л ХОЁР ЗАСАГЛАЛЫН АЖИЛ ЖИГДЭРНЭ

-Монгол түмний заяа их. Улс төрийн иймэрхүү үйл явц байсаар ирсэн, цаашид ч байна байх. Засгийн газар дунджаар 1.5 жил оршин тогтнодог. Нэг талд Засгийн газрыг цэвэршүүлэх, нөгөө талд ёс зүйн асуудлыг хөндөж байна. Үүнийг нэг талд гаргахын тулд шүүх засаглал үгээ хэлэх ёстой. Мөн Удирдах зөвлөл хуралдаад л чиглэл өгчихөд болно. Бага хурлаар олонх хэнийг дэмжсэн юм, түүнийгээ дагах ёстой. Гэтэл хоорондоо уулзахгүйгээр бүгдийг нь бүлтэлзүүлээд байх юм. Ах нар хэзээ эморч дуусна, түүний дараа хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын ажил жигдэрнэ.
Э.БОЛОРМАА: НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАГДСАН НЬ Г.ЗАНДАНШАТАРТ ТАВЬСАН ДҮН

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Их бодож байж шийдвэрээ гаргасан. 100 хоногийн ажилд нь дүн тавьж, цааш үргэлжлүүлбэл улс оронд хортой гэж үзсэн. Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл бий. Гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. АМНАТтэй холбоотой 55 дугаар тогтоол бол маш ноцтой. Хулгай гэхээр очоод хүрздээд авна гэж боддог. Гэтэл орчин цагт тогтоол гаргаж, татвараас чөлөөлөх замаар ч хулгайг хийж байна. Би “Оюутолгой” бүлэг ордыг хянан шалгах түр хорооны гишүүн. Бид “Рио Тинто” компанид өдөр бүр 10 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Гадаа багш нар, ахмадууд жагсаад удлаа. Гэтэл Ерөнхий сайд тэдэнтэй гарч уулзсангүй. Сайхан рийл орууллаа гээд ажил явна гэсэн үг биш. Манай Бага хурлаар намын даргын сонгуульд өрсөлдөөд Ерөнхий сайд ялагдсан. Энэ бол намаас түүнд улс төрийн дүнгээ тавилаа гэсэн үг.