Төрийн ордонд өчигдөр өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
1980-ААД ОНЫ БҮЛЭГЛЭЛИЙНХЭНД САНАЛ ДУТЖЭЭ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, санал хураах байв. Гэвч байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Тэрбээр “Манай байнгын хорооны 4-5 гишүүн л ирсэн байна. АН, ХҮН намынхан ирсэнгүй, ирцээр бойкот хийлээ” гэсэн шалтгаан хэлсэн. Тэр бол Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 50 гаруй гишүүний нэг. Тиймээс ч хэт нэг талыг барьсан байр сууринаас хуралдааныг удирдлаа гэж шүүмжлүүлж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Ямар шалтгаанаар хуралдааныг хойшлуулсныг ойлгосонгүй. 70 хувийн ирцтэй эхэлж байсан шүү дээ. Тиймээс үргэлжлүүлэх санал тавьсан ч хүлээж авсангүй. Ирцээ бүртгүүлсэн зарим гишүүн танхимд алга гэсэн. Тэд эсрэг санал өгсөнд тооцогдоод явдаг журамтай. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гэв.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уржигдар үдээс хойш гэнэт “Улсын ирэх оны төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан энэ сарын 13-17-нд УИХ-ын гишүүдийг албан томилолт болон хувийн ажлаар гадаад улсад явахыг түр хугацаагаар хязгаарласугай” гэсэн захирамж гаргасан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийхээр өчигдөр мордсон. Түү¬ний айлчлал энэ сарын 16-нд дуусна. Төрийн албан ёсны айлчлал, түүний бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн нэрийг хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн байдаг атал УИХ-ын дарга гэнэт л гишүүдийнхээ хөлийг “туших”-ыг оролдсон нь үүсээд буй асуудалд ирц, дэмжлэг дутжээ гэж харагдав. Зааж өгсөн хугацаа нь ч анхаарал татна. Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг шийдэх сүүлийн хугацаа энэ сарын 17-ны баасан гараг юм. Ц.Сандаг-Очирын үйлдэл ч дээрх хардлагыг баталж буй. Тийм биш байсан бол Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг өнгөрсөн баасан гарагтаа багтаагаад шийдэж болох байв. Гэтэл “ажлын цаг дууссан” гээд санал хураагаагүй. Өчигдөр бас л “Ирцээр бойкотлоод байна” гээд байнгын хороо хуралдсангүй. Уг асуудлыг пүрэв гарагт нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлосон. Энэ бүхэн нь санал, дэмжлэг “хайж”, хугацаа хожих гээд байгааг нь харуулж буй гэхэд болно.
УИХ-ын дарга захирамж гаргасан ч олон сарын өмнөөс төлөвлөсөн төрийн айлчлалд Н.Номтойбаяр, О.Алтангэрэл, С.Замира тэргүүтэй нам намын төлөөлөл болсон 7-8 гишүүн явсан байна.
УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ НЭГ ӨДӨР ЯРИХЫГ ШААРДЛАА
УИХ дахь АН-ын бүлгийнхэн 28-уулаа хуралдаж, зарчмын гурван асуудалд 100 хувийн саналаар байр сууриа нэгтгэсэн байна. Даваа гараг бүр УИХ дахь бүлгүүд хуралддаг дэгтэй. Эл хуралдаан нь дуусаагүй учраас тус намын Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалалтай гишүүд очоогүй аж. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “МАНынхан дотоод талцлаа төрийн институц хоорондын зөрчил болголоо. Тиймээс бид УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг нэг өдөр хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Үүнийг яаралтай, хамтад нь шийдэх ёстой. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах тухай асуудал нэгдсэн чуулганы тов, дараалалд багтаагүй. Үүнийг дараалалд оруулж, баасан гарагт нэг өдөр ярих хүртэл манай бүлэг тэднийг огцруулах, эсэх тухайд нэгдсэн байр суурь гаргах боломжгүй. Уг хоёр асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнө бид нэгдсэн байр сууриа зарлана. Мөн эрх баригч нам хоёр тал болоод, төрийн өндөр албан тушаалтнууд нь талцаж буй тул тэднийг огцруулах, эсэхийг шийдэх нэгдсэн чуулганыг цөөнхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Пүрэвдоржоор удирдуулахыг АН-ын бүлэг шаардаж байна” гэв. МАН-ынхны дотоод талцал зөвхөн нүүрсний хулгайгаас үүдэлтэй биш, 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн хуулийн хулгай болж эхэлснийг тэрбээр сануулсан юм. Хууль баталж, аливаа хэргээ нууцын зэрэглэлд оруулдаг болсон учраас Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөхөөр тус бүлгийнхэн ажиллаж буй гэнэ.
МАН-ын 35 гишүүн анх УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн хариуцлага тоо¬цох шаардлага тавьсан. Тэгвэл энэ нь огцруулах шаардлага болон өөрчлөгдсөнийг З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын гишүүн өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Мөн тэд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай уг тогтоолын төслөө өчигдөр үдээс хойш дэд дарга Л.Пүрэвдоржид өргөн барьсан юм. Д.Амарбаясгаланг огцруулах саналд МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр, нийт 67 гишүүн нэгдээд буй юм. УИХ-ын тухай хуулийн 12.2.3-т заасны дагуу нийт гишүүний олонх буюу 64-өөс дээш хүн нэгдсэн нөхцөлд спикерийг огцруулах талаар санал оруулах боломжтой болдог. Гэхдээ үүнийг хэзээ хэлэлцэн шийдвэрлэх тухай тодорхой хугацаа хуульд байхгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга санал гаргасны дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хэзээ хэлэлцэх товыг тогтоох аж.
Х.ТЭМҮҮЖИН: УИХ-ЫН ДАРГА НАМААСАА ТҮДГЭЛЗДЭГ БАЙХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ
Энэ үеэр гишүүн Х.Тэмүүжин “Өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахын тулд нэг хүнд зориулсан хууль гаргаж байсан. ҮАБЗ-д байдаг гурван албан тушаалтнаас хоёр нь нэгдэж, нэг нь санал зөрсөн учраас УИХ-ын даргыг огцруулсан. Эндээс бид УИХ-ын дарга ҮАБЗ-д багтаж болохгүй гэдэг сургамж авах ёстой. Мөн УИХ-ын даргыг намаасаа түдгэлздэг болгох хэрэгтэй. Дэлхийд УИХ-ын дарга нь намын харьяалалтай, бас ҮАБЗ-дөө багтдаг жишиг үгүй. Олон ургалч үзлийн индэр, намуудын төлөөллөөс бүрдсэн парламентыг нэг улс төрийн хүчний дарга тэргүүлэх нь Үндсэн хуулийн гажуудал. Тиймээс парламентын ардчиллаа хамгаалахын тулд УИХ-ын даргаар сонгогдсон хүн намаасаа түдгэлздэг байх хуулийн өөрчлөлт хийхээр АН ажиллана” гэсэн юм.