Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертээс бүрдсэн Хөгжлийн бодлогын зөвлөл байгуулжээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан зорилтуудыг төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтаар, оновчтой стратеги, шийдэл боловсруулан хэрэгжүүлэх нь уг зөвлөлийн зорилго аж.
Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын гишүүд багтсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Ерөнхий сайдад УИХ-ын гишүүд зөвлөх нь зөв үү хэмээн тэд эргэлзэж буй. Тодруулбал, уг зөвлөлд МАН-аас гишүүн Ч.Анар, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, Б.Заяабал, Д.Хэрлэн, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, С.Зулпхар, Ж.Галбадрах, АН-аас С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, ХҮН намаас Ж.Золжаргал, Г.Ганзориг нарын 15 гишүүн багтсан байна. Тэгвэл С.Цэнгүүн гишүүн “Надаас асуулгүйгээр оруулсан байсан, би нэрээ татна” гэжээ.