Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжих зохицуулалтыг баталжээ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 50 мВт-ын чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон. Үүний хүрээнд 500 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээлд арилжин санхүүжилтийг нь татах эрхийг Засаг даргад нь олгосон. Тэгвэл тус бондыг 2026-2028 онд олон нийтэд хэсэгчлэн санал болгох гэнэ. Тухайлбал, энэ жил 150, ирэх онд 300, 2028 онд 50 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү орон нутгийн анхны бонд нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, суурь дэд бүтцийг сайжруулах болон орон нутгийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхэд хөшүүрэг болохыг СЗХ-ноос дурдлаа.