Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд арилжаалжээ. Энэ нь 2018 оноос хойш тус банкны олон улсын зах зээл дэх анхны нээлттэй хэлбэрийн бонд бөгөөд цаашид гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал алхам болсон гэв. Түүнчлэн эл арилжаа нь хөрөнгө оруулагчид банкны урт хугацааны хөгжлийн стратеги, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, удирдлагад итгэл хүлээлгэж байгааг харуулж буй үйл явдал хэмээн тайлбарлажээ. Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг үндэсний эдийн засгийн өсөлтөд ач холбогдол бүхий стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглах аж. Хөгжлийн банкны энэ удаагийн бондын хүү нь Засгийн газрынхаас 0.95 хувиар өндөр гарсан юм. Ингэснээр бусад банк, банк бус санхүүгийн байгууллагын олон улсын зах зээлд бонд гаргах зардлыг бууруулж, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжийг бий болгосон гэнэ.
Д.Хэрлэн