Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг албан тушаалд тус банкны Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анарыг нэр дэвшүүлсэн юм. Э.Анар нь 1986 онд төрсөн, Японы Хакуогийн их сургуулийг бизнесийн удирдлагын баклавр, АНУ-ын Колумбын их сургуулийг төрийн захиргаа, удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Улмаар 2011 оноос хойш Төв банкны Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зээлийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээс эхлэн ажиллаж буй нэгэн. Тэрбээр 2017 оноос хойш өнөөдрийн албан тушаалыг хашиж буй аж. Мөн Ерөнхий сайд асан М.Энхболдын хүү юм.
Төв банканд мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар ажиллаж буй хэмээн түүнийг сонсголд оролцогчдын олонх нь дэмжиж байв. Тэгвэл АН-ын гишүүн С.Цэнгүүн арай өөр байр суурь илэрхийллээ. Тэрбээр “2016 онд ам.доллар 2100 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3560 болжээ. Энэ бүх цаг хугацаанд та Төв банканд ажилласан. Өнөөдөр иргэд цалин, тэтгэврээрээ амьдарч хүрэлцэхгүй болсны буруу нь Монголбанктай холбоотой. Энэ банкны удирдлагын алдаатай бодлогын уршиг шүү дээ. Төв банк инфляцыг барих үүрэгтэй ч өнөөдөр 11.2 хувь байна. Ипотекийн зээлийн зөрүүг Монголбанк мөнгө хэвлэж тараах байдлаар санхүүжүүлсэн. Үүнээс үүдэн байрны зээл аваагүй иргэд ч ханшийн зөрүүгээр алдагдлыг нөхөж явна. Энэ бүх буруутай бодлогыг хэрэгжүүлэх цаг үед Монголбанканд ажиллаж байсан ч засаж, сайжруулах тухайд алхам хийгээгүй хүн тушаал дэвших нь буруу жишиг” гэв. Мөн МАН-ынхан, эсвэл Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Э.Анарыг уг албан тушаалд томилуулах гэж их яарсан, сонсголын тов тогтоохын тулд эзгүй гишүүдийн өмнөөс товчлуур дарсан, ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй зэргээр шүүмжилнэ лээ.
Нэр дэвшигч Э.Анар зарим зүйл дээр Монголбанк ажлаа хийж чадаагүйг зөвшөөрсөн ч иргэдэд хөнгөлөлттэй хүүтэйгээр ипотекийн зээл олгох Засгийн газрын хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлага байсан, үүссэн нөхцөл байдалд өмнөх удирдлагуудын алдаа гэхээс илүү эдийн засгийн хүчин зүйл нөлөөлсөн гэх мэтээр “арьсаа хамгаалсан” тайлбар хэлж байлаа. Одоо уг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцээд түүнийг томилох, эсэхийг баталгаажуулах юм.
С.Уул