Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын ардын банкнаас хамтран зохион байгуулсан хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан ёсоор уулзан, хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцжээ. Энэ үеэр талууд Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-ний хугацааг гурван жилээр сунгаж, нөхцөлийг сайжруулсныг Төвбанкнаас мэдээллээ. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад түлхэц болох аж. Ташрамд дурдахад, дээрх гэрээг 2011 онд байгуулж тухайн үеийн ханшаар таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл хийсэн. Гэрээний дүнг 2012, 2014 онд тус бүр таван тэрбум юанаар нэмэгдүүлсэн бол хугацааг нь ийнхүү тав дахь удаагаа гурван жилээр сунгалаа.
С.Дулам