Буудлагын шигшээ багийн эмэгтэй тамирчдаас О.Янжинлхамыг спорт сонирхогчид андахгүй. Түүнийг “Мэргэн буудагч” болсон үеэс нь дэмжиж, оролцсон тэмцээн бүрийг нь алгасалгүй үздэг хүн цөөнгүй бий. Дотоодын дээд амжилтыг нэг бус удаа шинэчлэн тогтоож, насанд хүрэгчдийн УАШТ-д 20 гаруй удаа аваргалсан тэрбээр 2009 онд Катарын Доха хотод болсон залуучуудын 11 дэх удаагийн Азийн АШТ-ээс 10 метрийн хийн урт бууны дасгалд мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирж байв. Түүнчлэн ОХУ-ын Казань хотод 2013 онд зохион байгуулсан Дэлхийн оюутны зуны универсиад наадмын ганцаар чилсан төрөлд хүрэл, багийнхад мөнгөн медаль гардан дараа жил нь оюутны ДАШТий багийн төрөлд онч сорьж түрүүлсэн юм. Цэрэг, армийн байгууллагад алба хаадаг тамирчдын дунд зохион байгуулдаг Дэлхийн цэргийн спортын VI наадам БНСУ-д 2015 онд болоход өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан билээ. Тэрбээр тамирчны замналаас гадна энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй. Монголын буудлага спортын болон Олон улсын буудлага спортын холбоотой 2021 онд хамтран зохион байгуулсан сургалтад хамрагдаж, Б зэрэглэлийн шүүгчийн үнэмлэх авсан юм. Үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлсэн “Алдар” спорт хороогоор овоглодог буудагч бүсгүй “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд оролцохоор багийнхантайгаа Японыг зорьсон. Түүний өрсөлдөх урт бууны төрлөөс 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан болон хасагдах шатны тэмцээн энэ сарын 25, шигшээ буудлага 26-нд (Бямба гарагт) эхэлнэ.
ГЭРИЙНХНИЙХЭЭ МӨНГИЙГ СУМАНД ЗОРИУЛАВ
Грек улсын Афин хотод 2004 онд олимпын наадам болоход аав Олзвойбаатар нь түүнтэй хамт буудлагын тэмцээнийг зурагтаар үзэж суухдаа 18 настай гадаадын тамирчин охин түрүүлэхийгхараадямаргоёспортвэгэжбодож суусан гэдэг. Олимп өндөрлөсний дараахан сонинд буудлагын спортод сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулж авна гэсэн зар хэвлэгдсэнийг олж уншаад аавдаа үзүүлэхэд дуртай зөвшөөрч, Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн зааланд байрлах “Снайпер” клубт дагуулан очиж, дасгалжуулагч Г.Мөнх-Очир, Ц.Мөнх-Эрдэнэ нарын шавь болгосноор 2005 онд энэ спортод хөл тавьжээ. Тухайн үед гар буу моодонд орж, урт бууны төрөлд цэц сорих хүн цөөн байсан тул багш нар нь урт буугаар хичээллэхийг зөвлөсөн байна. Багаасаа дайчин, аливаа зүйлээс амархан шантардаггүй зан чанартай нь хамгийн ойр спорт буудлага байв. Түүнийг хичээллэх үед буудлагын хувцас хэрэглэл, буу, сум ховор байсан ч аав, ээж нь бүх талаар дэмжсэний хүчинд тамирчин болов. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй үедээ гэрийнхнийхээ хамаг мөнгийг сум, тэмцээний зардалд зориулчихдаг байсан болохоор амжилт гаргаж баярлуулахыг их хичээнэ. Олон даваа туулж, шигшээ багийн босгоор алхснаас хойш Азийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ, “Дэлхийн цом”, Оюутны ДАТШ, Оюутны универсад наадам гэх мэтчилэн шил дарсан тэмцээнд онч сорив. Хамгийн анх Катарын Доха хотыг 2009 онд зорьж, Азийн АШТ-д дэд байрт шалгаран, медалийнхаа салхийг хагалсан юм. Үүнээс хойш шагналын буухиагаа таслалгүй өнөөг хүргэжээ. “Алдар” спорт хорооны босгоор алхахыг хүсдэг олон тамирчин байдаг ч шалгуурт нь тэр бүр тэнцдэггүй. Гэхдээ тэр тэнцсэн юм. Тус спорт хороогоор овоглоод 18 жил болж буй. 2008 оны хавар Бүх ард түмний спартакиад болоход нэрийнх нь өмнөөс буудлагын тэмцээнд оролцож түрүүлснээр энэ томын айлын халуун ам бүлд нэгдсэн аж. “Алдар”-ын тамирчин болсноос хойш түүний амжилт ахисан. Өмнөд хөршийн Бээжин хотод 2008 онд “Дэлхийн цом”, олимпын өмнөх сорилго тэмцээнд оролцон олон улсын хэмжээний мастер цолын болзол биелүүлснээр БНСУ-д 2015 онд зохион байгуулсан Дэлхийн цэргийн VI наадмын буудлагын тэмцээнд багийнхантайгаа цэц сорьж түрүүлсэн баярт дурсамж түүний амжилтын түүхэнд бий.
БУУДЛАГЫН СПОРТООС ШИНЭ ЗҮЙЛ ЭРЭЛХИЙЛСЭН НЬ
Түүнээс “Ж.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлагад та олон жил хичээллэж байгаад дараа нь Б.Сугар багшийн шавь болсон. Орчноо сольж, өөр арга барилаар бэлтгэл хийе гэж бодсон уу. Ийм шийвдэр гаргах тухайн үед амаргүй байсан байх” гэхэд тэрбээр “Буудлагын спорт маш нарийн техниктэй. Өмнө нь үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн удирдлагад 10 жил хичээллэж, олон тэмцээнд оролцон, амжилтын зам туулсан. Өнгөрсөн он жилүүд надад сайхан дурсамж үлдээсэн. Миний хувьд нэг багшаар олон жил заалгасан болохоор өмнөхөөсөө өөр, шинэлэг зүйл эрэлхийлж байлаа. Ж.Ганхуяг багштай ярилцаж зөвлөлдөөд шийдвэр гаргасан. Гэхдээ дасгалжуулагчаа солих шийдвэр гаргах амар байгаагүй. Тухайн үед багш минь надад жаахан гомдсон болов уу гэж боддог. Дараа нь дэмий ч солив уу даа, хэрэггүй юм боллоо гэж олон сар бодож, сэтгэл эмзэглэж явсан. Багш тамирчдад бэлтгэл хийх арга барилыг бүх талаас нь заадаг бол Б.Сугар дасгалжуулагч сэтгэл зүйтэй ойр ажилладаг. Тухайлбал, буудахдаа юуг анхаарах вэ, бэлтгэлд ямар сэтгэл зүйтэй ирэх вэ гэх зэргээр тэмцээнд хэрэг болох зөвлөгөө өгдөг юм. Б.Сугар багштай уулзахад “Чи өөрөө л мэд, энэ бол чиний шийдэж, сонгох асуудал. Багш нь чамайг ирвэл дуртай хүлээж авна” гэсэн. Хоёр багш минь өмнө нь “Снайпер” клубийг анх байгуулахад дасгалжуулагчаар хамт ажиллаж байсан юм. Тиймээс би нэгээс нөгөө клубийн багш руу очсон гэсэн үг. Энгийн хүмүүст бол багшаа өөр дасгалжуулагчаар сольсон мэт санагдаж байгаа л байх” хэмээсэн.
Тэрбээр ээж болж, буудлагын спортоос түр завсарласан. Гурван жилийн дараа эргэж ирэхдээ шинэ орчин, арга барил хүсэж байгаагаа мэдэрч, бэлтгэл хийсэн ч дорвитой ахиц гарахгүй нэг хэвийн байсан тул уйтгартай санагджээ. Залуу байхдаа зөвхөн амжилтын төлөө зорьдог байсан бол гэр бүлтэй болсноор энэ спортоос суурь болох юу байна вэ, орчноо солиод үзье, өөрийн үгүйлж байгаа зүйлд анхаарал хандуулъя гэж бодсон аж. Харин одоо тэрбээр гэр бүл, бэлтгэл сургуулилалт, тэмцээнд амжилт гаргах гээд аль алинд нь анхаарал хандуулж байна. Түүний нөхөр Б.Дөлгөөн усан спортоор цөөнгүй жил хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд улсаа төлөөлжоролцсон.Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Amphibian” усанд сэлэлтийн академи болон “GoDo swimming club”-ийн ахлах дасгалжуулагч, багшаар ажилладаг. Хоёулаа тамирчин тул нэгийгээ сайн ойлгодог нь тэдний гэр бүлийн хамгийн том давуу тал гэдгийг ч ярилцах үедээ дурдсан. Нөхөр нь түүнийг бүх талаар дэмждэг. Бага охиноо төрүүлсний дараа буудлагын спортоос нэг мөсөн холдох уу, байх уу гэж эргэлзэх хүнд үед нөхөр нь дэмжиж, урам хайрласнаар үлдсэн гэдэг. Тухайн үед түүнд тамирчны амьдралаар замнах хэцүү санагдаагүй ч буудлагаар үргэлжлүүлэн хичээллэх хүсэл тэр бүр төрөхгүй байжээ.
Бидний яриа цааш өрнөж “Буудлагын спортод гэр бүлээрээ хөл тавьсан хүн олон байдаггүй. Нөхрийг тань “Рио-2016” олимпод оролцсоныг санаж байна. Дуртай спортод тань буцааж авчирсан нөхөртөө баярладаг уу” гэхэд “Тийм ээ, миний сэтгэл рүү өнгийн, нээлттэй ярилцаж зөвлөдөг хүн бол нөхөр минь. Намайг энэ зангаараа л их татсан хүн шүү дээ. Сэтгэлээр унасан үед тамирчдын тэмцээнд амжилт гаргаж буй бичлэгүүдийг сонирхуулж үзүүлдэг. Тамирчин хүн унаж сөхөрсөн ч дахин босох сэтгэлийн тэнхээтэй байж амжилт гаргадгийг надад их ойлгуулсан. Шагналын тавцанд медалиа зүүгээд баярын нулимстай зогсож байгаа тамирчныг хараад өөрийн эрхгүй сэтгэл огшиж, “Би чиний зөвлөгөөг хүлээж авлаа. Буудлагын спортоо орхихгүй эргээд хичээллэе” гээд амлаж байлаа. Миний нөхөр “Рио-2016” олимпод усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдсөн. 2008-2015 онд улсын аварга, 2014 ондСингапурт болсон АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. ДАШТ, Азийн АШТ, Азийн наадам, Оюутны универсад, “Дэлхийн цом”-ын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон. Буудлагын спортоор хичээллэхээр ирсэн хүүхдүүдээс би ганцаараа үлдсэн байдаг юм. Тухайн тамирчныг тууштай үргэлжлүүлэх, эсэхийг энэ спорт тэсвэр хатуужлаар их шалгадаг. Буу шагайж, олон цаг зогсоход тэвчээр их гаргана. Би эргээд бэлтгэл хийхдээ өмнө гаргадаг байсан эрч хүчээ өөрийн эрхгүй үгүйлсэн шүү” гэв.
“АВАХЫГ ХҮСВЭЛ ӨГЧ СУР” ГЭДЭГ ҮГ СПОРТОД Ч ХЭРЭГЖДЭГ
Тамирчдын амьдрал тэмцээнээс тэмцээний дунд өрнөдөг болохоор амаргүй нөхцөл байдалд тэрбээр хэдийн дассан. Тиймдээ ч жирийн гэр бүлээс тамирчных олон зүйлээр өөр байдаг. Спортын талбарт нөхрийнхөө хамт зүтгэж байгаа тул нэгнээ ойлгож, дэмжих тал дээр бусдаас илүү байдаг аж. Хоёулаа тамирчин болохоор ар гэрийн ажил орхигдох гээд байдаг тул тэднийг завгүй үед охин дүү нь хүүхдүүдийг нь харж, нэг хэсэгтээ л их тус болжээ. Буудлагын тамирчид чөлөөт цагаараа усанд сэлдэг. Сүүлийн үед тэрбээр нөхрийнхөө зөвлөснөөр усан спортоор хичээллэхдээ гар хүчтэй болохоос гадна нурууны булчинг суллаж өгдөг, уушгины багтаамж сайжирч, амьсгаа задардаг гээд эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх ач тус, давуу талыг нь мэдэрсэн байна.
Буудлага сэтгэл зүйн спорт. Тамирчны зан чанар, мэдрэмжээс бүх зүйл шалтгаалдаг. Тэмцээнд бөх, бокс, тулааны спортынхон шиг сэтгэл хөдлөл, хүч бяр, хурд, хөдөлгөөн тэгтэл их гаргаад байдаггүй. Өөрийнхөө өрсөлдөгч болж, амжилт гаргадгаараа буудлагынхан ялгардаг онцлогтой. Тэмцээнд тайван байж, анхаарлаа төвлөрүүлдэг болохоор үг яриа бусдаас цөөн. Энэ утгаар яривал сэтгэлийн хөөрөл багатай. Үүгээр хичээллэсэн та мирчид өөрийгөө ялан дийлэх чадварт тү рүүлж суралцдаг. Түүнийг хүмүүс “Чи буугаа бариад галын шугам руу орохдоо шал өөр хүн болчихдог. Харц чинь энгийн байх үеийнхээсээ илүү зоримог, шийдэмгий харагдах юм” гэж хэлдэг аж. Тэрбээр тамирчин болс ноосоо хойш дотоод сэтгэл рүүгээ өнгийж, өөртэйгөө их ярилцдаг болжээ. Түүнд олон хүн “Би буудлагаар хичээллэж үзмээр байна, эсвэл хүүхдээ хичээллүүлье” гэж ханддаг аж. Тамирчин болоход таван сар бус, таван жил хичээллэсний дараа амжилтын тухай ярьж эхэлнэ. Багш нь дөнгөж хичээллэж байх үед нь түүнд буу шагайлгаад хөлийг нь чилтэл зогсооход хэцүү санагддаг байж. Ард нь зогсоод сумаа тоолж эхлэхэд нь”, “Одоо л буудуулах нь дээ” гээд эргэж хараад баярладаг байсан гэдэг. Энэ тухайгаа “Багш нар маань биднийг тамирчин болох суурийг ингэж сайн бэлдсэн. Тиймээс туршлага зааж, залуу тамирчдад халаагаа амархан өгөхгүй өрсөлдөж байгаа юм шүү дээ. Намайг буудлагаар хичээллэхэд хамгийн их урам өгч урагшлуулсан нэг хүн байдаг юм. Манай “Снайпер” клубийн дасгалжуулагч Т.Баяржаргал багш биднийг буу шагайлгаж байгаад, дараа нь кросст гүйлгэнэ. Гүйж ирчихээд буугаа мөрлөөд зогсож байхад “Манай О.Янжинлхам сайн тамирчин болно доо” гэж хэлдэг сэн. Тэр үед буудлагаар хичээллээд удаагүй байсан надад амжилтын тухай нэг их төсөөлөгддөггүй байв. Түүнийг тэгж хэлснээс хойш тууштай хичээллэх болсон. Үг хүчтэй, хүний сэтгэл зүйд нөлөөлж, урам, зориг хайрладаг юм байна гэдгийг тэр үед мэдэрсэн” гэж дурссан.
“Авахыг хүсвэл өгч сур” гэдэг үг спортод ч гэсэн хэрэгждэг. Тэрбээр 10метрийн хийн буу, мөн 50 метрийн урт бууны гурван байрлалаас (суугаа, хэвтээ, босоо) 60 сум буудах дасгалд онч сорьдог. Холимог багийн төрөлд ч цэц сорьж буй. Буудлага техникийн спорт тул хичээллэх, тэмцээнд оролцоход өртөг өндөртэй. Хийн бууны 10 метрийн дасгалд Германы “Walther”, 50 метрийн урт бууны гурван байрлалаас 60 сум буудах дасгалд Швейцарын “Bleiker“ брэндийн буугаар өрсөлддөг. Чанартай буу, сум, хувцас хэрэглэл авахад чамгүй үнэтэй. Энэ спортоор сонирхож хи чээллэх залуус байдаг ч замын дундаас буцах нь бий. Спортод тэвчээр зааж үлдэхээс гадна сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүйг тэмцээн, өрсөлдөөний талбар харуулдаг. Тэрбээр буудлагын спортод унаж, бас босож үзсэн болохоор амжилт гаргах амархан ч хадгалж үлдэх амаргүйг мэдэрсэн буудагчдын нэг.