Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (CCCS)наас мэдээлснээр энэ оны наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сараар бүртгэгджээ. Өмнө нь энэ “дээд амжилт”-ыг 2023 оны долоодугаар сар эзэмшдэг байв. Харин өнгөрсөн сард дэлхийн нийт нутгаар хуурай, дулаан уур амьсгал зонхилсноор агаарын температурын дундаж түүхэнд байгаагүйгээр дээшилсэн аж. Мөн Европын баруун бүс нутагт түүхэнд байгаагүй хамгийн халуун зун тохиосон байна.
Дэлхийн агаарын дундаж температур наймдугаар сард 15.31 хэмд хүрчээ. Энэ нь 1850-1900 оны буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.65 хэмээр нэмэгдсэн дүн гэнэ. Далайн гадаргын дундаж температур 2024 оны гуравдугаар сарын дээд амжилттай ижил түвшинд буюу мөн л түүхэн дэх хамгийн өндөр хэмд хүрчээ. Эль-Нино уур амьсгалын үзэгдэл эрчимжиж байгаатай холбоотойгоор Номхон далайн халуун орны бүс нутгуудад далайн гадаргын температур удаан хугацаанд дээд түвшнээ хадгалсныг судлаачид дурдав.
Эль-Нино үзэгдлийн нөлөө энэ оны сүүлчээр эрчимжиж, ирэх жилийн эхэн үе хүртэл үргэлжлэх төлөвтэйг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулсан. Үүнээс үүдэлтэйгээр ирэх саруудад ч дэлхийн агаарын болон далайн гадаргын дундаж температурын хэлбэлзэл, хур тунадасны хэв шинж тогтворгүй болж, дээд түвшнээ шинэчлэн, нөлөөлөл нь улам эрчимжихийг Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээллээ.
Н.Мишээл