Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд түймэр дэгдэж, 80 хувь нь галд өртсөн. Тус сумын Засаг даргын захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна. Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын болон Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд одоогоор ажиллаж буй аж.
Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон мориор нэвтрэх боломжгүй нөхцөл үүсжээ. Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг БОУАӨЯ-наас Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргажээ. Энэ дагуу нисдэг тэрэг ашиг лах боломжийг Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газраас судалж буй гэнэ. Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсүүдийг гэрэл зургаар баримтжуулж, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэглэлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм байна.
Ч.Болор