Монголчууд анх 2010 онд уул уурхайн орлогоосоо ногдол ашиг хүртэж байв. “Хүний хөгжлийн сангийн хувь хишиг” нэр тэй 21 000 төгрөгийг иргэдэд сар бүр олгож байсныг хүмүүс мартаагүй биз ээ. Нийт 1.5 сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд ингэж тараасан байдаг. Энэ нь явсаар 1072 хувьцааны хөрс суурь болон бүрэлдэж, 2020 оноос бид “Эрдэнэс Таван толгой” ХК-иас жил бүр ногдол ашиг авч буй. Тэгвэл Оюутолгойн ордоос ирэх онд иргэн бүр ийм ашиг хүртэхээр болсон нь сүүлийн үеийн онцлох сэдвүүдийн нэг байлаа.
Манай улс 17 жилийн дараа тус ордоос анх удаа гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх гэж буй нь энэ бөгөөд уг мөнгийг 1072 хувьцааных шиг иргэдэд бэлнээр шууд тараахгүй, улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж Засгийн газраас энэ сарын 14-нд мэдэгдсэнээр олон нийтийн дунд ихээхэн талцал маргаан өрнөсөн билээ. Тодруулбал, “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан зээлийн хүүгийн зохистой байдлыг долоон жил тутам хянах эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилээс авч эхлэх, мөн өгөөжийг 53 хувьд хүргэх боломж бүрдүүлсэн. Үүний дагуу төрийн эзэмшилд ногдох ашгийн орлогоос дээрх мөнгийг иргэдэд хүртээхээр тооцсон ч хоёр их наяд төгрөгийг нь хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулах санал гаргаснаар Үндэсний баялгийн сангийн асуудал сөхөгдсөн юм.
Тиймдээ ч иргэдийн хүртэх ёстой ногдол ашгаас нийт 51 төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ хэмээн УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын саналыг, түүнтэй холбоотой өргөн мэдүүлсэн хуулийн төслийг “дээрэм” хэмээн шүүмжилсэн юм. Олон нийтээс санал авсан дүр үзүүлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар иргэдэд очих ёстой ногдол ашгийг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль угтсан бүтээн байгуулалт, дэд бүтэц, сурталчилгаанд “булж хаях” нь гэж ихэд унтууцсан. Харин улс төрчдийн булхай, луйвар эцэстээ үнэнд гүйцэгдэв бололтой. Засгийн газар Оюутолгойн ордын ногдол ашгаас санхүүжүүлэх төслүүдээ татан авч, иргэдийн хуримтлалын дансанд гурван их наяд төгрөгийг бүтнээр нь байршуулахаа мэдэгдсэнээр дуулиан шуугиан тэгсхийгээд намжсан.
Гэсэн ч баялгийн сантай холбоотой мухарлаагүй олон асуулт хариултгүй хэвээр үлдэв. Угтаа бол ногдол ашгийг ингэж улстөржүүлж, иргэдэд өгнө, өгөхгүй хэмээн хэрэлдэх шаардлагагүй байсан юм шүү дээ. Учир нь манайх байгалийн баялгийн өгөөжөө хэрхэн хуваарилах, одоо болон ирээдүй хойчдоо ямар хэлбэрээр хүртээхээ ч хэдийн хуульчилчихсан улс. Харин эл хуулиа мөрдөж байна уу гэдэг нь л асуудал дагуулсаар ирсэн юм. Нөгөө талаас иргэд, олон нийт ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зорилго, ач холбогдлыг одоо болтол төдийлөн ойлгоогүй, энэ талаар олигтой мэдээлэлгүй яваагаа ч нуулгүй хэлж байна.
ИРГЭДИЙН ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНСАНД 306 174 ТӨГРӨГ БАЙНА
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний ээлжит чуулганаар баталсан билээ. Хуулийн үндсэн зорилго нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, орлогыг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулах, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, тайлан, хяналтыг сайжруулахад оршиж буй. Энэ нь уул уурхайн орлого нэмэгдэх бүрд төсвийн зарлагыг өсгөх, сонгууль дөхөхөөр иргэдэд бэлэн мөнгө тараах, эсвэл Засгийн газрын сонгосон бүтээн байгуулалтад зарцуулах тухай ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг эдийн засгийн урт хугацааны өгөөж болгон хувиргаж, түүний үр шимийг иргэдэд шударга хүртээх эрх зүйн үндсэн баримт бичиг гэсэн үг.
Хуулиар Үндэсний баялгийн санг Ирээдүйн өв, Хуримтлалын, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байхаар зохицуулсан. Ирээдүйн өв сан нь байгалийн баялгийн өгөөжийг ирээдүй хойчид хүртээх зорилгоор хөрөнгө хуримтлуулж, олон улсын санхүүгийн зах зээлд үүнийгээ өсгөх замаар арвижуулах зориулалттай. Харин Хөгжлийн сан нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод туссан, эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой юм. Тэгвэл Хуримтлалынх нь өнөөдрийн бидний маргаад буй иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сан гэдгийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Эл гурван сангийн үндсэн зорилго нэг боловч хөрөнгийг өөр өөр зориулалтаар зарцуулах юм. Энгийнээр хэлэхэд, Ирээдүйн өв сангаар хойч үеийнхний баялгийг хамгаалж, Хуримтлалынхаар иргэдийн амьдралын өнөөгийн хэрэгцээг хангаж, Хөгжлийн сангаар улсын урт хугацааны хөгжлийг дэмжих учиртай билээ.
Гэтэл хууль баталснаас хойш буюу сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эдгээр ялгааг бүдгэрүүлж, нэг сангийн мөнгийг нөгөөгийнх нь зорилгод нийцүүлэх нэрээр дур мэдэн зарцуулах оролдлого хийсээр ирсэн нь харамсалтай. Үүнийг голдуу улс төрчид овжин ашиглаж, хуулиа баримтлах гэсэн заримыгаа “намнах”, ногдол ашгийг ядарсан иргэддээ бэлнээр тараах нь зөв хэмээн олон нийтээс оноо авахыг оролдож буй нь нийгмийг талцуулах, баялгийн санг буруу ташаа ойлгуулах үндсэн шалтгаан болсоор байгаа юм.
Иргэдийн нэрийн дансанд эдүгээ хэчнээн төгрөг хуримтлагдаад буй талаар товчхон мэдээлэл хүргэе. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн даруйд Монгол Улсын 3.5 сая иргэнд тус бүрд нь хуримтлалын нэрийн данс нээсэн байдаг. Сангийн албан ёсны статистикаар 2025 оны эхний хагас жилд нэг иргэний дансанд 175 400 төгрөг хуримтлагдсан гэж мэдээлсэн. Иргэд эл дансны үлдэгдэл, өгөөжөө “ИМонголиа” системээс харах боломжтой. Өчигдөр уг мэдээллийг шалгахад насанд хүрэгчид болон хүүх дүүдийн нэрийн дансанд 2025 онд хуримтлагдсан нийт дүн ижил, 306 174 төгрөг болсон байв. Уг нь энэ оны эхний хагас жилийн ногдол ашиг өдийд нэмэгдсэн байх ёстой ч одоогоор алга.
Өдгөө мөрдөж буй зохицуулалтаар иргэд ногдол ашгаа 2030 он хүртэл хуримтлуулж, түүнээс хойш эрүүл мэнд, боловсрол, орон сууцын зориулалтаар ашиглах боломж нь нээгдэх юм. Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал хуульд өөрчлөлт оруулж, үүнээс өмнө зарцуулах эрхийг нь нээх боломжтой гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн нь магадгүй сонгууль угтсан сюрприз биз. Ерөнхийдөө Хуримтлалын сангийн мөнгийг бэлнээр авч ашиглах ямар ч боломжгүйг нийтээрээ ойлгох хэрэгтэй. Ирэх оноос иргэд Оюутолгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх болсныг дээр дурдсан даа. Уг мөнгийг эл санд төвлөрүүлэх бөгөөд үүнийг 3.5 сая иргэнд тэнцүү хуваавал нэг хүнд ойролцоогоор 857 мянган төгрөг ногдож буй. Гэвч эл тооцоо, компанийн ногдол ашиг олгох нөхцөл, орлогын бодит төвлөрөл, түүнийг хуулийн дагуу хэрхэн хуваарилах асуудлыг тус тусад нь авч үзэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн дансанд орох мөнгөний хэмжээг улс төрийн мэдэгдлээр бус, баталгаажсан орлого болон хуульд заасан хуваарилалтын зарчмаар тодорхойлох ёстой.
УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙЛГАДАГ ЖИШИГ
Ямартай ч Хуримтлалын сангийн мөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын хэрэгцээнд хуулийн дагуу зориулах боллоо. Гэхдээ манай Засгийн газар байгалийн баялгийн өгөө жийг иргэдэд хүртээх зорилготой хуулийнхаа эсрэг ажиллаж, ногдол ашгийг сонгосон төслүүддээ зарцуулах гэж оролдож, үүнийгээ далдлахын тулд иргэдээс зөвшөөрөл хүссэн болж жүжиглэсэн нь хөөрхийлөлтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй. Иргэдээс авсан санал асуулга нь ч хөтөлсөн маягтай, сонголт хийх боломж олгоогүйн дээр асуусан гурван асуулт нь бүгд ногдол ашгийг хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулахыг дэмжүүлэх зорилготой байсанд олон нийт бухимдалтай байв. Иргэдийн оролцоог хангах нэрийн дор ийм бүдүүлэг байдлаар санал асуулга явуулсан нь анхнаасаа хуулийн зориулалтыг өөрчлөх гэсэн агуулгатай байсан гэж тэд хардсан.
Эрх зүйч Б.Мягмардорж энэ талаар “Засгийн газар ногдол ашиг авах нь зөв, эсэхийг иргэдээс асуусан нь хууль зүйн болон логикийн хувьд эргэлзээ төрүүлсэн. Учир нь ногдол ашиг хуваарилах, эсэх нь Компанийн тухай хууль, хуулийн этгээдийн санхүүгийн байдал, хувьцаа эзэмшигчдийн эрх, холбогдох гэрээний үндсэнд шийдэгд эг. Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх ёстой. Түүнчлэн ногдол ашгийн дүнгийн талаар мэдээлэхдээ компанийн бусад хувьцаа эзэмшигчид хамаарах асуудлыг ч ор хигдуулж болохгүй. Засгийн газарт ногдох аш гийн хэмжээ болон хөрөнгө оруулагч талд хүртээх дүнг хамтад нь тайлбарлаж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх учиртай. Гэтэл төр засгийнхан иргэдээс санал хураахдаа зөвхөн өөрийн хүссэн хариултыг авахад чиглэсэн” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Оюутолгой” ХХК-иас орж ирэх ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаарх санал асуулгад 95 621 хүн оролцсоноос 55 173 нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцын дэмжлэг авах, үлдсэн нь хадгална гэсэн сонголт хийснийг Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанд танилцуулсан билээ. Үүнийг үндэслэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэсэн юм.
Байгалийн баялгаас орж ирж буй ашиг, орлогыг хэрхэн зөв удирдах, зарцуулах асуудал нь зөвхөн Монголд тулгардаг сорилт биш аж. Уул уурхай, газрын тос, байгалийн хийн орлогоос хамааралтай улс орнууд баялгийн үнийн хэлбэлзэл, төсвийн зарлагын өсөлт, өнөө ба ирээдүй үеийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх зорилгоор тусгайлсан, урт хугацаанд баримтлах хууль, журам мөрддөг. Тодруулбал, олон улсын нийтлэг жишиг нь байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн хүртээхээ урьдчилан тогтоосон хууль, журмаар зохицуулж, тухайн үеийн улс төрийн ашиг сонирхлоос аль болох ангид байлгахыг чухалчилдаг гэнэ. Баялгаа эзэмшинэ гэдэг нь зөвхөн ногдол ашиг авах тухай бус, харин өгөөж нь хэрхэн бүрдэж, хаана хуримтлагдан, ямар зарчмаар зарцуулахыг мэдэх эрхтэй байхыг хэлдэг ажээ.