Нийтийн албан тушаалтныг заналхийлж, сүрдүүлсэн үндэслэлээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалагийн захирамжаар гурван хүнийг цагдан хорьжээ. Иргэн Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор, уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан аж. Улмаар хэргийн эд мөрийн болон нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал НПГ-аас дээрх шүүхэд хүргүүлсэн юм байна.
Шүүх хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-ын “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Бидний авсан мэдээллээр дээрх гурван хүн Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой мэдээлэл тараахаар заналхийлж, сүрдүүлсэн хэрэгт буруутгагдаж буй аж.