Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаар холбогдох сайд нар, хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар ярилцаж тохирсон гэдгийг энэ үеэр хэлэв.
ОХУ-ын нөхцөл байдал дотооддоо хүндрэлтэй байгаа ч хоёр орны Төрийн тэргүүний харилцан тохиролцсоны дагуу манай улсад нефтийн бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлж байгааг дурдлаа. Гэвч улс төр, бизнесийн явцуу зорилгоор түгээлтийг санаатайгаар тасалдуулах явдал гарч байж болзошгүйг тэрбээр хэлэв. Тиймээс зохион байгуулалттайгаар ийм үйлдэл гаргаж байгаа, эсэхийг яаралтай шалгаж, байнгын хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.
Төрийн тэргүүн “Нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахуун бол хэсэг бүлэг хүний улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо хангах хэрэгсэл биш. Төр бизнес эрхлэх эрх чөлөөг хамгаалах ёстой. Гэхдээ зах зээлийг хяналтдаа авах, нийлүүлэлтээр дамжуулан үнэ болон нийгэмд нөлөөлөх гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэлээ. Цаашид шатахууны нийлүүлэлт, түгээлтийг ил тод болгох, шударга өрсөлдөөний зарчмыг хангах, хамаарал, төвлөрлийг бууруулахад онцгой анхаарахыг санууллаа.
Ж.Сувд