Гавьяат эдийн засагч, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.СОДНОМ
Монгол Улс хөгжиж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа статистикийн эмхэтгэлийн тоо баримтаар ийн дүгнэв.
1. Монгол Улсын ард түмний амьдрал сайжирч, дундаж наслалт нэмэгдэж буй.
Манай улсад 1921 онд байсан 600 орчим мянган хүн зургаа дахин өсөж, 3.59 сая болжээ. Хүн ам 1950-1980 онд жилд 2-2.5 хувь буюу өндөр хурдаар өссөн. Хүн амын дундаж наслалт 2020 онд 70.71 жил байсан бол 2025 онд 72.07 жил боллоо. Иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлтөөс сүүлийн жилүүдэд хүн амын өсөлтийн хурд саарч буй ч цаашид өссөөр байх нь эргэлзээгүй.
2. Ажил хөдөлмөр эрхэлж буй иргэд, тэдний цалингийн орлого нэмэгдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо 20 хувиар нэмэгдэж 1.3 сая, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагчдын сарын дундаж цалин 1.22-оос 2.72 сая төгрөг болсон аж. Айл өрхийн сарын дундаж орлого гурван сая гаруй төгрөг болж, таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэв. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан 2.6 сая иргэн бий бөгөөд тэд тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөд 2020 онд 1.6 тэрбум төгрөг авдаг байсан бол 2025 онд 2.4 тэрбум төгрөг авчээ.
3. Үйлдвэрлэл нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий үйлдвэрлэл 2025 онд бараг 90 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 2015 оны зэрэгцүүлэх үнээр таван жилд 28.8 хувиар нэмэгджээ. Нэг хүнд оногдох ДНБ 2025 онд 7500 ам.доллар болов. Бүх аймаг, сумын төв цахилгаан хангамжийн сүлжээнд холбогдсон. Мөн бүх аймгийн төв болон Улаанбаатар хот хооронд хатуу хучилттай авто замууд баригдан, төмөр замын сүлжээ нэмэгдэж буй нь үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах нөхцөлийг сайжруулсан аж.
4. Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн таван жилд хоёр дахин нэмэгдлээ. Экспортын өсөлт импортын хэмжээнээс он дараалан давж, найман тэрбум гаруй ам.долларын нөөц бий боллоо. Хүн амын тоо нэмэгдэн эрүүлжиж, улсын эдийн засаг хөгжиж, иргэдийн орлого нэмэгдэж байгаа нь бахдам амжилт юм. Гэвч эдийн засаг нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин хангалттай биш нь тодорхой. Нэг хүнд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмжээр бид хөрш хоёр улсаас хоёр дахин хоцорч буйг арилгаж, гүйцэж түрүүлэх зорилго дэвшүүлж ажиллах хэрэгтэй. Үндсэндээ Монгол Улсын хөгжлийг хурдасгах боломж байна.
Зах зээлийн багтаамж багатай манай улсад нүүрс, зэсийн баяжмал зэрэг түүхий эдийн экспортоос бүрдүүлж буй ам.долларын нөөцөө экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импорт бууруулахад зориулж ашиглах нь хөгжлийг хурдасгах боломж юм.
1. Цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж гадаадын хамааралгүй болгоход хүрэлцэх хүч чадалтай томхон станцууд барих хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд усан, Тавантолгойн нүүрсний ордод дулааны цахилгаан станц барьж, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээс бүрэн хангах нөхцөл бүрдүүлье. Энэ хоёр станцыг барьж, ашиглалтад оруулснаар хоёр хөрш улсаас авч буй цахилгааны төлбөрт жил тутам төлдөг 200 гаруй сая ам.долларын зардлыг хэмнэх боломжтой.
2. Түүхий эдийн нөөц, үүний дотор мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах дараах үйлдвэрүүдийг хөгжүүлье. Юуны түрүүнд гурван сум бүрийн дунд нэг буюу 100 сумд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр байгуулъя. Бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог нэмэгдүүлэхгүйн тул жилд бойжуулж буй төлийн тоотой тэнцэх буюу 20 орчим сая малыг зарлагадах нь зүйтэй. Ийм нөхцөлд 500 мянган тонн махны нөөц бүрдүүлж, дотоодынхоо хэрэгцээг хангаад, 200 мянган тонныг нь экспортлох боломж бүрдэнэ. Жилийн хэрэглээнд гаргаж буй 20 орчим сая малаас малчдын ахуйн хэрэгцээнийхийг хасаж, үлдсэн 17 орчим саяыг үйлдвэрийн аргаар төхөөрөн боловсруулснаар мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангана. Эл асуудлыг шийдэхэд 100 сумд байгуулах мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр чухал ач холбогдолтой. Нэг үйлдвэрийг жилд дунджаар 20 мянган бод, 150 мянган бог мал төхөөрөх хүчин чадалтайгаар төлөвлөх нь зүйтэй гэсэн тооцоо бий. Сумуудад ийм үйлдвэр барьснаар дотоодын хэрэгцээний болон экспортын махыг стандартын дагуу боловсруулахын зэрэгцээ орон нутагт ажлын байр нэмж, иргэдийн орлого дээшлэх юм. Хөдөөд мал төхөөрөх үйлдвэр барьснаар малын зүй бус хорогдол эрс багасна. Өвөлжилт хүндрэхэд тэжээл, дулаан хашаа, саравчийн хомсдолоос үүдэн олон сая мал хорогдон хаягддаг байдлыг таслан зогсоож, үйлдвэрийн аргаар төхөөрөн эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Эдгээр үйлдвэрийг байгуулах санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлээр, эсвэл “Оюутолгой” төслөөс орж ирэх ногдол ашгаар шийдвэрлэх боломжтой.
Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, ботгоны ноосыг бүрэн цэвэршүүлж, ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ нь экспортын нэр, төрөл, орлогыг өсгөх томоохон нөөц юм. Манай улс жилд 10 мянган тонн ямааны ноолуур бэлтгэж, түүнээс 4500 орчим тонн ээрмэл утас үйлдвэрлэх боломжтой ч одоогийн хүчин чадал ердөө 1000 орчим тонноор хязгаарлагдаж буй. Дунджаар 4500 тонн ээрмэл утсаар 13 сая ширхэг сүлжмэл цамц үйлдвэрлэж, 1.3-1.5 тэрбум ам.долларын орлого олох боломж бидэнд бий. Иймд ноолуур боловсруулах үйлдвэр эрхлэгчдээс гаргасан гурван мянган тонны хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах санал санаачилгыг бодлогоор дэмжих нь зүйтэй.
Жилд зарлагадаж буй 20 сая малаас хоёр сая бод, 18 сая бог малын арьс, шир бэлтгэх боломжтой. Энэ хэмжээний түүхий эд боловсруулах дэлхийн шилдэг технологи бүхий орчин үеийн үйлдвэрүүдийг ойрын таван жилийн төлөвлөгөөнд тусган байгуулах шаардлагатай байна. Ийм төсөл хэрэгжүүлснээр жилд нэг тэрбум хүртэлх ам.долларын орлого олох болно. Нөгөөтээгүүр, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, ботгоны ноосон болон арьс, ширэн түүхий эдийг иж бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, махны экспортыг нэмэгдүүлбэл гадаад худалдааны орлого гурван тэрбум орчим ам.доллароор өсөх юм. Энэ нь 40 сая тонн нүүрс экспортолж олох орлоготой тэнцэнэ.
3. Орхон аймагт Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж дадлагажсан инженер, техникийн ажилтнууд бол манай улсын стратегийн алтан нөөц юм. Иймд зэсийн баяжмал хайлуулах болон дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа тоног төхөөрөмжийн зэс ихтэй сэлбэг хэрэгслийг дагнан үйлдвэрлэж, экспортод гаргах боломжийг “Эрдэнэт”-ийн инженерүүдэд хариуцуулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
4. Газрын ховор элементийн ордыг судалж ашиглах, ховор металлын үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримталж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна. Энэ чиглэл манай улсад шинээр хөгжиж байгаа тул газрын ховор элемент олборлож, боловсруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг бүх талаар дэмжих хэрэгтэй.
5. Үйлдвэрлэлийн хэмжээ болон ажиллагсдын тооны статистик мэдээллээс үзэхэд нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж хоёр дахин өссөн гэж үзэхэд дундаж цалин 2.2 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цалингийн өсөлт нь бүтээмжийн өсөлтөөсөө давжээ. Энэ нь эдийн засгийн бүтээснийхээ хэмжээгээр хэрэглэх үндсэн зарчим алдагдахад хүрснийг харуулж байгаа тул эдийн засагчид болон судалгааны байгууллагууд үүнийг нарийвчлан судлах шаардлагатай.
Олон жилийн турш инфляц өндөр түвшинд хадгалагдаж, төгрөгийн худалдан авах чадвар суларсаар буйг анхаарч иргэдийн бодит орлогыг хамгаалах нөхцөлийг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, бараа, үйлчилгээний үнэ тарифыг тогтоох, өөрчлөх үйл явц болон гадаад валютын ханш зохицуулалтыг Засгийн газрын хяналтад авах нь зүйтэй. Аж ахуйн нэгжүүд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхдээ бодит өртөг, ашгийн зохистой нормоо үндэслэж буй, эсэхэд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй юм. Түүнчлэн ханш тогтоох, валют худалдаж авах ажиллагааг төрийн банк хариуцан зохион байгуулбал зүйтэй.
Хөгжлийг хурдасгах бодлого, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна.
1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө боловсруулж батлан, ард түмний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалттай болъё. 1990 оноос хойш хөгжлийн таван жилийн төлөвлөгөө зохиож хэрэгжүүлээгүйн хар гайгаар Засгийн газар нь алсын хараатай бодлого, хүлээсэн тодорхой үүрэггүй, иргэд нь ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэлгүй олон жилийг үдлээ. Түүнчлэн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан яамгүй 30 гаруй жил явсны эцэст саяхан Эдийн засаг хөгжлийн яам байгуулсан ч хийх ёстой ажил, хүлээх ёстой үүргээ сайтар ойлгоогүй байна. Тиймээс одоо зөвхөн нэг жилийн төлөвлөгөө зохиодог ажилтай болсон. Энэ алдааг даруй засах хэрэгтэй.
2. Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг 2026-2030 онд хөгжүүлж, байршуулах төлөвлөгөөг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж батлуулах шаардлагатай байна. Уг төлөвлөгөөнд улс орны хөгжлийг хурдасгахыг тусгая.
3. Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж, байршуулах таван жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг Эдийн засаг, хөгжлийн яаманд бүрэн хариуцуулах шаардлагатай байна.
Монгол Улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгох санал.
Монгол Улсын Үндсэн хуулийн төгсгөлд “Мэдэгтүн, сахигтун” хэмээн заасны дагуу Үндсэн хуулийн 3.1 дэх заалт буюу “Монгол Улсад засаглах бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэх суурь зарчмыг иргэн бүр ухамсарлан, бодитойгоор хэрэгжүүлж хэвших нь зүйтэй.
Үндсэн хуулийн “Мэдэгтүн” хэмээх сануулгын хүрээнд засаглах эрхийн заалтыг дараах байдлаар тайлбарлах шаардлагатай.
1. “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал буюу Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн үйл ажиллагаанд ард түмэн шууд болон төлөөллөөрөө дамжуулан хяналт тавих эрхтэй гэсэн утга юм.
2. “Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцоно” гэдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх байгууллага, тэдгээрийн бүтцийг тогтоох, байгуулахад иргэд шууд оролцох эрхтэйг илэрхийлсэн заалт.
3. “Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн нь хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хяналт тавих иргэдийн төлөөллийн институт заавал байх ёстойг харуулж байна.
Сахигтун гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байгааг боломжтой болгох хэрэгтэй юм. Тодорхой хэлбэл, засаглах эрх ард түмний мэдэлд байх, иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэхийн тулд парламентын бүтцийг өөрчилж, хууль тогтоох дээд байгууллагыг Ардын Их Хурал хэмээх дээд танхим, Улсын Бага Хурал нэртэй доод танхим бүхий хоёр танхимтай болгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Ард түмний засаглах эрхийг баталгаажуулсан хуулийн заалт бодитой хэрэгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн 21 ба 3.1 дэх заалт хоорондоо зөрчилтэй батлагдсантай холбоотой юм. Тухайлбал, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг зөвхөн хууль тогтоох чиг үүрэгтэй нэг танхимтай болгож, түүний үйл ажиллагаанд хяналт тавих ёстой Ардын Их Хурал буюу дээд танхимыг үгүй болгосон явдал юм. Иргэдийн зүгээс 2017 болон 2023 онд УИХ-ыг хоёр танхимтай болгож ард түмэнд засаглах эрхээ эдлэх боломжтой болгохыг шаардсан жагсаал зохион байгуулахад УИХ зөвлөлдөх санал асуулгаар нэг танхимтай байх санал гарлаа гэж хуурч байсан алдааг засах хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн эрх барих дээд байгууллагыг Ардын Их Хурал хэмээх дээд танхим, Улсын Бага Хурал хэмээх доод танхимтай парламентад шилжүүлэх шаардлагатай. Ийнхүү дээд танхимаар дамжуулан ард түмний засаглах эрхийг бодитой эдлүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэх саналаа дахин илэрхийлье.
Улс төрийн намын засаглалыг халж ардчилсан засаглал тогтоох саналын үндэслэл.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох одоогийн УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох, үйл ажиллагааг нь зохион байгуулах болон хянах эрх мэдэл сүүлийн 30 гаруй жил Монгол Ардын Нам (МАН) болон Ардчилсан Нам (АН)-ын хяналтад байлаа. Энэ хугацааны ихэнхэд МАН эрх барьж, АН сөрөг хүчний байр сууринаас хандаж ирсэн ч тэд хоорондоо зөрчилддөг байлаа. Олон намын тогтолцоо хэрэгтэй гэх үзэл баримтлалын дагуу улс төрийн намуудын тоо 30 гаруй болж нэмэгдсэн ч нийгэмд тустай өөрчлөлт гарсангүй. Зарим намын дарга засаг төрийн байгууллагад эрх мэдэлтэй албан тушаалтан болсон.
Засгийн эрх барьж буй болон бусад улс төрийн нам Монгол Улсын эдийн засаг, нийгмийг урт, дунд хугацаанд хөгжүүлэх цэгцтэй, иж бүрэн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж байсангүй. Түүнчлэн хөгжлийн бодлого боловсруулах чадвар, мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх системтэй бодлого дутагдаж ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогдох явдал газар авлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл эрх баригч МАН-ын дотор ил тод өрнөж, УИХ дахь тус намын гишүүд, удирдлагууд хоёр хуваагдан тэмцэлдэх болов. Тэдний хоорондын энэхүү талцал, эрх мэдлийн шунал хяналтаас гарч, ашиг хонжооны төлөөх гүтгэлэг, дайралт нь нийгмийг бүхэлд нь хямрааж буйг эрх баригч намын өөрсдийнх нь төлөөллүүд УИХ-ын чуулганы хуралдаанд илчлэн ярьж байна.
Эдгээрээс хийх гол дүгнэлт нь засгийн эрхийг улс төрийн намуудын мэдэлд байлгах нь ирээдүйгүй. Засаглах бүх эрх ард түмний мэдэлд байлгах тухай Үндсэн хуулийн заалтыг сахин биелүүлж, иргэдийн оролцоог бодитойгоор хангаж хэрэгжүүлэх шаардлагатай.
УИХ-ын дээд танхим, АИХ-ын зохион байгуулалтын төслийн тухай товч сийрүүлье. АИХ 450 гишүүнтэй, байнгын бус ажиллагааны зарчмаар буюу жилд нэг удаагийн ээлжит чуулган, шаардлагатай үед ээлжит бус чуулганаар хуралдана. АИХ 7-9 тэргүүлэгч, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга сонгоно. Тэргүүлэгчид нь АИХ-ын чуулганы чөлөөт үед АИХ-ын үүргийг хэрэгжүүлнэ. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга нь Монгол Улсын төрийн тэргүүн байна.
АИХ-ын хариуцах үндсэн асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулийг батлах, түүнд өөрчлөлт оруулах, эсэхийг шийдвэрлэх, хууль тогтоох үүрэгтэй Улсын Бага Хурал, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч Засгийн газар болон Шүүхийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах, улмаар тэдгээрийн үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавих юм.
АИХ-ын гишүүдийг сонгох тусгай хууль байх бөгөөд үүний үндсэн үзэл баримтлалыг Үндсэн хуульд тусгасан байна. Тухайлбал, АИХ-ын 450 гишүүний 80 орчим хувь буюу 350-ийг нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга болон Засаг даргаар ажиллаж буй орон нутгийн төлөөллөөс нэр дэвшүүлэн сонгоно. Үлдсэн 20 орчим хувь буюу 100 гишүүнийг хөдөлмөр, бүтээл, байгуулсан гавьяагаараа алдаршсан нэр хүндтэй иргэдийн нэрийг дэвшүүлэн сонгох замаар бүрдүүлэх юм.
АИХ-ын гишүүдийг ийнхүү сонгон бүрдүүлэх нь санамсаргүй буюу шалгуур хангаагүй хүмүүсийг бус орон нутагтаа шалгагдаж, олон нийтийн итгэл хүлээсэн удирдлагууд болон хөдөлмөр, зүтгэлээрээ алдаршсан төр, нийгмийн зүтгэлтнүүдээр төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлэх ач холбогдолтой. Миний дэвшүүлсэн эдгээр саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авч, ард иргэдийн саналыг сонссоны үндсэн дээр шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.