ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж
2012 оны нэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн болон ШУА-иас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол бахархлын өдрийг тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Эзэн богд Чингис хааныгбилгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу 1162 онд мэндэлсэн хэмээн тогтоосон байна. Мөн их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон нэрлэж, нийтээр ёслон тэмдэглэх тухай заасан.
XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулсан. Үүний гол ач холбогдол нь монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдсэнээр дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж, дэлхийн түүхийн тавцанд бие даасан Монгол Улсыг гаргаж ирсэнд оршино. Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй. Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн, Монголын Эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан юм.
Харь улс орнуудыг байлдан дагуулах явцад хүний амь хохирч, соёлын үнэт зүйлс тодорхой хэмжээнд эвдэрч сүйдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Монголын Эзэнт гүрэн сэргээн босгох, хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг тасралтгүй хийсэн билээ. Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар нэгнээсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн юм.
АНУ-ын “Вашингтон пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.
Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж буй нь түүний үр хойчидих хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна. Тиймээс Монгол Улсад жил бүр Эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон нь Чингис хаан төдийгүй монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Чингис хааны намтар, түүх судлалд түүний төрсөн цаг хугацаа, газрын талаарх асуудал гадаад, дотоодын судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Элнийтлэлдээ бид Монголын судлаачид энэ талаар ямар судалгаа хийсэн болоод тэдгээрийн байр суурь, судалгааны чиг хандлагын талаар товч өгүүлээд, басхүү зарим асуудалд өөрийн саналыг илэрхийлэхийг зорилоо.
ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ЦАГ ХУГАЦАА
Чингис хааны төрсөн жил, сар, өдрийн тухай Монголын түүхийн сурвалжуудад харилцан адилгүй тэмдэглэсэн байдаг. Юуны өмнө Чингис хааны төрсөн оны тухай сурвалжийн мэдээг авч үзье. Чингис хааны төрсөн оныг монгол, перс, хятад хэлээр бичсэн сурвалжид 1154, 1155, 1162 гэж гурван өөрөөр тэмдэглэжээ. Тухайлбал, Монголын түүхийн гол тулгуур бичиг болох Лу. “Алтан товч”, “Эрдэнийн товч” тэргүүтэн олон сурвалжид хар морин жил буюу 1162 онд мэндэлсэн гэж бичжээ. Мөн “Юаньши” буюу Юань улсын сударт Чингис хаан 1227 онд нас барахдаа 66 настай байсан гэсэн нь 1162 онд төрсөн гэдэг дээрх баримттай тохирдог. Харин Ил хаант улсын түүхч Рашид ад-дин “Судрын чуулган”-даа Чингис хааныг гахай жил буюу 1155 онд төрсөн гэж үзжээ. 1220-иод оны эхээр Монголд ирсэн Өмнөд Сүн улсын элч Чжао Хуны бичсэн “Мэнда бэйлү” буюу “Монгол Татарын бүрэн тэмдэглэл”-д “Одоогийн Эзэн хаан Чингис хөх нохой жил төрсөн” гэж тэмдэглэсэн нь 1154 он болно. Манай судлаач, эрдэмтдийн олонх нь Чингис хаан 1162 онд мэндэлсэн гэдэгтэй санал нийлдэг. Үүний учир нь бараг бүх монгол сурвалжид нэгэн дуугаар түүний мэндэлсэн оныг хар морин жил гэж бичдэг бөгөөд энэ нь Чингис хааны намтар, үйл ажиллагаатай илүү авцалддагтай холбоотой юм. Тиймээс ч бид Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг 1962 онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Гэхдээ үүнтэй санал нийлдэггүй эрдэмтэд бас байдгийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, академич Д.Цэрэнсодном үүнээс өөр саналтай байдаг агаад тэрбээр Рашид ад-Дин, Чжао Хун нарын үлдээсэн мэдээ үнэнд илүү ойр, өөрөөр хэлбэл, Чингис хаан 1154-1155 онд төрсөн бололтой гэсэн санал дэвшүүлжээ. Сүүлийн жилүүдэд манай эрдэмтэн, судлаачид их хааны мэндэлсэн он төдийгүй төрсөн сар, өдрийг нь нарийвчлан тогтоохоор оролдож ирлээ. Чингис хааны төрсөн өдрийн талаарх сурвалжийн мэдээг хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
Нэгдүгээрт: XVII зууны үед бичигдсэн Лувсанданзангийн “Алтан товч” хэмээх сурвалжид “Хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдрийн дүл цагт төрөв” гэжээ. Үүнийг түүний дараагийн үеийн зарим түүхчид дагасан. Тухайлбал, “Асрагч нэртийн түүх”, “Болор эрхи” зэрэг монгол түүхчдийн бүтээлд дээрхийн адилаар өгүүлсэн байдаг.
Хоёрдугаарт: “Хөх түүх”, “Болор толь”, “Сувд эрхи” тэргүүтэй сурвалжид Чингис хааныг гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн хэмээн өгүүлсэн. Монголын эрдэмтэд “Алтан товч”-ийн мэдээнд тулгуурлан Чингис хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд төрсөн хэмээн үзэж ирсэн. 1962, 2002 онд Чингис хааны мэндэлсний 800, 840 жилийн ойг тэмдэглэхдээ 1162 оны зуны тэргүүн сарын 16-нд аргын тооллын хэдний өдөр байсныг тогтоосны үндсэнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Гэвч сүүлийн үед судлаачид Чингисийн төрсөн сар, өдрийн талаар өөр санал дэвшүүлэх болов. Тухайлбал, профессор Ш.Чоймаа, А.Очир нарын эрдэмтэд монголчууд эртнээс зуны тэргүүн сарын 16-ныг сайн өдөр хэмээн бэлгэшээж ирсэн. Тиймээс Лувсанданзан тэргүүтэн түүхчид Чингис хааны мэндэлсэн өдөр, цаг нь билэгт сайн өдөр байх учиртай хэмээн төсөөлсний үүднээс түүнийг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр мэндэлсэн гэж бичсэн бололтой хэмээсэн юм. Тэгээд “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” хэмээх мэдээг арай илүү үндэслэлтэй байж болох юм гэжээ. Учир нь Чингис хааны тахилга тайлгатай холбогдсон зан үйлийн зарим мэдээ эл сурвалжийн дээрх заалттай авцалдаж буй аж. Тухайлбал, Ордос нутагт байдаг Чингис хааны Эзэн хорооны тахилгын дотор түүнийг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагджээ. Тэнд жил бүрийн билгийн улирлын өвлийн тэргүүн сарын шинийн гурванд Чингис хаанд зориулан мялаагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс гүйцэтгэсээр ирсэн байна. Мялаагуудын хурим нь Тэмүжинийг төрсний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол хэмээн Ордосын дархад нар хуучилдаг. Мялаагуудын хуримыг бас тасман тайлга хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, мялаагуудын хурим буюу тасман тайлга нь Тэмүжиний хүй цөглөж, угаалга үйлдсэний баяр бололтой.
Монголчууд XVI зууны үед хүүхэд төрөөд хүй цөглөсний дараа түүнийг угаан мялааж, найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн нь энэ. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайжийг төрсний дараа хаан тэргүүтэн хамаг их улс мялаагуудын хурим хийж ёсолсон гэж “Алтан ханы намтар”-т өгүүлжээ.
XX зууны үед халхчууд хүүхэд төрөөд гурав хонож, хүй нь цөглөсний дараа угаалга хэмээх ёслол үйлддэг байж. Ийнхүү хүүхдийг анх удаа угаан мялаах үед түүнд нэр өгдөг заншилтай байв. Барга, буриадуудын дунд ч үүнтэй төстэй зан үйл байжээ. Энэ бүгдээс үзэхэд Тэмүжинийг төрсний дараа биеийг нь анх угаан мялаасны хуримыг билгийн улирлын өвлийн тэргүүн сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь их хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн сурвалжуудтай авцалдаж байгаа юм. Сурвалж бичгийн болон зан үйлийн мэдээнүүд ийнхүү тохирч буй нь түүнийг хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэх үндэслэлийг бий болгож байна хэмээн тэдгээр судлаач үзжээ.
Дэлхийд Чингис хаан, Монгол хэмээх хоёр нэр ихэр мэт хэлэгддэг. Монгол гэж мэдэхгүй хүн Чингис хаан гэхээр мэддэг. Чингис хаан бол Монголын болон монголчуудын нэрийн хуудас. Тиймээс гал голомтыг нь залгамжлан яваа Монгол Улс, Монгол туургатан бахархахгүй бол өөр хэн бахархах билээ. Бид гавьяаг нь дурсахгүй бол өөр хэн дурсах гэж. Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн явдал ч Эзэн Чингис хаантай холбоотой. Тэр бол үндэсний ухамсар, эх оронч үзлийг сэргээх үндэсний бахархал мөн.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн бол Эзэн Чингис хаанаа дурсах, үйл хэргээр нь бахархах, Монголын түүх, өв соёлоороо бахархах учиртай өдөр. Монголчууд бол дэлхийд хосгүй түүхтэй. Нүүдлийн соёл иргэншил, эх түүх гээд хүн төрөлхтний өмнө хийсэн бүтээсэн гавьяатай улс. Байлдан дагуулагч гэж бус, өнөөгийн ертөнцийн үндсийг тавигч, хүн төрөлхтний түүхийг шинэ шатанд гаргагч хэмээн дурсаж буй юм. Өвөг дээдсээрээ бахархах, үйл хэргийг нь үргэлжлүүлж, түүхээсээ ирээдүйн хөгжлийн эрч хүчийг олж авах учиртай юм. Тийм ч учраас түүхээсээ суралцах, судлах, ухаарах өдөр болох учиртай.
Чингис хааныг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэдэг саналыг олонх түүхч, эрдэмтэн үндсэндээ хүлээн зөвшөөрсөн ч түүнийг аргын тооллын чухам хэдийд тохиох вэ гэдэг талаар эдүгээ болтол маргаан тасрахгүй байгаа билээ. Бид энэ удаа Төгсбуянтын зурхайн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байна. Ингэхэд болохгүй гэх газаргүй гэж би хувьдаа үзэж байгаа. Учир юун хэмээвээс, Эзэн Чингис хаан мэндэлснээс хойш 864 жил өнгөрч, энэ хооронд дорно дахины сарны тоолол, өрнө дахины нарны тооллыг зохиох, тооцоолох арга ч хэдэнтээ улиран солигдсон. Их хааныг аргын тооллын чухам хэдэн сарын хэдэнд төрсөн бэ гэдгийг нарийн тогтоох боломжгүй ч байж мэдэх юм. Тиймээс билгийн тооллоороо тэмдэглээд явахад болохгүй гэх газаргүй. Учир нь монголчууд бид дорнын ард түмэн учраас уламжлалт баяр ёслол гэх мэтэд билгийн тооллыг баримтлахад буруудахгүй. Эдүгээ ч дорнын орнуудад хүмүүс өөрийнхөө төрсөн өдрийг билгийн болон аргын тооллоороо мэддэг, тэмдэглэдэг. Дэлхийн бусад орны жишээнээс харахад аугаа их мэргэд, түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг харилцан адилгүй сар, өдөр тэмдэглэх нь бий. Тухайлбал, Бурхан багшийн мэндэлсэн өдрийг л гэхэд билгийн улирлын зуны тэргүүн сарын 8, 15, аргын тооллын дөрөвдүгээр сарын 8-нд гэх мэтээр өөр өдөр тэмдэглэдэг.
Хамгийн гол нь Чингис хааны мэндэлсэн өдөр аргын тооллын яг хэдэн бэ гэсэн асуултад бид үнэн зөв хариулт олж чадахгүй ч байж мэднэ. Тиймээс иймэрхүү зүйлийн хойноос хөөцөлдөх биш, Эзэн Чингис хааныхаа ойг тэмдэглэж, түүний алдар гавьяагаар бахархаж, дурсах нь юу юунаас илүү чухал.
ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ГАЗАР
Чингис хааны мэндэлсэн газрын тухай “Монголын нууц товчоон”-д “Тэнд Есүгэй баатар Татарын Тэмүжин Үгэ, Хори Буха тэргүүтэн Татарыг дагуулж ирвээс тэнд Өгэлүн үжин хээлтэй бүрүн Ононы Дэлүүн болдогоо бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” хэмээн өгүүлжээ. Түүнээс хойших бүх сурвалж бичиг, судалгааны зохиолд Чингис хааныг Ононы Дэлүүн болдог гэдэг газар төрснийгнэгэн дуугаар зөвшөөрдөг. Гэвч Ононы Дэлүүн болдог нь чухам хаана байдаг талаар судлаачдын санал харилцан адилгүй.
Элбайршлыг тогтоох ажил 1850-иад оноос эхэлсэн бөгөөд өдгөөДэлүүн болдог хэмээн нэрлэсэн гурван газар олдоод байна.
Нэгдүгээрт, өнөөгийн ОХУ-ын Чита мужийн Онон районы Дээд Цасучей гацаанаас баруун тийш таван км-ийн зайтай оршдог Делюн болдак. Удаах нь Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойхно байх Дэлүүн болдог. Гуравдугаарт, Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын баруун этгээдэд байх Дэлүүн өндөр, түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн талдорших Болдогийн ам хэмээх хоёр газрын нэрийг нийлүүлсэн Дэлүүн Болдог юм.
Хамгийн эхний буюу өнөөгийн ОХУ-ын нутагт буй Дэлюн болдак гэдэг газрыг анх Оросын эрдэмтэн Дорж Банзаров олж сонсоод, 1852 онд Г.Юренскийгээр хайлгасан аж. Юренский тус газар хаана байдгийг нь хайж олоод, судлаачдад мэдээлсэнбайна. Хожим нь С.В.Киселев 1957 онд эл газрыг дахин эрж олоод, Чингисийн мэндэлсэн Дэлүүн болдог мөн гэж үзжээ.
Харин хоёр болон гурав дахь Дэлүүн болдог хэмээх газрыг 1928 онд анх Судар бичгийн хүрээлэнгийн дарга С.Жамьян олж тогтоосон бөгөөдХэнтий аймгийн Дадал сумын нутаг Дэлүүн болдогийг Чингис хааны төрсөн газар мөн хэмээн Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн тэргүүтэй манай ахмад түүхчид тогтоожээ. Тэдний саналыг Монголын судлаачид үндсэндээ дэмжсээр ирсэн. Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар Чингис хаантай холбоотой түүхэн газар усны нэр, аман домог зэргийг сурвалжлан, бусад судалгааны үр дүнтэй харьцууланнягталсны үр дүнд эл дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал, Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог хэмээх газрыг Чингис хаантай холбосон домог яриа олон буйн дээр Гурван нуурын хоёрыг нь Дэлүүн, Болдог гэдэг байсан баримтыг гол үндэслэлээ болгожээ.
Харин сүүлийн үед Чингис хааны төрсөн Дэлүүн болдог бол Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн урд орших Ламын ухаа мөн гэж үзсэн дөрөв дэх саналыг зарим хүн дэвшүүлэх болсон юм. Тэд Дадал сумын Дэлүүн болдог нь Чингис хааны мэндэлсэн жинхэнэ Дэлүүн болдог биш, энэ нь Онон голоос хамгийн ойрдоо 12 километр зайтай, Балжид илүү ойр. Тиймээс үүнийг Ононы Дэлүүн болдог гэж нэрлэх учиргүй гэдгийг гол үндэслэлээ болгожээ. Мөн Есүхэй баатар Татарыг дайлаад ирэхэд Тэмүжин төрсөн бөгөөд Дадал дахь Дэлүүн болдог нь зуслангийн газар байхад тохиромжгүй гэсэн үндэслэл гаргасан. Гэтэл Чингис хааныг өвөл төрсөн гэдгийг сүүлийн үеийн судалгаагаар үндсэндээ тогтоогоод буйг дээр өгүүлсэн аж.
Өнөөг хүртэл Дэлүүн болдогийн байрлалын тухай бичгийн сурвалжид тэмдэглэн үлдээсэн зүйл олдоогүй нь Дэлүүн болдогийн байрлалын тухай саналыг хүчгүйдүүлж ирсэн гэж үзэж болно. Харин бид нэлээд хэдэн жилийн өмнө Дэлүүн болдогийн байрлалын тухай мэдээ бүхий бичгийн сурвалжийг олж, 2011 онд “Монголын нууц товчоон ба дундад зууны Монголын түүхийн судалгаа” хэмээх эмхэтгэлд танилцуулсан билээ. Энэ завшааныг ашиглан, тус сурвалжийн талаар товчхон танилцуулах нь зүйтэй болов уу. Уг сурвалж “Олноо өргөгдсөн хаанаас олон монголчуудад хэрэглэгдэх түүх” хэмээх нэртэй бөгөөд үүний хоёр янзын эх Үндэснийномын санд хадгалагдаж байна. Тэнд Дэлүүн болдогийн тухай “Анхан Тэмүжин Онон, Балж хоёр голын аралд Есүхэй баатрын тахисан Баян овооны дэргэд Эрээн толгой хэмээх газарт Өгэлүгэ хатнаас төрсөн буй. Тэр үед эх нь морины дэлүүгээр шөл уугаад, хөвгүүний нялх биеийг нэгэн давстай хонхрын усанд угааж болгосон тул эдүгээ Дэлүүн Болдог хоёр хонхор буй... Түүнээс хойно Тэмүжин арван найман насандаа урьд сүйлсэн Жүшинийг хатан болгож аваад Балжийн голын хойно Ширугзи хан уулын зүүн этгээд энгэр тэнүүн Мандалтолгой дээр Жанцанхорло дуаз байгуулбай. Бас Баян овоонд цэргийн сүлдний хар туг босгож тэнгэр эцэгт залбирч мөргөөд, хорин найман насандаа найман муж Бида улсад анхан хаан суув. Тэр Баян овоог эдүгээ Арлан хаан гэдэг” хэмээжээ.
“Олноо өргөгдсөн хаанаас олон монголчуудад хэрэглэгдэх түүх” дэх Дэлүүн болдогийн байршлын тухай мэдээ нь Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан О.Жамьян гуайн сурвалжлан олсон Дэлүүн болдогтой холбоотой домог яриатай үндсэндээ тохирч байна. Тухайлбал, энэ сурвалжид “Чингис хаан Онон, Балж хоёр голын аралд Есүхэй баатрын тахисан Баян овооны дэргэд Эрээн толгой хэмээх газарт төрсөн. Тэр үед эх нь морины дэлүүгээр шөл хийлгэж уугаад, хөвгүүний нялх биеийг нэгэн давстай хонхрын усанд угааж болгосон тул эдүгээ Дэлүүн, Болдог хоёр хонхор буй” гэсэн бол О.Жамьян гуайн сурвалжилсан домогт “Балж голын хойд этгээдэд Широгцай хан хэмээх нэгэн уул байна... Широгцай ханы зүүн өмнө, Онон, Балж хоёр голын хооронд Баян овоо гэдэг нэгэн уулыг үзэв. Түүнийг Чингис хаан тайж явсан уул гэдэг гэнэ. Тэрхүү Баян овооны зүүнээс бяцхан хойгуур зүүн хойноос бяцхан өмнүүр ойр ил Болдогийн Эрээн толгой нэртэй өвөртөө модтой уулыг үзэв. Энэхүү Эрээн толгойн өмнө ойр, Баян овооны зүүнээс бяцхан өмнүүр, зүүн өмнөөс бяцхан хойгуур ил газар зүүн хойноос баруун өмнө цувсан гурван нуурыг үзэв... Зүүн нуур нь Чингисийн төрөөд эх нь адууны дэлүүгээр шөл ууснаар Дэлүүн нуур хэмээдэг. ... Баруун давстай нуурт Чингис хааны нялх биеийг угааж болгосноор Болдог нэртэй болсон гэнэ” хэмээсэн нь ерөнхийдөө тохирч буй.
Зохиолын төгсгөл хэсэгт буй мэдээнээс үзэхэд үүнийг Халхын Сайн ноён аймгийн язгуур угсаатай, төвөд хэл мэддэг, лам хүн бичсэн бололтой. Зохиосон он цагийн хувьд 1816-1817 он байх магадлалтай. Ямартай ч 1912 оноос өмнө зохиосон нь тодорхой. Энэ бүхнээс үзэхэд Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт оршино гэдэг олонх судлаачийн таамаглалыг бидний олсон “Олноо өргөгдсөн хаанаас олон монголчуудад хэрэглэгдэх түүх” хэмээх сурвалжид гарч буй мэдээ дахин баталж буй. Харин анх аман домог байгаад яваандаа бичгийн хэлбэрт орсон уу, эсвэл анхнаасаа бичгийн хэлбэртэй байгаад аман домог болж хувирсан уу гэдэг асуудлыг тодруулахад бэрх ажээ.
Дадалын Дэлүүн болдог Ононоос нэлээд зайтай учир Чингисийн төрсөн газар биш хэмээн үзэх нь үндэслэл муутай юм. Багыг нь ихэд нь хамаатуулан хэлэх ёс байдаг тул Дэлүүн болдог нь Онон, Балжийн бэлчирт, хэдийгээр Балж голтой харьцангуй ойр ч гэсэн Онон голын ай савд багтдаг тул Ононы Дэлүүн болдог хэмээх бүрэн боломжтой. “Монголын нууц товчоон”-д Бодончар ах нартаа ад үзэгдэн “Онон мөрөн рүү зорчиж талбив. Зорчиж Балжун арал хүрч, тэнд өвсөн нэмбүл гэр хийж тэнд ав суув” гэсэн хэсэгт Онон мөрөн рүү зорчиж, Балжун аралд хүрсэн гэдэг утга тодорхой бөгөөд Балжун арлыг Онон мөрөнд хамааруулан хэлсэн байна. Гэтэл Балжун нь Дадалын Дэлүүн болдогийн баруун хойхно гэж судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Нэгэнт Балжун арлыг Онон мөрөнд хамааруулан хэлж буй бол түүний зүүн талд маш ойрхон орших Дэлүүн болдогийг ч бас Ононы Дэлүүн болдог гэх нь үндэслэлтэй мэт санагдана.
Эзэн Чингис хааны төрсөн цаг хугацаа, төрсөн газрын байршлын талаарх Монголын эрдэмтэн, судлаачдын судалгааны талаар товчхон өгүүллээ. Судлан буй асуудлын талаарх сурвалжийн мэдээ харилцан адилгүй байдаг нь судлаачдын дунд олон янзын санал, үзэл баримтлал бий болгожээ.
Чингис хаан хар морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй Дэлүүн болдог хэмээх газар төрсөн гэдэг саналыг манай түүхч, эрдэмтдийн олонх нь зөвшөөрөн дагаж байна. Гэвч энэ нь асуудал бүрэн шийдэгдлээ гэсэн үг биш. Өнөөгийн судалгааны түвшинд л илүү үндэстэй, үнэнд арай ойр байна гэсэн үг юм. Хэний судалгаа илүү нарийн, баримт нотолгоо, үндэслэл сайтай байна, түүнийг олонх эрдэмтэн дагадаг нь шинжлэх ухааны зарчим. Хойшид шинэ сурвалж хэрэглэгдэхүүн олдож, судалгаа улам нарийсах нь дамжиггүй. Аливаа судалгаа дараа дараагийн шинэ судалгаагаар хөгжин баяжиж, үнэнд улам ойртдог. Чухам үүний төлөө л эрдэмтэд судалгаа хийж, ухаан бодлоо уралдуулдаг билээ.