Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчид тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газар ингэж шийдвэрлэснээ зарлахдаа хувийн хэвшлийнхнийг ч ханиад, томууны улиралд ажилтнууддаа уян хатан хандахыг уриалсан билээ. Төр засгийн энэ “захиас”-аар хувийн хэвшлийн зарим компани ажилчдадаа 1-3 хоногийн чөлөө өгөх, зайнаас ажиллуулах, өвлийн цагийн хуваариа богиносгох, өөрчлөх зэргээр зохицуулалт хийж эхэлжээ. Үндсэндээ энэ өвөл төр, хувийн хэвшил гэлтгүй бүгд л бие биенээ чөлөөлсөн, “харж үзсэн” хүмүүс болж, ажил албаа жинхэнэ утгаар нь цалгардуулах шинжтэй. Үүнийг манай засаг бодлогоор дэмжиж, оройлж буй нь харамсалтай.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны гуравдугаар сарын 1 хүртэлх хугацааг томуу, томуу төст өвчний оргил үе гэж үздэг. Энэ үед хүүхэд багачууд олноороо өвдөж, эм, эмнэлэг болж, эцэг, эх, асран хамгаалагчид сандралддаг нь нэгэнт тогтсон үзэгдэл юм.
Гэлээ гээд өвдсөн болгонд хавтгайруулан чөлөө олгох зохицуулалтыг төр засгийн шийдвэрээр хэрэгжүүлнэ гэдэг нь манайх шиг эдийн засгийн чадамж бага, бүтээмж муу, үйлдвэрлэл хөгжөөгүй улсад дэндүү хорлонтой, бодлогогүй үйлдэл. Өөрөөр хэлбэл, улс ингэж оролцсон, оролцоогүй, эцэг, эхчүүд хүүхэд нь өвдөж сандаргасан үед өөрсдөө ажил алба, ахуй амьдралаа зохицуулсаар, болгосоор өдий хүрсэн юм. Харин төр засаг салбар бүрийн онцлогт тулгуурласан тодорхой зохицуулалт, нарийн менежментгүй атлаа иргэдээ эрсдэлээс хамгаалах нэрээр ийм шийдвэр гаргасан нь нэмэр бус, нэрмээс болох талтай. Үүнийг доор тодруулъя.
Засгийн газраас гаргасан энэ шийдвэр төсвийн буюу төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамаатай. Гэтэл тэдгээрийн дунд орлуулан ажиллуулах боломжгүй салбар, байгууллага гэж бий. Тухайлбал, эрүүл мэнд, онцгой байдал, хүнд үйлдвэр, уул уурхай зэрэг салбарт ажилладаг нарийн мэргэжилтнүүд чөлөө авбал тэднийг хэн орлох вэ. Засгийн газар заавар, чиглэл өгсөн гээд “ногоон гэрэл”-ээр тав хоногийн чөлөө дуун дээр нь өгөөд явуулах уу. Чөлөө гуйгсад буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй гээд ажил албаны асуудлаа ардаа орхиод санаа амар явцгааж чадах уу. Түүнчлэн зайнаас ажиллах боломжгүй салбаруудын ажилтнуудыг яах вэ. Мэргэжил, чиг үүргийн онцлогоос шалтгаалаад зарим албан хаагч зайнаас буюу цахимаар ажиллах боломжгүй. Жишээ нь, төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг хэн, хэрхэн хийх вэ. Үйлчилгээний ажлыг хүний оролцоогүйгээр гүйцэтгэх хэмжээнд манай улс одоохондоо хөгжчихөөгүй байна. Дээрээс нь ажиллах хүчний нөөц, чадамж Монголд ямар билээ. Энэ мэтчилэн наад захын тулгамдсан асуудлуудыг шийдэж, тодорхой зохицуулалт хийгээгүй байж төрийн албан хаагчдад цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь улсаа хорлож байгаагаас ер ялгаагүй.
Орлуулах, эсвэл зайнаас ажиллуулах боломжгүй салбарын албан хаагчдад чөлөө олгохгүй гэвэл энэ нь мөн л тэгш бус хэрэг болно. Өөрөөр хэлбэл, эрхэлдэг ажлаасаа хамаараад зарим нь тав хүртэлх хоногийн чөлөө авч, өвдсөн хүүхдээ асрах онцгой эрх эдэлж байхад нөгөө хэсэг нь төрийн бодлогогүй, зохицуулалтгүй байдал, мэргэжлийн онцлогоосоо хамаараад ингэж чадахгүй байна гэдэг нь тогтолцооны гажуудал юм. Ийм тохиолдолд энэ нь зайнаас ажиллах боломжтой “цагаан захтнууд”-д л давуу тал олгосон тэгш бус шийдвэр болно. Ингээд харвал ханиад, томууны улиралд төрийн албан хаагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр нь аль ч талаасаа алдаа завхрал болж байна.
Гадаадын улс орнуудад “томуугийн улирал” гэж тусгайлан хугацаа зааж, зөвхөн төрийн албан хаагчдад богино хугацааны цалинтай чөлөө олгодог зохицуулалт хэрэгжүүлдэг жишиг алга. Ихэнхдээ үүнийг хүүхэд, өвчтөн асрах хууль ёсны эрх, үүргийн хүрээнд шийддэг байна. Хууль, журмын буюу илүү өргөн хүрээнд системтэйгээр зохицуулдаг гэсэн үг. Германд гэхэд эцэг, эхчүүд ханиад туссан, эсвэл өвдсөн хүүхдээ (12 хүртэлх насны) гэрээр асрах шаардлагатай бол хүүхэд бүрийн тоогоор жилд ажлын 10-30 хоногийн цалинтай чөлөө авах хууль ёсны эрхтэй. Францад хүүхэд асрахад зориулж жилд дунджаар 3-7 хоногийн чөлөө олгох зохицуулалттай ч ихэнх тохиолдолд улсаас цалин олгодоггүй, хөдөлмөрийн гэрээний хүрээнд шийддэг гэнэ.
Дэлхий нийтийн жишгээс харахад ажилтан, албан хаагчдыг төр, хувийн хэвшлийнх гэж ялгалгүй, нийгмийн хамгааллын бодлого, хуулийн хүрээнд ижил тэгш боломж олгож байна. Харин манай улсын хувьд “цалинтай чөлөө”-ний шийдвэрийг төсвийн байгууллагуудад шууд тушаал болгон хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхэнд уриалах хэлбэрээр зохицуулж байгаа нь гол ялгаа юм. Монголд өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хуулиар төрийн албан хаагчид хувийн чөлөө авах, гэрээс болон зайнаас, эсвэл уян хатан цагаар ажиллах зохицуулалттай. Түүнчлэн ажилтан өөрөө өвдсөн, эсвэл өвчтэй хүүхдээ сахисан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу эмчийн магадалгаагаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болно. Ингэхдээ тодорхой бичиг баримтуудыг баталгаа болгож бүрдүүлэхийг шаарддаг. Харин Засгийн газар эдгээр зохицуулалтыг “хойш тавьж”, түр журам гаргаснаа “Томуугийн оргил үед эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, ажилтны орлогыг хамгаалах зорилготой” хэмээж буй. Гэхдээ үүнийг өргөн агуулгаар нь харвал иргэдийн орлогын эх үүсвэрийг эрсдэлд оруулж, эдийн засгаа хөлдөө чирэх аюултай.
Системийг урвуулах буюу аливаа шийдвэрийг гуйвуулан ашиглах явдал манай улсад аль ч салбарт түгээмэл байдаг. Энэ “зүй тогтлоор”, Засгийн газрын шийдвэрийн урвуулан ашиглаж, хуурамчаар чөлөө авах явдал ханиад, томууны улиралд төрийн албан хаагчдын дунд дэлгэрч болзошгүй. Цалинтай чөлөө авахын тулд эмнэлгээс хуурамч тодорхойлолт, магадалгаа бичүүлэх хүмүүс 213 мянган төрийн албан хаагчдын дунд захаас аван бий гэдэгт отгхон ч эргэлзээ төрөхгүй байна. Энэ бол Засгийн газрын шийдвэрийн бодитой бөгөөд хамгийн наад захын эрсдэл. Хэр их хүн хийдэл үүсгэж, чөлөө аван, сул цалин бодуулна, тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашиг алдагдана.
Монгол Улсад төрийн албан хаагчдын дундаж цалин 2.9 сая төгрөг гэж тооцвол нэг өдрийн бүтээмжийн үнэлгээ нь ойролцоогоор 134 мянган төгрөг болно. Энэ өвөл багадаа 10 мянган албан хаагч тус бүр тав хоногийн чөлөө авлаа гэж бодвол зөвхөн цалингийн зардлаар 6.7 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ. Үүнийг бүтээмжээс үүдэлтэй шууд хохирол гэдэг. Цаана нь төрийн үйлчилгээний саатал, орлон ажиллагсдын ачаалал нэмэгдэх, үйлдвэрлэл, борлуулалт буурснаас улбаатайгаар бизнесийн эргэлт удаашрах зэрэг шууд бус эдийн засгийн хохирлууд бий. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал юу билээ, зунжин зугаалж, намаржин найрласан монголчууд бүтээн байгуулалт, зам, дэд бүтэц, барилгын ажил зогсдог хөхөө өвлийн хүйтнийг хэрхэн давдаг вэ гээд бодвол тав хоногийн цалинтай чөлөө олгох нь одоохондоо бидэнд тансаглал гэлтэй. Тэгээд ч ханиад, томууны оргил үе гэж чилийсэн урт хугацаа бий шүү дээ.
Засгийн газар ийм халамжийн бодлого хэрэгжүүлэхийн оронд ханиад, халдварын суурь шалтгаануудтай тэмцэж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Эсвэл хатуу чанд хяналт бүхий тусгай зохицуулалт, менежменттэйгээр үүнийгээ хэрэгжүүлээсэй.
Н.Мишээл