Хүмүүс олон жил ургуулсан үсээ тайруулахдаа ихэвчлэн хаядаг. Харин зарим нь хорт хавдрын улмаас үсгүй болсон хүүхдүүдэд хиймэл үс хийж өгөхөөр хандивладаг байна. Үс хандивлах сайн дурын энэ хөдөлгөөн Япон, БНСУ-д түгээмэл дэлгэрсэн аж. Ингэхдээ хүнд өвчтэй бяцхан хүүхдүүдэд хиймэл үс үнэ төлбөргүй хийж өгдөг гэнэ. Тухайлбал, Японы JHD&C байгууллага 31, БНСУ-ын “Омона” хөдөлгөөн 25 см-ээс урт үс хүлээн авдаг аж. Хандивын үсийг тусгайлан боловсруулж, хиймэл үс хийхэд ашиглах бөгөөд уртын шаардлага хангасан тохиолдолд будаг, химитэй, эсэхийг харгалзахгүй авах байгууллага ч бий.
Энэхүү сайн үйлсэд монголчууд ч нэгдэж, үсээ гадаадын байгууллагуудад илгээх болжээ. Хандивлагчид үсээ тухайн байгууллагын шаардлагад нийцүүлэн ургуулж, шуудангаар явуулахын зэрэгцээ гадаад улсад зорчихдоо хандив хүлээн авах цэгт нь биечлэн хүргэж өгдөг гэнэ. Үсээ хандивлахын өмнө сайтар угааж, бүрэн хатаах шаардлагатай. Дараа нь хэд хэдэн хэсэгт хуваан боож тайраад, чийг нэвтрэхгүй уутанд савлан, хүлээн авах байгууллагын зааврын дагуу илгээдэг байна.
У.Сүрэн