Монголын түүх, соёлтой холбоотой архивын баримт, эх сурвалжийг судлах чиглэлээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Бельги улсын Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төв (KADOC)-ийнхөнтэй хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Лёвен хотод ажиллаж, KADOC төвийн захирал, профессор Йорис Колла болон Гүйцэтгэх зөвлөлийн дарга, профессор Барт Раймакерс нартай уулзсан байна. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүхтэй холбоотой архивын материалыг судлах талаар санал солилцжээ.
Мөн тус төвийн архивт хадгалж буй нэрт монголч эрдэмтэн Антон Мостарт болон манай оронд ажиллаж, амьдарч байсан католик шашны санваартнуудтай холбоотой гар бичмэл, газрын зураг, гэрэл зураг зэрэг түүхэн баримттай танилцсан юм. KADOC нь шашин, соёл, нийгмийн түүхтэй холбоотой баримт, эх сурвалжийг цуглуулж, хадгалан, судалдаг байгууллага бөгөөд архивын сангийнх нь тавиурын нийт урт 40 гаруй километрт хүрдэг аж.
Хамтын ажиллагааны хүрээнд Монголтой холбоотой архивын эх сурвалжийг нарийвчлан судлах, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачийг урт хугацаагаар ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн манайд ажиллаж байсан шашны санваартнуудын үлдээсэн түүх, соёлын өвийг судалж, эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх, цахим архив бүрдүүлэхээр болсон байна.