Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбар дахь өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах зорилгоор “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” болон Диспетчерийн үндэсний төвд ажиллаж, улсын төсөв, Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн явцыг хянаж, нэмэлт үүрэг өглөө.
Манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1905 МВт бол төвийн бүсийн хэрэглээ 1797 МВт. Тэгвэл 2026-2027 оны өвлийн их ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт-д хүрэх төлөвтэй бөгөөд энэ зөрүүг БНХАУ-аас болон шинээр ашиглалтад оруулах 700 МВт-ын, Сүхбаатарын ДЦС-аас хангахаар төлөвлөснийг Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням хэлэв.
Ерөнхий сайд “Цахилгаан станцуудын үндсэн тоноглолыг нэн яаралтай засахад зориулж Засгийн газрын нөөцөөс 5.4 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл үүслээ. Энэ өвөл ийм нөхцөл байдал гаргахгүйн төлөө хичээн ажиллах хэрэгтэй. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн эрчим хүчний эх үүсвэрийг боломжит бүх хувилбараар нэмэгдүүлэх чиглэлд анхаарна” гэлээ.
“Дулааны III цахилгаан станц”-ын долоо, есдүгээр турбогенераторын шинэчлэлд 90 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин дөрөв, наймдугаар зуухны халах гадаргууг шинэчлэх ажлыг Засгийн газрын нөөц сангийн 2.1 тэрбум төгрөгөөр хийж, бүрэн дуусгасан гэнэ. Үлдсэн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, долоодугаар турбогенераторыг ирэх сард багтаан ашиглалтад оруулах, есдүгээрхийг нь ирэх оны эхний улиралд дуусгахыг үүрэг болгов. Харин “Дулааны IV цахилгаан станц”-ынхан Засгийн газрын нөөц сангийн 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гуравдугаар зуухны халах гадаргуугаа бүрэн шинэчилж, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ. Цаашид 89 МВт-ын өргөтгөлийн барилгынхаа ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах аж. Үүнд зориулж Хөгжлийн банкнаас олгосон 253 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөх хугацааг хойшлуулахад дэмжлэг үзүүлэхийг тус станцын удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.
Ташрамд дурдахад, “Дарханы дулааны цахилгаан станц”-д өнгөрсөн сарын 29-нд техникийн гэмтэл гарсантай холбоотойгоор Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн бямба гарагт Дархан-Уул аймагт ажиллалаа. Урьдчилсан дүгнэлтээр станцын хуваарилах байгууламжид гэмтэл үүссэнээс гал гарах нөхцөл бүрджээ. Тус станцын инженер, техникийн мэргэжилтнүүд гэмтэл гарсан хэсгийн тоноглолыг тусгаарласнаар төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл нийлүүлж, цахилгаан, дулааны хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн байна. Дахин ийм эрсдэл гаргахгүйн тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг худалдан авах үнийн судалгааг нэгтгэн танилцуулахыг Шадар сайд холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Ж.Сувд