Өмнөд Америкийн Боливи улсын Андын нурууны зүүн бэлд орших Юнгасын үүлт ойгоос шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй зэрлэг муурын шинэ зүйл илрүүлжээ. Leopardus tilcayo хэмээн нэрлэсэн уг амьтан нь 1923 онд Уругвайн пампас муурыг тодорхойлсноос хойш шинжлэх ухаанд шинээр тэмдэглэсэн анхны муурын зүйл болж байна.
Нутгийн иргэдийн Тилкае хэмээн нэрлэдэг эл муур нь цайвар хүрэн зүстэй, биеэрээ жигд бус дугуй толботой. Биеийн урт нь сүүлгүйгээр 46 орчим сантиметр, жин нь 1.4 килограмм хүрдэг тул нас бие гүйцсэн ч гэрийн муураас жижиг байдгаараа онцлогтой юм.
Эл судалгаа 2017 оноос эхлэлтэй аж. Тухайн үед нутгийн нэгэн айлд тэжээж байсан уг муурыг “Сэнда Верде” зэрлэг амьтдын асрамжийн газарт авчирсан байна. Судлаач Паола Ногалес-Аскаррунс амьтны гадаад төрх, биеийн онцлогийг ажиглаад өмнө нь тэмдэглэсэн муурын зүйлүүдээс өөр байгааг анзаарчээ. Улмаар генетикийн шинжилгээгээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн бусад муураас ялгаатай болохыг нь тогтоосон гэнэ. Гэвч эрдэмтэд уг амьтны тархац нутаг, байгаль дахь тоо толгой, амьдралын хэв маягийн талаар одоогоор хангалттай мэдээлэл цуглуулж амжаагүй аж. Юнгасын ой нь газар тариалан, уул уурхай, түймрийн нөлөөнд ихээр өртдөг тул энэхүү шинэ зүйлийг хамгаалах шаардлагатайг судлаачид онцолжээ.