Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа. Харин Монгол Улсын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар ахиулж, 6.6 хувьд хүргээд байна.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банк өмнөх тайландаа дурджээ. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар зургаан хувийг давах төлөвтэй байна. Үүнд “Оюу Толгой”-ийн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байгааг тодотгов.
“Монгол Улсад инфляц үргэлжлэн эрчимжих төлөвтэй байна. Тухайлбал: цаг агаарын нөхцөл байдал хөдөө аж ахуй болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, хүнсний нийлүүлэлт буурснаар үнийг хөөрөгдөнө” гэж Дэлхийн банк тайланд онцолжээ.Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн төлөвийг ерөнхийд нь авч үзвэл богино хугацааны өсөлт ажиглагдах ч өмнөх стандартуудтай харьцуулахад тааруу байх төлөвтэй байна гэж үзсэн байна.
Эх сурвалж: Дэлхийн банк