Өмнөд хөршид ирэх сарын 7-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээн эхэлнэ. Шанхайд тав хоног үргэлжлэх тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шатрын багийг бүрдүүлэх зорилгоор тамирчдын сонгон шалгаруулалтыг Монголын шатрын холбоо болон “ABChess” шатрын академи хамтран зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 2000-аас дээш онооны чансаатай 14, эмэгтэйчүүдийнхэд 1800-аас дээш чансаатай 12 шилдэг тамирчин оролцов.
Тэдний дунд Үндэсний шигшээ багийн тамирчид болох Их мастер С.Билгүүн, Олон улсын их мастер Х.Итгэлт, Б.Мөнгөнтуул, Их мастер Т.Мөнхзул, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан болон нийт 23 олон улсын цолтой шатар чин багтсан. Тэд эрэгтэй хоёр, эмэгтэй нэг эрхийн төлөө өрсөлдсөн юм. Швейцарь системээр долоон өрөг тоглоход эрэгтэйчүүдээс Их мастер С.Билгүүн, “Гэгээн арвай” клубийн тамирчин Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул нар түрүүлснээр дээрх багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцох нь. БНХАУ-д гурав дахь удаагаа болох эл тэмцээнд улс бүрийн шигшээ багийн шилдэг тамирчид оюунаа сорьдог онцлогтой. Тэмцээнд оролцохоор шалгарсан багийн бүх зардлыг зохион байгуулагч орон хариуцах юм.