Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргажээ. Уг үнэлгээгээр орон нутгийн 10 аймгийн 3789, нийслэлийн долоон дүүргийн 1216 буюу улсын хэмжээнд нийт 5005 айл өрх шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сард агаарын температур огцом дулаарч, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Хаврын шар усны үерийн аюулд өртөх эмзэг байдлын ерөнхий үнэлгээгээр улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумаас зургаа нь маш их, 20 нь их, 92 нь дунд эрсдэлтэй гэсэн ангилалд багтжээ. Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан маш их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд шар усны үерээс урьдчилан сэргийлж, далан шуудуугаа цэвэрлэн, аюулгүй бүсэд суурьших зэргээр бэлтгэлээ хангахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Э.Сондор